
БНСУ-ын өмнөд хэсгийн Ёсү хотын далайн эргийн ойролцоо Монголын далбаатай хөлөг онгоц энэ сарын 3-4-нд шилжих шөнө живсэн. Энэхүү ослын талаар Зам тээврийн яамны албан эх сурвалжаас тодруулахад “Монгол Улсын бүртгэлтэй “Grand fortune 1” онгоц Өмнөд Солонгосын Yeosu хотын эргээс 63 км зайд аврах дохио өгсний дараа живсэн. Онгоц Хойд Солонгосын Чеонжин хотоос Хятад руу 4300 тонн төмрийн хүдэр ачиж явсан бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас болоод онгоц холбирч живсэн юм билээ. Онгоц дээр багийн 16 гишүүн байсан, гурван гишүүнийг аварч, хоёр гишүүний цогцсыг олсон. Аврагдсан гишүүдийг Чежү арлын эмнэлэгт хүргэсэн, үлдсэн 11 гишүүнийг хайх ажил үргэлжилж байна. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар амьд гарсан багийн гишүүдийн яриагаар цаг агаар муу байсан, гэнэт ус орж ирж, онгоц баруун тал руугаа хазайсан гэсэн мэдээлэлтэй байна. Уг онгоц Өмнөд Солонгосын бүртгэлд “Shinchang2” гэсэн нэртэйгээр бүртгэлтэй байж байгаад манай улсын бүртгэлд 2013 оны долдугаар сарын 5-нд анх бүртгэсэн, бүртгэлийн хүчинтэй хугацаа нь нэг жилийн хүчинтэй юм байна. Харин онгоцны эзэмшигч нь Хонконгийн “STEP SHIPPING LIMITED” компани” гэж мэдээллээ.
Д.ЖАРГАЛ