Татвар нэмэгдсэн ч шатахууны үнэ өсөхгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Татвар нэмэгдсэн ч шатахууны үнэ өсөхгүй

ОХУ нефьтийн экспортын татвараа тонн тутамд нь 15 хувиар нэмэх шийдвэрийг энэ сарын 1-нд гаргасан билээ. Ирэх сард дахин 15 хувиар нэмэх нь тодорхой болоод байгаа аж. Газрын тосны бүтээгдэхүүний 92 хувийг зөвхөн ОХУ-аас импортолдог манай улсын хувьд шатахууны үнэ өсөх нь гэсэн хардлага төрүүлж байгаа.
Шатахууны үнэ өсөх, эсэх талаар нефть импортлогч компаниудаас тодруулахад олонхи нь мэдэхгүй гэсэн хариуг өглөө. “Петровис” компанийн мэргэжилтэн “Ойрын өдрүүдэд шатахууны үнэ өсөхгүй. Гэхдээ ОХУ нефьтийн экспортын татвараа энэ сард нэмсэн. Ирэх сард ч нэмэх нь тодорхой байна. Үүнийг дагаад шатахууны үнэ өсөхөөс өөр аргагүй. Гэхдээ холбогдох байгууллагуудтай хэлэлцэж шийдвэрээ гаргана байх. Одоогоор тодорхой мэдэх зүйл алга” гэж хариулав. Холбогдох байгууллагууд гэдэг нь “Роснефть” компаниас шатахуун импортолдог монополь эрхтэй найман компани бололтой. Тэдгээр компанийн 1157 шатахуун түгээх станц жолооч нарт үйлчилдэг. Түүний 150 гаруй нь нийслэлд байдаг аж.

Шатахууны үнэ нэмэгдэх бүрт импортлогч компаниуд үгсэн хуйвалдсан байдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газрынхан илрүүлдэг. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ унасан үед “Өндөр үнэтэй авсан шатахуунаа борлуулсны дараа хямдруулна” гэж гүрийж байсан, импортлогчид.Харин “Роснефть” компани шатахууныхаа үнийг өсгөх, ОХУ экспортын татвараа нэмэхэд импортлогч компаниуд анаж байсан гэлтэй бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг. Үүнийгээ шатахууны нөөцгүйгээс өндөр үнээр шатахуун импортлоход хүрлээ гэж тайлбарладаг. Тэд энэ удаад ч “Хаврын ажил ид ундрах үеэр шатахууны үнэ нэмэхгүй ээ” гээд шуудхан хэлчихэж чадахгүй байна.
Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Ч.Амарсайханаас энэ талаар тодрууллаа.

-ОХУ нефтийн экспортын татвараа нэмсэн. Үүнтэй холбоотой шатахууны үнэ өснө гэдэг үнэн үү?

-Үгүй. Ямар ч байсан энэ сард шатахууны үнэ нэмэгдэхгүй нь тодорхой. Нефть импортлогч компаниудтай үнийг тогтвортой барих үүднээс өмнөх сарын сүүлчээр тохиролцоо хийдэг. Ирэх сард үнийг хэрхэх талаар энэ сарын сүүлчээр ярилцана гэсэн үг.

-Тэгвэл ирэх сард үнэ нэмэгдэж магадгүй гэсэн үг үү?

-ОХУ нефтийн экспортын татвараа ирэх сард нэмнэ гэсэн. Тиймээс шатахууны үнэ нэмэгдэх магадлалтай. Гэхдээ би аль болох шатахууны үнийг тогтвортой барих бодлого барьж байгаа. Сарын сүүлчээр энэ асуудал яригдана гэдгийг ойлгох хэрэгтэй гэв.

Б.Цэцэгдэлгэр.

Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж