Ээждээ ингэж золгох гэж

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Ээждээ ингэж золгох гэж

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Ээж хадыг монголчууд бид ээж шигээ шүтдэг билээ. Хаврын билэгт сайн өдрүүдийн нэг Ханш нээх өдөр заяа буянаа даатгаж, сүслэн мөргөхөөр Ээж хадыг зорих хүмүүс тоо улам бүр нэмэгджээ.

“Ээж хаданд шивнэсэн хүсэл биелдэг юм гэсэн”, “Эхнэр, нөхөр гуйж болдоггүй юм” гэдэг яриаг олон удаа сонсч байсан. Гэхдээ Ээж хадыг ангир уургаа хөхүүлэн өсгөсөн эхийгээ хэмээн төсөөлөн сүсэглэдэг хүмүүст энэ мэт үлгэр домог мэт цуу яриа сонин биш. Ер нь хавар бүрийн ханш нээх өдөр Ээж хад хүний хөл, хүслийн шивнээнд дарагддаг мэт санагддаг. Энэ жилийн ханш нээх өдөр ч мөн адил хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Ээж хад Улаанбаатар хотоос 90 орчим километр зайтай ч суудлын тэрэгтэй гурван цаг явж зорьсон газраа хүрлээ. Төв аймаг хүртэлх эвдэрсэн засмал замын хагархай цоорхойг тойрох, Ээж хад хүртэлх шороон замд чулуу, хайрганаас бултах гэж мунгинасаар гурван цагийг замдаа өнгөрөөсөн нь энэ. Замд Ээж хадыг зорих автомашин цуваа тоос татуулан хөвөрч байсан юм. Өглөө 07.00 цагт Улаанбаатараас хөдөлсөн ч ийнхүү 10.20 цагийн үед Ээж хаданд очлоо. “Сумын наадам болж байна уу даа” гэж андуурмаар олон хүн цугларсан байна. 

Ээж хадандаа мөргөх гэсэн хүмүүсийн цуваа хашааны гадна уртаас урт дараалал үүсгэсэн нь харагдана. Хаа сайгүй хийсэх гялгар уут, элдэв чихрийн цаасыг эс тооцвол гадна нам тайван байна. Хүмүүс өргөсөн архины шил, сүүний сав тэргүүтнийг жижигхэн хоёр хогийн савын дэргэд овоолж тавьж байна. Хаясан хог нь олон хүний хөлд гишгэгдэж, салхинд хийсч газар сайгүй тарна.  

“Үүрийн дөрвөн цагаас хойш машин, хүн үймэлдэж байна. Хог дийлдэхгүй шинжтэй” гэж нэгэн эгч тун бухимдуу алхана. Түүнийг Л.Хандсүрэн гэдэг. Ээж хаданд үйлчлэгчээр ажилладаг. “Ханш нээх өдөр олон хүн ирдэг тул хог цэвэрлэсээр өнжих нь энүүхэнд” гэж ярилаа. Ээж хадны эргэн тойрон нойлын цаас, гялгар уут, архины шил, пивоны лааз, тамхины иш хөглөрөх аж. 

Харин Ээж хадны хашаан дотор багахан “дайн” болж байна. Энэхүү хашааг Ээж хадыг хамгаалах зорилгоор дөрвөн жилийн өмнө барьсан юм.

-Хөөе чи битгий оочер дайраад байгаач. Битгий хүн түлхээд бай гээд л биедээ уурлан, зодолдох нь холгүй юм болж байна. Ээж, аав нь оочерлосон учир бага насны хүүхдүүд уйлалдан, бөөн чимээ шуугиан. Хашааны хоймор байрлах зассан ширээн дээр хүмүүс идээ будаа, архи, цай, хадаг, савалгаатай сүү тэргүүтнийг өрөн тавьжээ. Анхнаасаа ширээн дээрээ эмх замбараагүй өрснөөс болж, өргөлийн идээ будаа нурж уналаа. Савалгаатай сүү, шилтэй архи нь хагарч, зам татуулан урсахыг харж зогстол нэг эгч архи цацчихаад тоосон шинжгүй өнгөрөөд явчихлаа. Уг нь архиа Ээж хаданд өргөсөн ухаантай юм байх. “Ээжид” мөргөх гэж хашаан дотор нь хоёр цаг оочерлолоо. Хүмүүсийн хамаа замбараагүй цацах сүү, архи, будаа дээрээс байнга “асгарна”. Хувцас хунар сүүнд нь халтартаж, архины үнэр шингэсний дараа арайхийн Ээж хадандаа мөргөлөө. Хашаанаас хурдан гарч,  хол очих нь өлзийтэй аж.

Тэгээд хашааны гадна тэмээ унуулж буй хүмүүсийн дэргэд очлоо. Тэмээг унаж, хашааг нэг тойроход 2000 төгрөг гэнэ. Тэнэгэр говийн эзэн тэмээ хангайд ирчихсэн хотынхны  зугаа гаргахыг хараад өрөвдлөө. Харин тэгтэл хажууд арав орчим настай хүү: 

-Аав аа, энэ тэмээ гэдэг амьтны хөл, толгой, шүд нь аймаар том юм аа гээд ярих нь содон сонсогдлоо. 40 сая малтай гэх Монгол Улсын арван настай хүү тэмээ үзээгүй байгааг сонсоод бүр ч их өрөвдөх шиг. Харин тэгсэн аав нь  “Тийм байгаа биз дээ. Аймаар их мах гарна шүү дээ миний хүү” гэж ярихыг сонсоод хамгийн ихээр өрөвдлөө.
Монгол хүн байгалиа шүтэж, малаа хариулан өсгөж, амьдрал ахуйгаа дээшлүүлж, өдийг хүрсэн гэвэл буруудахгүй биз ээ.

Бид Ээж хадыг төрүүлсэн ээжтэйгээ зүйрлэн жаргал зовлон, хүсэл мөрөөдлөө ярилцдаг уламжлалтай. Ингэж гэмээнэ сэтгэл санаа ариусч, уужрах шиг болдог Ээж хад зорьж очсон хүмүүс ярихыг олонтоо сонсч байлаа.  Тэгвэл Ханш нээх өдөр “ээждээ” хэрхэн золгосныг Ээж хаданд дөрөвдүгээр сарын 5-ны хаврын билэгт сайн өдөр очсон зарим нэгэн монголчуудынхаа үйлдлээр жишээлэн хүргэе. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн бидний цөөн хэдэн хүмүүсийн уршиг монголчуудад нийтэд хамаатай байх ёстой.

Зарим нэг хүн ээжийнхээ гэрт ороод, золгож үнсүүлэхээс өмнө элдвээр хараал урсгадаг юм байна. Үүнийг дугаарлан зогсохдоо дугаарлан зогсох хүмүүсээс харж болно. Хүн болгон хүслээ шивнэхийн тулд Ээж хадыг зорьж очдог. Хүнтэй үг сөрөхөөс илүүтэй хоромхон зуур хүлээхэд ээлж нь ирнэ гэдгийг ойлгодоггүй бололтой.
Зарим нэг нь ээждээ 100 грамм архи, тетрапак савалгаатай сүүтэй очдог бололтой. Түүнийгээ гэрийнх нь хоймор, хана руу цацчихаад хоосон шилийг нь гаргаад хогийн сав бараадуулан чулууддаг юм байна. Ер нь Ээж хаданд очсон хүн бүр архи авч, очоод түүнийг хаа сайгүй цацаж байгаа харагдлаа. Архиа хүндэтгэлтэйгээр өргөж буй хүнийг огт харсангүй. Зүгээр л хашааных нь хана руу цацаж байсан.

Ээж дээрээ халамцуу, архины эхүүн үнэр ханхлуулж очдог хүн бас л байна. “Ээжид” мөргөхөөр уртаас урт дараалалд зогсохдоо урьд шөнийг амралтын газар архидаж хоносноо сайрхан ярих, өглөө шараа тайлснаараа бахархах янзтай инээлдэн ярих хүмүүстэй тааралдлаа.

Хүмүүнийг араатан амьтдаас ялгадаг бас нэгэн онцгой зүйл бол сүсэг бишрэл. Байгаль дэлхийгээ шүтэж, сүслэх нь хүний хамгийн сайхан чанаруудын нэг ч байж болох. Тэгвэл хэтрүүлбэл юу болохыг Ээж хадыг тойрон хөглөх гялгар уут, хятад хадаг, архины шил, пивоны лааз тэргүүтнээс харж болно. Шүтээн болсон газар бол ариун дагшнаараа байх ёстой. Ариун дагшин байж гэмээнэ сүсэглэх, хайрлах сэтгэл төрөх биз ээ. Хог, хадаг, цай, архинд дарагдсан “ээжийгээ” хараад ихэд өрөвдлөө.

Зарим нэг хүмүүс “Хүсэл биелдэг юм гэнэ билээ” гэж сонсоод Ээж хаднаас гуйлга гуйхаар, “Мөнгөтэй болгодог юм гэнэ билээ” гэж Ембүү хаднаас хэсэгхэнийг авахаар Төв аймгийн Сэргэлэн сумыг зорьдог болсон мэт харагдлаа.    

Ээж бол шүтээн бүхний дээд байдаг. Хэдийгээр өвөрмөц тогтоцтой хад ч гэлээ Ээж хайрхандаа хогоо замбараагүй хаяж, архи, сүү хамаагүй цацаж болмооргүй санагдлаа. Бид чинь ээждээ ингэж золгодог болчихоо юу. 

Б.БИЛЭГ










Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №056


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж