“Баялгийг бид бүтээнэ”-д Ерөнхий сайд оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

“Баялгийг бид бүтээнэ”-д Ерөнхий сайд оролцоно

Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган иргэнийг ажилтай, орлоготой болгох зорилго дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийг дэвшүүлж, Хөдөлмөрийн яамнаас үндэсний мэргэжилтэй ажилтныг хоёр дахь жилдээ бэлтгэж байгаа юм.

Өнөө жилийн хувьд эхний ээлжинд 5220 суралцагч танхимын сургалтаа дуусгаж, дадлагын хичээлдээ ороход бэлэн болсон бол хоёрдугаар ээлжийн суралцагчид шалгарч хичээлдээ ороход бэлэн болжээ. Дээрх үйл явдалтай холбоотойгоор Хөдөлмөрийн яамнаас өнөөдөр 14.00 цагт “Баялгийг бид бүтээнэ” арга хэмжээг “Буянт-Ухаа” цогцолборт зохион байгуулах бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар оролцохоор болжээ.

Суралцагчдын хувьд хот, хөдөөгийн 57 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүдээр суралцаж байгаа юм байна. Тодруулбал, авто зам, барилга, уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэж байгаагийн зэрэгцээ ой хамгаалах болон нийслэлийг цэцэрлэгжүүлэх мэргэжилтэй ажилтнуудыг Ажил олгогчийн захиалгаар бэлтгэж буй аж.

Өнгөрсөн жилийн хувьд 6417 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдсэнээс 79 хувь нь ажлын байртай болсон судалгаа байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж