“Ц.Энхбаяр ГССҮТ-ийг балласан”

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

“Ц.Энхбаяр ГССҮТ-ийг балласан”

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт дөрөвдүгээр сарын 22-нд явагдахаар болжээ. Эрүүл мэндийн яамнаас өмнөх ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг халж, А.Мөнхтайваныг сонгох тушаал гарсан. Гэсэн ч Ц.Энхбаяр хууль бус гэж ажлаа хүлээлгэн өгөөгүй. Улмаар А.Мөнхтайван ГССҮТ-ийн даргаас хувийн шалтгаанаар нэрээ татсанаар тус эмнэлэг тогтсон удирдлагагүй болсон билээ. Ингээд  ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Бүргэдтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтыг дахин зарласан гэсэн мэдээлэл байна. Хэзээ тодрох юм бол?

-Төрийн албаны зөвлөлөөс дахин сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 22-ны явуулахаар болсон. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон  сонгон шалгаруулах комисс  дөрөвдүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авах юм гэсэн.

-Өмнөх ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаяр ажлаа хүлээлгэн өгсөн юм болов уу? Даргын ажлаа хүлээлгэн өгөхгүй гэж шүүхэд хандана гэж байсан шүү дээ.

-Ажлаа хүлээлгэн өгөх байлгүй дээ. Ажлаас халагдсан гээд зургаан сарын тэтгэмж авсан. Ямар учир шалтгаан байдгийг мэдэхгүй юм. ГССҮТ-ийн эмч, доктор, профессорууд ажлаас халагдахад юу ч өгөөгүй. Харин сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүн ажлаас гарахад зургаан сарын тэтгэмж өгөх юм. Шударга зүйл байдаг бол арай ингэмээргүй санагдах юм. Ц.Энхбаяр ажлаа хүлээлгэн өгөхгүй хэл ам хийсээр байгаад даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүний нэрийг татуулчихлаа гэж ойлгож байна.

-Одоо танай эмнэлгийн даргаар хэн ажиллаж байгаа вэ?

– ГГСҮТ-ийн Насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар эмч ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч албыг хашиж байна. Ц.Энхбаяр ГССҮТ-д даргаар ирээд энэ эмнэлгийг хөл толгойг нь мэдэгдэхгүй болгочихлоо. Үнэхээр хэвийн явагдаж байсан үйл ажиллагааг тасалдуулж, “баллаж” орхилоо. Хариуцлага тооцдог тогтолцоо байдаг бол тооцмоор юм. Гэтэл харин тэтгэмж өгдөг нь үнэхээр ойлгомжгүй, шударга бус байна. Манай ажлаас халагдсан эмч нар шууд л “гудманд” гарсан шүү дээ.

-Ц.Энхбаяр даргын үүрэг гүйцэтгэгч болсны дараа хэдэн хүн ажлаасаа халагдсан юм бэ? 

-Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө 22 хүн халагдсан байдаг. 17 нь манай эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар байсан.  Одоо эмнэлгийн эмч нарын зэрэглэл тун бага байгаа. Манай эмнэлэгт боловсон хүчин дутагдаж, эмч мэргэжилтэнгүй гамшгийн хэмжээнд ажиллаж байна шүү дээ. Сайн эмч нар үнэхээр дутагдаж байна. Нарийн мэргэжлийн эмч нараа буцаан ажилд нь авахаар ГССҮТ-ийн ажилчид 100 хувь гарын үсэг зураад Эрүүл мэндийн яаманд санал хүргүүлсэн байгаа. Хэрхэн шийдэх юм бүү мэд.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж