&#34Улсын байцаагчид шүдгүй арслан шиг болсон&#34

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

&#34Улсын байцаагчид шүдгүй арслан шиг болсон&#34

Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Д.Батмөнхтэй тус байгууллагад хийгдэж буй  шинэтгэл, иргэний  байгууллагын оролцоо болон түүнд өөрт нь тохиолдсон зарим үйл явдлын талаар нээлттэй  ярилцлаа.

-Мэргэжлийн хяналтын өнөөгийн нэгдсэн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх нь зайлшгүй зүйл үү?

-Мэргэжлийн хяналтын байгууллагын өнөөгийн нэгдсэн бүтцийг өөрчлөх нь зайлшгүй асуудал уу, энэ бүтцээрээ явах нь зүйтэй юү гэдгийг бид судалж үзсэн л дээ.  Анх 2003 онд мэргэжлийн хяналтын байгууллагыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлсэн. Ингэхдээ бүх яамдад байсан хяналтыг бүгдийг нь нэгтэгчихсэн. Учир дутагдалтай л асуудал болсон. Хэрэгтэй, хэрэггүй баахан хяналтыг нэгтэгсэн. Тухайлбал, ахуйн үйлчилгээний хяналт, аялал жуулчиллын хяналт, худалдааны, зочид буудлын  хяналт гээд л байж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, зах зээлийн зохицуулалтаар, өөрсөддөө хяналтаа тавиад явах боломжтой зүйл дээр нь төр  хяналт тавих  шаардлагагүй байхгүй юу. Тиймээс одоо энд нэгтгээд байгаа тэр олон хяналтыг яам, агентлаг, мэргэжлийн холбоод руу нь өгөх хэрэгтэй гэж бид үзсэн.  Ийм олон хяналтууд нэг дор бөөнгөрсөн ч гэсэн тэр болгонд нэгдсэн зохион байгуулалтанд орж чадахгүй байна. Тодорхой хэлэх юм бол, мэргэжлийн онцлогтоо явцуурах, хяналтыг өмчлөх хандлагатай болоод байгаа юм. Тийм учраас төрөөс зайлшгүй хийх хяналт нь юу юм, яам, агентлаг, мэргэжлийн холбоодын хийх хяналтыг мэргэжлийн  хяналтын байгууллага хийх үү, үгүй юү гэдгийг бодох ёстой. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацааны ажлын гүйцэтгэл, тайлан тооцоог харахад бас нэгийг бодож, хоёрыг тунгаах зүйл их байгаа юм.

-Тухайлбал юу байна?

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 600 объектод хийнэ гээд өнгөрсөн онд зарлаад хийсэн байхад төлөвлөгөөт бус хяналт, шалгалт нь 11182 болж байлаа. Энэ нь эргээд байгууллагын ажлын ачааллыг нэмэгдүүлдэг. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломж олгодоггүй байжээ. Жишээ нь, СӨХ-ны дарга, хорооны цагдаа, хорооны нийгмийн ажилтан, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн хийх ажлыг мэргэжлийн хяналт руу өгөөд байсан байна. Ийм нөхцөлд үргүй зардал гарахаас эхлээд сөрөг үр дагавар их. Эрсдэлд суурилсан, эгзэгтэй цэгээ онилсон, оновчтой хяналтын систем, тогтолцоог бий болгох нь илүү хэрэгтэй юм гэдгийг олж харсаны үндсэн дээр л шинэчлэлийн бодлогыг хийж хэрэгжүүлэх гээд зориод байгаа юм. Ерөнхийлөгчийн ярьсан том төрөөс ухаалаг төр рүү гэдгийг бид салбартаа мэргэшсэн улсын байцаагчдаар шалгалтыг оновчтой хийлгэх гэж ойлгож байгаа. Гэхдээ төр бүхнийг хянах боломжгүй л дээ.  Иймээс төр, иргэний байгууллагын түншлэл дээр хяналтын зөв механизмыг бий болгоно. Засгийн газрын 311 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолоор аж ахуйн нэгжүүд хүртэл өөрсдийн дотоод хяналтын механизмыг бүрдүүлж ажиллах  ёстой.

-Хяналтын ямар хэсгийг нь төрд үлдээж болох вэ?

-Ерөнхийдөө хуулийн шинэ концепци маань хүний аюулгүй байдал руу илүү чиглэж байна. Тиймээс төр нь хүний аюулгүй байдлаа л анхааръя, зах зээл рүү ордогоо болъё гэж байгаа юм. Тухайлбал, Уул уурхайн яаманд гэхэд мэргэжлийн хяналтыг нь өгье гэж байна. Ашигт малтмалын нөөцийн асуудлыг яам нь хянадаг байх нь зөв. Энэ яам ашигт малтмалын нөөц дээр тулгуурлаад  бодлогоо барьж яваа шүү дээ. Харин уул уурхайгаас үүдсэн байгаль орчин, эрүүл ахуйн нөхцөлийг нь мэргэжлийн хяналтын байгууллага хянадаг байхаар зохицуулъя гэж байна. Тэгвэл боловсролын асуудлыг заавал мэргэжлийн хяналтын байгууллага хянах шаардлагагүй. Яам нь стандартын дагуу удирдаж, хянах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн яам бодлоготойгоо уялдуулж хянадаг байх нь чухал юм.

-Иргэний байгууллагуудад хяналтын үүрэг оногдуулна гэвэл өнөөдөр шалгуур даах байгууллага олон бий юү?

-Иргэний байгууллагууд дотор байр сууриа олж бэхэжсэн нь алга байна.  Яахав, хөгжлийн явцад тодорхой шатанд хүрч л байгаа байх. Гэхдээ мэргэжлийн нарийн хяналт тавиад, үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хариуцаад  явах эрх зүйн чадамжийн хувьд  дутуу зүйл бий. Тиймээс мэргэжлийн хяналтын ажлыг шууд хариуцуулчих боломжгүй байгаа юм. Харин төр, иргэний байгууллагын түншлэлийн үндсэн дээр харилцан уялдаатай, хамтарсан байдлаар хяналтыг хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй болно.  Үнэхээр байр сууриа олоод, судалгаа шинжилгээгээ бие даан хийдэг, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн иргэний ниймгийн байгууллага байх юм бол тэднийг бие даалгаад, хараат бусаар хяналт тавиулж ажиллахад болохгүй зүйл байхгүй.

-Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын акт, дүгнэлтүүд нь хууль хяналтын байгууллагад очихоороо хүчгүйддэг тохиолдол нэлээд ажиглагддаг. Энэ гол нь юутай холбоотой вэ?

-Үнэхээр тийм байгаа юм. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч гэдэг албан тушаалтан өнөөдөр шүдгүй арслан шиг болчихоод байна. Нэг л их акт тавьдаг хүн байгаад байдаг. Хууль бус гэгддэг барилга байшинг нь лацаддаг, хаадаг боодог. Мөнгө ихтэй эрх мэдэлтнүүдтэй холбогдсон компаниуд нь үйл ажиллагаагаа маргаашаас нь үргэлжлүүлээд л явдаг. Үүнээс болоод эрдэнэт хүний амь нас үрэгдэх тохиолдол  гарч байлаа. Улсын байцаагчийн шийдвэрийн хэрэгжилт  үнэхээр сайнгүй байгаа. Сайжруулах  талаар бид нэлээд зүйл хийж байна. Цагдаа, шүүхийн байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөө, тушаал шийдвэрүүдээ эргэж харж янзлах ажлын хэсэг гараад явж байна. Улсын байцаагчийнхаа шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах гэж нэлээд хэдэн уулзалтуудыг ч хийлээ.

-Эрх зүйн зохицуулалт  тааруу байна уу?

-Тааруухан шүү. Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэл хийлгэх гэхээр шүүхийн процессийн хуулинд нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг хэрэгжүүлэх зүйл, заалт байхгүй учраас боломжгүй гэдэг. Гэтэл татварын улсын байцаагчийн шийдвэрийг шүүх хүлээж аваад гүйцэтгэл хийлгэдэг. Хөрөнгө мөнгө, төсвийн орлоготой  холбоотой байцаагчийн шийдвэрийг болохоор хэрэгжүүлдэг, хүний аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалтай холбогдсон актыг шийдвэрлэж өгдөггүй нь харамсалтай л байдаг юм. Гэтэл эрүүгийн болон иргэний хэргүүд дээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд, өндөр ач холбогдол өгч авч үздэг.  Тэгвэл, техникийн болон хөдөлмөрийн  аюулгүй байдал алдагдаж хүний амь нас үрэгдсэн тохиолдолд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шинжээчээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, тэдний дүгнэлтийг нотлох баримт мөн байна гээд шүүхийн шийдвэр гаргахад авч үзэж байгаа юм. Иймэрхүү өрөөсгөл байдлыг цаашид арилгах л хэрэгтэй байна. Тиймээс бид шүүүхийн процессийн хуульд нь энэ асуудлаар нэмэлт өөрчлөлт  оруулах саналаа хүргүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, прокурорын тухай хууль болон төрийн хяналт шалгалтын тухай хуульд ч мөн өөрчлөлтийн  саналаа өгсөн.

-Мэргэжлийн хяналтын хуулийн шинэчилсэн найруулга хаврын чуулганаар батлагдах боломжтой гэж та бодож байна уу?

-Боломжтой. Саяхан Шадар сайд Д.Тэрбишдагва хуулийн төслийг нь УИХ-ын даргад өргөн барьсан. Засгийн газрын хуралдаанаар урьд нь хоёр удаа хэлэлцэгдэж, нэр нь гурван удаа өөрчлөгдөөд байгаа. Одоо  Хяналтын тухай хууль гэсэн томъёоллоор хаврын чуулганд орох гэж байна.

-Сүүлийн хэдэн жил танайх АТГ-аас гаргадаг авлига, ашиг сонирхолын зөрчилд өртөмтгий байгууллагын жагсаалтын нэлээд  дээгүүрт бичигдэж байсан. Энэ үзүүлэлт буурах хандлага таньд ажиглагдаж байна уу?

-2013 оны байдлаар зургаагаас долдугаар байранд жагсаж  байсан. Энэ оны эхний улирлын байдлаас харахад тэрхүү “хар бүртгэл” гэдэгт нь ороогүй байна лээ. Авлига, ашиг сонирхолын зөрчлийг бууруулах боломжтой гэж бид үзэж байгаа. Авлигаас ангид байх, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хүнд суртал чирэгдэлгүй ажиллах сарын аяныг зохион байгууллаа. Сарын аян гэхээр тэгээд л орхидог гэж ойлгож болохгүй. Энэ бол цаашдаа хэвшүүлэх ажил  болж үргэлжилдэг байх ёстой юм. Шилдэг арга туршлагуудыг нэвтрүүлэх ажлын эхлэл болдог. Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх, ачааллыг тэнцвэржүүлэх, соён гэгээрүүлэх, сургах ажил хийж байна. Нээлттэй утас ч ажиллуулж байгаа. Энэ нэлээд үр дүн өгч байна. Саяхнаас Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт мэргэжлийн хяналтын 100 ажилтандаа 0,07 га газар олгохоор боллоо.

-Улсын байцаагч нартай холбоотой авлига, ашиг сонирхолын зөрчлийн мэдээллийг иргэд  утсаар өгдөг үү?

-Шинэ он гарснаас хойш улсын байцаагчтай холбоотой иргэдийн гомдол Засгийн газрын “11 11” төвийн утсаар ч, манай 1286 утсаар ч ирсэнгүй. Гэхдээ тайвширч болохгүй. Энэ үйл ажиллагаа тасралтгүй явж байх ёстой юм.

Аав Булганаас утасдаад зэмлэж байна лээ

-Таны талаар бусадтай зодолдсон, шөнийн цэнгээний газарт архидсан, гахайн өөх шахсан гэх мэт мэдээллүүд цацагдсан. Та ч хууль хяналтын байгууллагад хандана гэсэн. Хаана хандав?

-“Өдрийн сонины” тэр цуврал нийтлэлийн мөрөөр би Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл өгөөд байгаа. Надаас тийм ёс бус үйлдэл огт гараагүй гэдэг нь хэд хэдэн үндэслэлээр нотлогдож байгаа шүү дээ.  Тухайлбал, энэ оны 1 дүгээр сарын 5-нд Баянгол дүүрэгт байдаг “New Mass” клубт очоогүй. Тэгээд ч тэрхүү  шөнийн клуб нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд хотын ерөнхий менежер болон тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар хаагдчихсан газар байсан. Хаагдсан газарт би хэнтэйгээ зодоон хийх юм. Хоёрт гэхэд, надтай зодолдсон гэгдээд байгаа шөнийн клубын захирал Н.Баттөмөр гэдэг залуу нь 2014 оны 1 дүгээр сарын 3-нд Хонгконг руу явсан байсан нь гадаад паспортын тамга дардасаар нотлогдсон. Гуравт, бас гахайн өөхний асуудал хөндсөн  байсан.  Гэтэл шүлхийн улмаас ийм бүтээгдэхүүнийг Хятадаас импортоор оруулахыг хорьсон байлаа. Одоо харин хорио цээрийн дэглэм буурсан үед гахайн өөх чөлөөтэй орж ирнэ. Хятадын Хэүлэнжи мужийн гурван үйлдвэр Европын  стандартыг нэвтрүүлж, дэлхийн зургаан оронд гахайн мах, өөх нийлүүлж байгаа. Тухайн бүс нутагт  мал амьтны ямар нэг өвчин гарч, хорио цээр тогтоож байгаагүй юм билээ. Хүнсний аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэн өндөр зэрэглэлээр  гаргадаг ийм үйлдвэрийн бүтээгдэхүүнийг  манай улсад оруулахаар болж байгаа. Гэтэл баахан гүтгэлгийн чанартай юм бичсэнд нь харамсаж л байна.

-Гүтгэлэг юм бол Захиргааны хэргийн шүүх биш, харин эрүү, иргэний хэргийн аль нэгээр шалгаж шийдүүлэхгүй байсан юм уу?

-Манай хуулийн мэргэжилтэн “Мэргэжлийн хяналтын байгууллага, түүний удирдах ажилтантай холбоотой асуудал учраас Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь дээр юм байна” гэж үзсэн. “Өдрийн сонин” үнэхээр нотолгоогүй, баримтгүй зүйл бичсэндээ залруулга гаргаад явбал би заавал шүүхээр зарга хийгээд байх шаардлагагүй л дээ. Надад тийм цаг зав ч алга.

-Шөнийн цэнгээний газарт очлоо гэсэн мэдээлэл сонсоод эхнэр чинь их уурласан уу?

-Хүний л гэр бүл болсон хойно доо, тийм гүтгэлгийн мэдээллийг их эмзэг хүлээж авсан. Манай гэр бүлийн хүн одоо хуулийн чиглэлээр суралцаж байгаа. Эхнэр ч яахав, харин хаа хол, Булган аймагт байгаа аав минь над руу утасдаад “Чи чинь байтлаа хүнтэй зодоон хийж явдаг болоо юу” гэж зэмлэж байна лээ. Дараа нь учрыг ойлгосон биз дээ.

-Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүүг ашиг сонирхолын зөрчил, албан тушаалаа урвуулсан гэдэг үндэслэлээр хууль хяналтынхан шалгаж байгаа гэсэн. Та хоёр олон жилийн өмнөөс хуурай ах дүүс шиг дотно харилцаатай явж ирсэн гэл үү?

-Би Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, дүүргийн намын даргаар ажиллаж  байсан юм. Тэр үеэс ажил хэргийн шугамаар бид  холбогдож байлаа. Д.Ганхүү Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нь байсан. Би хурлын төлөөлөгчийн хувьд тэнд шийдэгдээгүй байсан олон асуудлыг шийдсэн. Албанд нь огт байдаггүйгээс  ажилд хүндрэл учруулдаг автомашиных нь асуудлыг ч шийдэж өгч байлаа. Түүнээс биш ах дүүс юм уу, ашиг сонирхолын ямар нэгэн харилцаа бидний хооронд байхгүй. Хожим нь тохиолдлоор нэг байгууллагад  харин дарга, цэрэг болцгоож байлаа.  Д.Ганхүүгийн  асуудал одоо мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга Даваасүрэн нь ч АТГ-т шалгагдаж байгаа. Түүнд ашиг сонирхолын зөрчил үүссэн эсэхийг шалгаж байна.

-Шударга ажиллахад хүнд байна уу?

-Би урьд нь шударга ажиллаж байсан. Одоо ч яг ийм хэвээрээ байна. Болохгүй байгаа зүйлийг дарга нарт нь шууд хэлдэг. Төсвийн мөнгө үргүй зарцуулж байгааг их шүүмжилдэг байсан. Тэр үед Д.Ганхүү нарын зэрэг хүмүүс надаас тойроод, зугтаагаад явдаг байлаа. Баянгол дүүргийнхэн намайг шударга ажилладаг гэдгийг сайн мэднэ. Намын шугамаар ч юм уу, аль нэг танилаар дамжуулан ажилд орсон нөхөд байдаг л юм. Шударга бус ажиллавал би тэднийг шууд явуулдаг. Тэр бүү хэл намайг дагаж манайд ажиллахаар ирсэн нөхрөө ч би ажил цалгардуулахаар  нь халаад явуулсан. Цаашдаа ч ийм л янзаар ажиллана.

Б.ОТГОНБАЯР

Эх сурвалж: www.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж