
Иргэд цалин, тэтгэвэрийг нэмэх, зам талбай сайжруулах асуудлыг түлхүү хөндлөө. Тухайлбал, Засгийн газар цалин, тэтгэврийг инфляцийн төвшинтэй уяж нэмэгдүүлсэн тухай ярьж байгаа ч бодит амьдрал дээр хаанаа ч хүрэлцэхгүй байна. Үхрийн мах 1 кг нь 11 мянган төгрөгт хүрсэн, гурил, будааны үнэ мөн өссөн үед цалин, тэтгэврийн нэмэгдлийг дахин өсгөх шаардлагатай гэв.
Эл асуудалд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа мянга, мянган иргэн бий. Цалин, тэтгэврийг нэмэх шийдвэрийг Хөдөлмөр гурван талт хэлэлцээрээр шийддэг. Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөрийн яам, Ажил олгогчийг төлөөлж Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, нөгөө талаас Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос төлөөлөл орж, цалинг хэдэн хувиар өсгөх боломж байгааг ярилцдаг.
Эдийн засгийн нөхцөл байдал, мөн хувийн хэвшлийн салбарт ажиллагсдад энэ нь хэрхэн нөлөөлөх вэ гээд олон зүйлийг харгалзан үзэх ёстой. Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмэх шийдвэр гарахад хувийн хэвшлийнхэн ард нь хохирдог. Төрийн албанд ажиллагсдын цалин нэмэгдэж байхад хувийн хэвшлийнхнийг өсдөггүй. Хөдөлмөрийн бүтээмжий уялдаж цалингийн өсгөх нь илүү оновчтой. Гэтэл хүнд үед хүмүүсээ ажилтай байлгаж байгаа нөхцөлд өсгөх бололцоо хомс. Хэрвээ хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа цалинг өсгөнө гэвэл бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс аргагүй. Энэ нь эргээд инфляци л дагуулна. Тийм учраас эрх баригч хүчин асуудлыг цалин авдаг бүх л хүмүүсээ хувь, төрөөр нь ялгахгүйгээр алтан дундажийг нь олж шийдэх чиглэлээр бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа гэж хэллээ.
Түүнчлэн Хаврын чуулганаар “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хуулийн төсөл оруулж ирснийг онцлоод, хуульд тусгасан үзэл баримтлалыг иргэдэд тайлбарлаж, саналыг нь сонссон юм.
Чингэлтэйчүүд “Алтны компаниудад дуртай газар нь лиценз өгч, гол усыг бохирдуулах, ширгээх аюул нүүрлэж байгаа тул хуульд өөрчлөлт оруулалгүй хэвээр мөрдөөд явах нь зүйтэй” гэсэн саналтай байлаа.
УИХ-ын гишүүн Г.Баярсайханы тойргийнхонтойгоо хийж буй уулзалт маргааш 14, 15 дугаар хороодод үргэлжлэх юм.


