“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбаттай ярилцлаа.
-Гаалийн ерөнхий газар гэдэг их айл бусад агентлагтай харьцуулахад хамгийн их асуудал дагуулж, хүн бүр хүнд суртал, авлигад идэгдсэн хэмээн чичилдэг. Энэ байгууллагыг толгойлж байгаагийн хувьд хэрхэн дүгнэж хэлэх вэ?
-Гаалийн байгууллага нь нийгмийн аюулгүй байдал, улсын төсөв, санхүүтэй холбоотой онцгой ач холбогдолтой. Манай байгууллагыг нийгэмд сайн, сайхнаар хэлдэггүй гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ энэ нь зөвхөн гаальтай холбоотой юм биш.
-Дарга нь болохоор жаахан өмөөрөх хандлага гээд байна уу даа?
-Өмөөрөхдөө биш шүү. Нийгэм өөрөө сүүлийн 20 жил авлига, хүнд сурталд автагдах чиглэл рүү явлаа. Зөвхөн манай байгууллагынхан бус бүгдийнх нь сэтгэл зүйд шингэчихсэн. Нэг нь өгөөд, нөгөө нь аваад сурчихсан.
Хэсэг бүлэг хүн өгөх гээд байдаг, түүнийг нь авах гэж шунаад хүнд суртал гаргадаг тогтолцоотой болсон. Энэ замыг гаалийн байгууллага ч тойрч гарч чадаагүй.
2012 оны 12 дугаар сард гаалийн байгууллагын удирдлага солигдоод бид ирсэн. Энэ хугацаанд ямар байдлаар, хэрхэн ажиллах талаар судалгаа хийсэн. Ингээд үзэхэд боловсон хүчний хувьд багтаж ядсан, материаллаг бааз сайтай, Монголдоо орчин үеийн техник технологиор тоноглогдсон байсан.
Гэхдээ дэлхийн гаалийн байгууллага, конвенцид тавьдаг шаардлагуудыг амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байна.
Мэдээж үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. Үүнд удирдлагын арга барил, хууль эрх зүйн орчин, төсөв хөрөнгө, санхүүгийн асуудал гээд.
-Гэхдээ л нийгэм тийм байсан ч гаальчдын нэр хүнд бараг л хэлц үг шиг л хүнд суртал, авилга хоёртой хамт хэлэгддэг. Өөрчлөлтийн үр дүнд нэр цэвэр байж чадах болов уу?
-Манай байцаагчид бүгд бүрэн эрхтэй улсын байцаагч нар шүү дээ. Бусдын барааг саатуулах, хураах эрхтэй. Гэтэл нэг газар удаан ажиллахаар хүмүүс биенээ таньдаг болчихдог. Тэгээд ч иргэдийн зүгээс хэдхэн төгрөг өгөөд бараагаа оруулчихыг бодож мөнгө өгдөг тохиолдол бий.
Олон улсын Арушагийн тунхаглалд энэ ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлсэн хэд хэдэн заалт бий.
Тухайлбал, гаальчдыг хээл хахууль, авлигаас ангид байлгахын тулд сэлгэн ажиллуулах ёстой гэх зэргээр. 2008 онд батлагдсан Гаалийн тухай хуулийн 274.3-т хоёр жил тутамд сэлгэж ажиллуулж болно гэж заасан.
Гэтэл үүнийг бид олон жил тууштай хэрэгжүүлж чадаагүй. Нэг томилоод 5-10 жил мартчихдаг. Нөгөөдүүл нь шоовдорлогдчихсон, тэндээ байгаад, арын хаалга, танил талтай нь хот орчмоор, тав тухтай, өөрт хэрэгцээтэй газраа байгаад байсан.
Үүнийг бид эвдсэн. Алслагдсан газар удсан хүмүүсийнхээ өргөдлийг аваад, шууд татаж ирүүлсэн. Хот, Замын-Үүд, Сэлэнгэд удсан бол бүгдийг нь хөдөө явуулж байгаа. Одоогийн байдлаар 800-гаад хүнийг ингэж хөдөлгөсөн. Мэдээж ингэх нь их хэцүү. Тухайн айл гэрийн амьдралаас эхлээд асуудал зөндөө. Зарим нь өргөдөл гомдлоо өгдөг. Бид хэлэлцэж үзээд үнэхээрийн хүнд байгааг нь буцаагаад үлдээдэг.
-Хамгийн гол нь ингэж ажиллаад үр дүн гарах уу. Тэнд, энд ялгаагүй юм биш үү. Сурсан занг сураар боож болохгүй гэдэг дээ?
-Тэгж бодогдсон. Гэхдээ Замын-Үүдэд энэ оны хоёрдугаар сарын байдлаар ачаа, бараа эргэлт өмнөх жилийн тухайн үеийнхээс 15.7 хувь буурчихсан, хэрэг зөрчил илрүүлэлт 30, гаалийн орлого төвлөрүүлэлт нь найман хувиар тус тус нэмэгдсэн. Ингээд харахад юм орж ирэхгүй ч хэрэг зөрчил нэмэгдэж байгаа нь үр дүн гарч байгааг харуулж буй хэрэг.
Ер нь нийгмийн баталгаа сайжраад, эдийн засгийн чөлөөт байдалтай болж, хуулийн хариуцлагын өндөр тогтолцоотой болсон үед гаальчдын нэр цэвэр байна. Төр хийх зүйлээ хийчихвэл ердөө л 1.6 жилийн хугацаанд цэвэрхэн болно. Бохир хүмүүс өөрсдөө халагдаад л алга болно.
-Гаалийн байгууллагад ажилд орно гэдэг танил тал, хөрөнгө мөнгөгүй бол бүтддэггүй гэх нь бий?
-Тийм хар байсан. Одоо бол үгүй. Бид бүх асуудлыг Төрийн албаны шалгалтын зарчмаар зохион байгуулдаг. Тухайлбал энэ оны өмнө 460 гаруй хүн шалгалт өгснөөс 47 нь тэнцсэн. Тэд манай нөөц боловсон хүчин байж байгаад Засгийн газрын сэлгэн ажиллуулах тогтоолын дагуу Замын-Үүдэд томилогдон ажиллаж байна. Сая он гараад дахин 600 гаруй хүн шалгалт өгснөөс 100 гаруй нь тэнцсэн.
-Тэгвэл бас ч гэж арга барилаа өөрчлөөд л байгаа юм байна. Гэхдээ “дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн нь гүйдлээ олдоггүй” гэж үг бий. Түүн шиг дарга нарын буруугаас гаальчдын үйл ажиллагаа жигдрэхгүй байна гэх шүүмжлэл ч сонсогддог?
-Удирдлагын арга барил бол тухайн байгууллагад агуу том асуудал байдаг. Босоо тогтолцоотой тусгай албад бол ихэнхдээ төвлөрсөн удирдлагатай. Хэрвээ энэ нь хэтэрчихвэл ганц, хоёрхон хүний шийдвэр болоод явчихдаг.
Тиймээс үүнийг халж, багийн шинжтэй болгохоор зорьсон. Өөрөөр хэлбэл удирдлагын баг бүрдүүлж, шийдвэрээ хамтаараа гаргаж, хариуцлагаа ч хамт хүлээдэг болъё гээд өнгөрсөн жилээс бүрдүүлсэн. Манай дарга нар маш сайн ажиллаж байгаа. Яагаад гэвэл хамтдаа бид юуны төлөө зорьж байгаагаа тодорхойлоод, дүгнэлтээ гаргасан. Тэгэхэд системийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, ГЕГ-т газрын дарга байсан хүнийг Замын-Үүдийн гаалийн даргаар томилоод, удирдлагын багаа сонгоод яв гэдэг үүрэг өгөөд явуулсан. Хамт ажиллаж чадахгүй, санаа нийлэхгүй гэдэг асуудал ярьж, цаг алдахгүйн тулд багийг нь буюу орлогч нарыг нь өөрөөр нь сонгуулаад явуулсан. Одоо шинэчлэлийн ажил нь хийгдэж байна.
-Гаалийн хяналт шалгалтад өөрчлөлт орох боломж хэр вэ. Үргэлж л бусдын барааг задлаж, хэл аманд өртддөг шүү дээ?
-Гаалийн хяналтад эрсдлийн удирдлага нэвтрүүлэх гэж байдаг. Энэ нь үндсэндээ бүх хүний барааг шалгахгүй, тэдгээрээс сонголт хийж, нарийвчлан шалгадаг юм. Ямар нэгэн байдлаар мэдэгдсэн, өмнө нь хууль зөрчиж байсан, сэжигтэй хүнээ онцолдог гэсэн үг. Үүнийг 5-6 жил ярьж байна. Дорвитой амжилтад ч хүрээгүй. Энэ жилээс олон улсын түвшинд хүртэл хийе гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хил дээр 70-80 хувь нь шалгагдахгүй. Бусад тохиолдолд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг бэхжүүлэх юм. Тухайн иргэн, аж ахуйн нэгж бүрдүүлэлтээ автоматжуулсан байдлаар хийгээд өгчихнө. Дараа нь бүрдүүлэлтийн дараах шалгалтын багийнхан очоод шалгачихна. Хэрвээ тэр үедээ худал бүрдүүлэлт хийсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээж, торгуулиа төл гэдэг зарчмаар ажиллана.
-Машин өшиглөх, гаальтай машин зэрэг тусгай маягийн үйлчилгээ маш олон жил бугшмал байдалтайгаар оршин тогтнож байна. Нэгэнт байцаагч нарынхаа нийгмийн асуудлыг бүрэн шийдэж чадахгүй болохоор мэдсэн ч мэдээгүй царайлсаар өнөөг хүргэчихэв үү?
-Үе үеийн дарга нар үүнийг үгүй хийхийг хичээж ирсэн. Мэдээж төрийн өмнө үүрэг хүлээсэн хүний хариуцлага өндөрсдөг. Ингэж боддоггүй хүн гэж байхгүй биз.
Үүнийг хэн нэгэн тушаал, журам гаргаад ганц хүний хүсэл зоригоор “боль” гэхээр больчихдог, шийдчихдэг юм биш. Ганц гаалийнхан бус нийгмийн бүх салбарынхан, мэргэжлийн бүх хяналтын байгууллагын хүмүүс хутгалдаад орчихсон. Төрийн хүчний байгууллагынхан, орон нутгийн Засаг захиргааны удирдлагууд ч оролцдог байсан. Одоо ч байгаа. Гэхдээ бага багаар устаж байна.
Авилга, арын хаалга гэдэг асуудал хүн байгаа цагт хэзээ ч устахгүй. Харин цэцэглэдэг, дарагддаг үе л гэж бий. Одоо бол манайд дарагдах хандлага руугаа орж байна. Нэг үе төртэйгээ нийлээд л цөлмөж болох бүхнийг цөлмөсөн.
-Таны ярианаас Гаалийн тухай хуулиа их хүлээдэг бололтой юм аа?
-Бид бүтэн жил “ноцолдож” байна. Гаалийн тухай хуулийг хүн бүрээс батлаад өгөөч гэж гуйдаг. Гэхдээ энэ хуулийг сайн, муу олон талаас нь харж, тооцохгүй бол сэдэл нь сайн байгаад муу үр дагавар дагуулах вий гэж бас бодож байгаа. Учиргүй сайхан зүйл бодож байгаад хэрэгжилтийн явцад төсвийн орлогоо, гааль гэдэг мөн чанараа алдчих вий гэдэг санаа шүү дээ.
Хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд гаалийн тоног төхөөрөмжийг маш хурдтайгаар сайжруулж, гаальчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгч чадах уу гэх зэргээр анхаарах хэрэгтэй. Эдгээр чинь цогцоороо байсан цагт л зөв голдиролоор явна. Түүнээс биш ганц Ганбат, Гаалийн тухай хууль хоёр байлаа гээд бүтэхгүй.
-Төсөв бүрдүүлдэг байгууллага хэрнээ өөрсдөө нөхцөл боломж муутай бол хэцүүдэнэ шүү?
-Санхүү, хөрөнгө мөнгө, төсвийн тал дээр яривал их юм бий. Манай байгууллага улсын төсвөөс ганц мөнгө илүү зарах эрхгүй. Улсын хэмжээнд эдийн засаг хүнд байгаа учраас нийтээрээ төсөв хасагдчихдаг. Гэтэл зөвхөн манай байгууллагад л гэхэд машингүй дарга, шатахуунгүй машинтай дарга байж л байна.
Ийм байхад тэр хүнийг яаж төрийн амьсгалах мөнгийг олж ир гэж явуулах болж байна. Өөрөөр хэлбэл нөхцөлийг нь хангалгүй ажил хий гээд явуулж байгаа биз дээ. Өөрсдөө буруу зүйл рүү нь түлхээд байна уу гэсэн бодол төрсөн. Тиймээс ч би үүнд нэлээд хатуу байр суурьтай байдаг. Харин Сангийн яамнаас ойлгоод бидэнд аль болох тус дэм болж, сайд багцаасаа зөвхөн гаалийн үйл ажиллагаанд зориулж дэмжлэг үзүүлэхээр болсон.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин