Зургаа, долоон жилийн өмнө Монголд тусгай зөвшөөрлийн наймаа ид цэцэглэж байв. Яг л бараа таваар шиг хил дамжуулан худалдаж, хэн нэгний тусгай бизнес болтлоо өргөжсөн. Монголын орд газруудын тусгай зөвшөөрлийг талх тариа шиг солилцдог байсан явдлыг таслан зогсоохоор хориг тавьсны ачаар таван мянга шахам байсан лицензийн тоо хоёр дахин болж буурсан билээ. Тухайн үед Ашигт малтмалын газрын Кадастрын албанд танилтай л бол тусгай зөвшөөрлийг төвөггүйхэн олчихдог, энэхүү хууль бус бизнесээр чамгүй хөлжсөн нөхдүүд одоо цөөнгүй. Монголын орд газруудын тусгай зөвшөөрлийг хил дамжуулан зарж асар их хөлжсөнөөрөө цууд гарсан нэгэн бүсгүй ч бий. Тэрбээр Бээжинд болсон эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 43 лиценз зарахаар авч очсон гэсэн яриа тэр үед шуугиан тарьж байлаа. Чухамдаа бол 2010 он хүртэл лиценз гэдэг тамгатай цаас хэдэн зуун саяар үнэлэгддэг байсан юм.
Хориг тавьснаас хойш тусгай зөвшөөрлийн замбараагүй наймаа цэгцэрч, өнөөдрийн байдлаар Монголын орны нийт газар нутгийн 16 хувийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэлдэг гэсэн тоон мэдээ байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хайгуулын лиценз 2253 ширхэг байна. Ашиглалтын лиценз 1255 байгаа аж. Шүүхээр шийдвэрлэж, хууль бусаар олгосон гэж үзсэн106 лиценз “олгосон лиценз” гэсэн ангилалд орж байгаа ажээ.
Эдийн засаг, нийгэмд сайн муу хоёр асуудал дагуулж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хоригийг цуцласнаар уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр өснө гэж салбарынхан найдлага тавьж буй юм. Хайгуулын лицензийн тоо буурахын хэрээр дагаад хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр унасан гэдгийг Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба хэлсэн. Тиймээс ирэх хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх нь уул уурхайн амин гол асуудал болчихоод байгааг сануулж байна.
Уурхайнхны сүүлчийн найдвар болсон Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, ирэх наадмаас өмнө ямар ч байсан баяртай мэдээ дуулгахаар УИХ-ын дарга З.Энхболд эдийн засгийн форумын үеэр амалсан юм. Өөрөөр хэлбэл, долдугаар сараас өмнө хаврын чуулганаар хэлэлцэн батлах хамгийн гол хуулийн нэг нь Ашигт малтмалын тухай хууль байх болно гэдгээ уул уурхайнханд амлаад буй. Зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөлд хориг тавьсан нь өрөөсгөл болсон гэсэн шүүмжлэлийг дагуулдаг Ашигт малтмалын тухай хуулийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх асуудлыг хөндсөн дөрвөн жилийн яриа энэ хаврын чуулганаар эцэслэгдэх болов уу гэсэн хүлээлт байна..
Геологийн судалгааны ажлыг хийхэд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанаас хамгийн багаар бодоход 15 жилээс өмнө хийсэн байх ёстой. Тэгж байж тухайн улс орон эрдэс баялгийнхаа стратегийг хадгалдаг, үнэ цэнэтэй байж чаддаг. Олон улсын шинжээчид Монголын эрдэс баялгийн нөөцийг 1.3 их наяд ам.доллараар үнэлдэг. Тэгвэл үүнийг цаашид нэмэгдүүлэх, баялгаа баталгаажүүлэх, үнэлгээг өсгөх баталгаа нь эрэл хайгуул. Алт, зэс, мөнгө, нүүрс шавхагдашгүй баялаг биш учраас баялгийнхаа хэмжээг нэмэгдүүлэхийн тулд байнгын эрэл хайгуул хийх ёстой. Өөрөөр хэлбэл, уул уурхайг хөгжлийн галт тэрэг гэж тодорхойлбол зүтгүүр нь геологи хайгуулын ажил гэдэг нь гарцаагүй. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосон хоригийг цуцаллаа гээд өмнөх шигээ замбараагүй бизнесийг дахин эхлүүлнэ гэсэн үг лавтай биш. Ашигт малтмалын хуулийг шинэчлэн батлах нь уул уурхайнхны уналтаас гарах сүүлчийн найдвар. Гол нь УИХ-ын дарга амалсан амлалтдаа хүрэх эсэхийг харах л үлдэж байна.