Шинэ он гараад хоёр сар болж байхад малын гоц халдварт шүлхий өвчин нийслэлтэй ойрхон зүүн гурван аймгаар гарч, олныг сандруулаад амжлаа. Анх цөөхөн сумыг хамарч байсан бол 13 сумд халдварлаж, нийт 3400 орчим малыг устгалд оруулаад байна. Хайран гэж халаглах ч вирустэй малыг устгахаас яахав. Одоо өвчний голомт хумигдсан, хорио цээрийн дэглэмийг сааруулсан гэх бөгөөд “Юу билээ, хариуцдаг газар нь энэ олон яам, агентлагаас аль нь билээ гэж гайхах хүмүүс олон байлаа. Арчаатай байсан бол хоёр орчим сар шүлхийтэй “ноцолдож” сая, сая тунгаар хэмжигдэх вакцин авахаар хөрөнгө урсгахгүй байж гэдэгт санал нийлэх хүн олон биз ээ.
Тэгвэл мал аж ахуйтай холбоотой бүх асуудлыг хариуцсан газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар бөгөөд бидний хоол хүнсний аюулгүй байдлыг эхнээсээ батлан даадаг гэсэн үг юм. Энэ байгууллагын талаар сонирхож үзэхэд 1923 оноос үүсэлтэй гэх юм билээ. Тухайн үед Засгийн газрын шийдвэрээр Мал эмнэлгийн хэлтэс байгуулж байсан бөгөөд 1923 оны есдүгээр сард “Малын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах газар” болгон өргөжүүлжээ. Энэ нь одоогийн Мал эмнэлэг, үржлийн газар /МЭҮГ/-ын эхлэл болж, үе үеийн хөдөө аж ахуйн яамд, агентлагийг түшиглэн үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
МЭҮГ нь одоогоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээж тусламж, дэмжлэг авч, Мал эмнэлгийн алба, үржлийн алба, захиргаа аж ахуйн хэлтэс нийлсэн нийт 20 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ малын чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах, мал бүртгэлжүүлэх, мал амьтны эрүүл мэндийг хамгаалж, эрүүл малаас ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хүнсний хэрэгцээнд нийлүүлэх зэрэг төрөл бүрийн ажил хариуцаж хийдэг ажээ. Үндсэндээ эрүүл малаас аюулгүй хүнс бэлтгэх учраас бүхий л шатанд анхаардаг байх нь. Бодит байдлаас харахад энэ бүх ажлыг бүрэн хийж чадахгүй байна. Байсхийгээд малын халдварт өвчин гарч байхад бидний хэрэглэдэг малын гаралтай бүтээгдэхүүн эрсдэлд орох боллоо.
Монголын мал аж ахуйн арга барил эртнээс бэлчээрийнх байсаар өдийг хүрэв. Олон улс мал, хөдөө аж ахуйгаас гаралтай хүнс бэлтгэх явцад төрөл бүрийн технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмсээр байна. Энэ хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд гадаад харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй болно. МЭҮГ 1989 онд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн болж элссэн байна. Ингэснээр олон улсын байгууллагын гишүүн ОХУ, БНХАУ, Украйн, Катар, Казакстан зэрэг орнуудтай мал эмнэлгийн салбарт хамтрах протокол байгуулан ажиллаж байгаа гэх юм билээ. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын холбоо, Койка, Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны нийгэмлэгтэй холбоотой байдаг ажээ. Мал, хөдөө аж ахуй сайн хөгжсөн орнууд малын үржил, селекцдээ шинэчлэл хийж, малынхаа үүлдэрт байнга “цус сэлбэдэг” талаар гадны төлөөлөгчид ярьдаг. Мал үржүүлгийн хувьд бол Монголд энэ талаар огт анхаарч ажиллахгүй байгаа гэвэл хилстэнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, МЭҮГ-тай хамтарч сүүлийн үед шилмэл үүлдрийн үхэр оруулж ирэхэд анхаарч байгаа. Жишээ нь, Францаас үхэр оруулж ирсэн бөгөөд нэг үнээ өдөрт 25 литр уураг ихтэй сүү гаргадаг бол бухыг нь мах бэлтгэлийн чиглэлээр ашиглаж, мах, сүүний гарцыг нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Даанч нэг үхрийг гаднаас худалдаж авах өртөг нь хэт өндөр гэх юм билээ. Монголчуудын зан нь нэг ажлаа эхлүүлээд хаядаг. Тиймээс энэ “барьж” авсан ажлынхаа эцсийг нь үзэж, малын удмын санг сайжруулах хэрэгтэйг малчид ч өөрсдөө ярьдаг юм.
Ийнхүү Мал эмнэлэг, үржлийн газар олон улсын байгууллагатай холбоо, сүлбээтэй ажилладаг, туршлага арвин гэдэг ч бодит байдал дээр бэлчээрийн аж ахуйгаасаа дээш гарч чадаагүй, мал амьтны халдварт өвчин байсхийгээд л гарч, улмаар малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг тэр бүрт зогсооход хүрч байгаа. Энэ хэрээр бидний хүнсний аюулгүй байдал ямар хэмжээнд байгааг харуулж байна. Мөн мал, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын ихэнх нь дунд орчим наснаас дээш хүмүүс байгаа тул шинэ залуу боловсон хүчнийг энэ салбарт оруулж ирэх шаардлагатай.
Бид мал аж ахуйн салбарыг хариуцдаг байгууллагыг энэ удаад товч танилцуулсан бол хийж буй ажил, цаашдын зорилт, алдаа, онооны тухай цуврал материал бэлтгэн хүргэх болно.