Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Жижгүүдийн характер

Хүссэн ч, эс хүссэн ч улс төрд жижиг намууд нэг хэсэгтээ л парламентад суудалгүй хэвээр, жижиг хэвээрээ үлдэх бололтой. Өчигдөр хуралдсан улс төрийн намуудын нарийн бичгийн дарга нарын уулзалтын үеэр ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байна билээ.

Гол тоглогчдыг нэрлэвэл АН, МАН гэж байснаа сүүлд АН, МАН, МАХН болсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэвч хоёр байснаа гурав болсон  нь жижиг намуудаас бяр сууж нэмэгдсэн хэрэг биш, том хоёрынх нь нэг нь задарсан төдийд л бий болсон зүйл. Өөрөөр хэлбэл, жижиг намуудын хэн нь ч өнгөрсөн хугацаанд томорч чадаагүй хэвээр байна гэсэн үг.

Арван жилийн өмнө тэр нэг дарга нь “намын дарга” гэх алдартайгаар бусдыг шүүмжилж суусан, одоо ч яг хэвээр. Шүүмжилж байсан зүйл нь хэвээр, шүүмжилж байгаа дарга тушаалтай өнөө нөхөр ч хэвээр. Улс төрийг цэвэр байхыг шаарддаг хэрнээ өөрсдийн намын дотоод ардчилал, зохион байгуулалт, улс төрийн шинэлэг уур амьсгал гээд байх зүйл нь мэдрэгдэхгүй нь даанч харамсалтай. Хэрэв дотоод ардчилалтай, чөлөөт өрсөлдөөнтэй, хүний нөөцийн чадавхитай байсан бол юу гэж ганц нэг хүнийхээ олон удаагийн ялагдлыг ийн хүлээн зөвшөөрөн мөнхлөх билээ.

Өнөө мөнхөрсөн дарга ч эд нар яаж ч чадахгүй гэсэн шиг бүхий л удирдлагыг би авч явна, намын нүүр царай нь надаас өөр хэн ч биш гэж доошоогоо сагсуурсаар. Харин сонгуульд ялагдсан нам нь жаахан царай өгөнгүүт “сүүлээ шарвагануулсаар”.

Үнэндээ өнгөрсөн хугацаанд өнөө хоёр нам нь ялагдсан үедээ л жижгүүдээ байдгийг мэдэж байгаа мэт царай гаргадаг болохоос биш ялсан үедээ үгийг нь сонсч, мөрийг нь алгадаж байсан түүх байхгүй. Гэвч жижгүүд үүнийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Яг л үдэшлэгийн бүжгэнд хэн намайг урих бол гэж хүлээдэг царай муутай охин шиг. Найдсаар, хүлээсээр. Бас урихгүй байна гэж гомдоллож, “муусайн залуучууд” гэж бурууг бусдаас хайсаар. Үнэндээ өөртөө арчаатай, үнэ цэнэтэй байх, үзэл бодолдоо тууштай, хөгжих чадавхижих гээд өөртөө үүрэг, хариуцлагатай байхыг огтхон ч хүсдэггүй.

Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлт юу байна гэхээр намынхаа нэрээр гараад ирж магадгүй гэх бодлоо тээсэн, санхүүжилтээ төрөөр даалгачих гэсэн, бас болоогүй залуучуудаа тойргийн гадна гаргачих гэсэн саналуудаа зүтгүүлсээр л, мөн яагаад сонгогчид тэднийг сонгохгүй байгаа шалтгаан нь өөрсдөөс нь биш “хар машин”-аас болсон гэх хардлагаа ч ярьсан хэвээр. 

Тэд эрх баригчдыг гөвцгөөе, удахгүй унаж магадгүй шүү гээд чихэнд нь очоод шивнэчихсэн сөрөг хүчний далбаан дор сүүлийн үед овоо хэдэн удаа телевиз хэвлэлээр царайгаа харуулаад авав. Засгийг балбах уу гэвэл балбая л гэдэг, шүүмжилье гэвэл шүүмжилдэг, асуудлуудыг яагаад, яаж өөрчлөх вэ гэхээр хэлчих тодорхой санал байхгүйгээс улс төрийн тоглоом болсоор.

Ердөө л сөрөг хүчний хэн нэгний сэдсэн “Улс төрийн намууд засгийн огцруулахыг шаардлаа” гэх мэдээ бэлтгэхийн тулд дэглэсэн уулзалтанд нэг их асуудал шийдэх гэж байгаа мэт цуглана. Ийнхүү ялагдсан эрх баригчдаар тоглуулж байгаа хэрнээ дотроо бас эрэмбэ дараалал тогтоочих санаатай. Олон жилийн ялагдлын туршлагаараа хэлэлцүүлгийн танхимын өөд нь зүтгэж “амны салиа нь арилаагүй хүүхдүүд доогуур суу. Сонгуульд сонгогдох эрхийг 40 нас болгоё. Хагас дутуу нэг сургууль төгссөн болчихоод юун улс төр” гэж зиндаархахаа ч мартахгүй.

Гэвч юу хэлэлцэх, ямар зүйлийн хүрээнд ярих, энэ хурлаас ямар бичиг гарах вэ гэдгийг нь тэд шийдэхгүй. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу, хөтөлбөрийн дагуу л явна. Тэр төлөвлөгөөнд нь одоогоор жижгүүдийн нэр бичигдсэн учраас л тэднийг оролцуулж байгаа. Гэвч үргэлж ийм байхгүй.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж