“Тогтвортой амьжиргаа–II” төслийн ач холбогдол

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

“Тогтвортой амьжиргаа–II” төслийн ач холбогдол

Монгол улсын Засгийн газраас
Дэлхийн банктай хамтран “Монголын хөдөө орон нутаг дахь бага болон дунд
орлоготой өрх, иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг
үзүүлэн, тэдгээрийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны чадавхийг нь
дээшлүүлэх” зорилгоор хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа–II”
хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншигчиддаа хүргэхээр Капитал
банкны Санхүүгийн удирдлагын газрын захирал А.Энхжаргалыг дугаарынхаа
зочноор урьж оролцууллаа.

-Төслийн талаар уншигчдад товч танилцуулж өгнө үү?

-Монгол улсын Засгийн газраас Дэлхийн банктай тохиролцсоны дагуу
“Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийг БСХСангаар дамжуулан арилжааны
банкуудтай хамтарч 12 жилийн хугацаатай 3 үе шаттайгаар хэрэгжүүлж
байгаа. Хөтөлбөрийн эхний шат болох “Тогтвортой амьжиргаа” төсөл нь
2002-2007 онд хэрэгжсэн. Дараагийн шат нь 2008 оны 01 дүгээр сард Улсын
Их Хурлаар баталсанаар “Тогтвортой   амьжиргаа -II” хөтөлбөрийг
хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2008 оны 05 дугаар сард албан ёсны нээлтийн
үйл ажиллагаа хийсэн байгаа. ”Тогтвортой амьжиргаа” төслийн маань
ерөнхий зорилт  Монголын хөдөө орон нутаг дахь бага болон дунд орлоготой
өрх, иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн,
тэдгээрийн орлогыг нэмэгдүүлж, чадавхийг нь дээшлүүлэхэд нөлөөлөх
санхүүгийн болон бүтэц зохион байгуулалтын хувьд тогтвортой бичил
санхүүгийн үйлчилгээг хүргэхэд чиглэж байгаа. Энэ хөтөлбөр маань ард
иргэдийн амьдралыг баталгаажуулах, бага дунд орлоготой иргэдийг
санхүүгийн хувьд дэмжих зорилготой.


-Танай банк хэзээнээс  эхлэн  энэ төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа вэ?

-Манай банкны хувьд уг хөтөлбөрийн хүрээнд 2003 оноос эхлэн одоог хүртэл
Бичил Санхүүгийн Хөгжлийн Сантай  хамтран ажиллаж, орон нутагт бичил
санхүүгийн үйлчилгээг хүргэх, хөдөө орон нутаг дахь буурай болон бага
орлоготой өрх, иргэд, жижиг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих
бичил зээл олгох ажиллагааг хүргэн ажиллаж байна. Энэхүү хугацаанд
төслийн үр ашгийг хүртэж, өрхийн амьжиргаагаа тодорхой түвшинд
дээшлүүлсэн байнгын харилцагчид олонтой болсон доо. Тиймээс төслийн
эрэлт хэрэгцээ ч гэсэн их байдаг.


-Энэ хөтөлбөрийн ач холбогдлыг манай уншигчдад танилцуулбал?

-Зээлийн үр дүнд ядуу болон орлого багатай өрхийн орлого нэмэгдэж, цаашид
өөрийн орлогын эх үүсвэртэй болж, зарим өрх жижиг үйлдвэрлэл явуулах
үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй болсон. Мөн малчид ахуйн хэрэглээндээ
болон өвс тэжээлдээ бичил зээлийг авч ашигласанаар малаас гарч буй
түүхий эдээ хямд үнээр шууд зарж борлуулах бус гар урлалын зүйл хийж
худалдаалдаг бичил бизнес эрхлэгчид нэмэгдсэн гэх мэт зөв зохистой
ашиглаж чадвал ач холбогдол маш их л дээ.

-Зээлийг судалж олгоход хугацаа хир зэрэг шаардагдах? Өөрөөр хэлбэл шуурхай олгогдож чаддаг уу?

-Зээлийг олгохдоо юуны урьд тэдний санал хүсэлтийг хүлээн авч бизнес
эрхэлж буй орчин, нөхцөл, зээл төлөх эрмэлзэл, чадвар зэргийг судлаад
зээл олгох нөхцөл хангагдсан тохиолдолд зээлийг ажлын 1-2 хоногт багтаан
олгодог. Зарим зээлдэгчийн хувьд өдөрт нь шийдвэрлэж өгөх тохиолдол ч
байна. Энэ нь манай байнгын, давтан зээлдэгчдэд ихэвчлэн хамааралтай л
даа. Нөгөө талаар зээлийн хүү бага, мөн хугацааг нь зээлдэгчдийн
бизнесийн үйл ажиллагаатай уялдуулан тогтоодог учраас манай банкаар
үйлчлүүлэгчдийн тоо тогтмол өсч байгаа. Бид зээлийн хугацаанаас гадна
хүү, эргэн төлөгдөх хуваарийг ч мөн адил үйл ажиллагаатай уялдуулан аль
болох уян хатан байх бодлогыг баримтлан ажиллаж байна. Түүнчлэн Капитал
банк нь бүх салбар, нэгжүүдийн хүрээнд онлайн горимоор ажиллаж байгаа нь
банкны бүх төрлийн үйлчилгээг орон нутаг харгалзахгүй түргэн шуурхай
хүргэх давуу талтайг хэлэхэд таатай байна.

-Зээлийн нөхцлийн талаар танилцуулахгүй юу?

-Зээлийн нөхцлийн хувьд маш боломжийн. Сарын хүү 1-2,2 хувь. Хугацаа 1-3
жил хүртэл. Энэ хугацаанд тухайн зээлдэгч зээлээ төлөөд дахин зээл авах
боломжтой бөгөөд энэ тохиолдолд хүү буурах бүрэн бололцоотой. Мөн дээр
хэлсэнчлэн хүү, хугацааг үйл ажиллагаатай уялдуулан тогтоох боломжтой.
Зээлийн үндсэн төлбөрөөс эхний 3 хүртэл сараар чөлөөлж болно. Хэмжээний
хувьд 100,000 – 10,000,000 төгрөг хүртэл олгож байгаа.

-Барьцаа хөрөнгийн хувьд ямар шаардлага хангасан байх вэ?

-Барьцаа хөрөнгийн хувьд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалан
олгож байна. Зээлийн барьцаанд авч буй хөдлөх хөрөнгийг даатгалд
хамруулбал банкны хувьд эрсдэл багатай байх боломжтой. Гэвч бид бас
хөдлөх хөрөнгө бүхнийг заавал даатгалд хамруулсан байх шаардлагыг
тавихгүй байгаа. Тухайн хөрөнгийн чанар, төрлөөс хамаарна. Барьцаа
хөрөнгөгүй тохиолдолд батлан даалт гаргуулах болон итгэмжлэлээр барьцаа
хөрөнгө гаргуулж бас болно.

-Уг хөтөлбөрийг танай банкны ямар нэгжүүдээр дамжуулан хүргэж байна вэ?

-Энэхүү төслийн хүрээнд Капитал банк нь Өмнөговь, Архангай, Орхон,
Хөвсгөл, Ховд, Багануур дүүрэг гэсэн 5 аймаг болон тэдгээрийн сумдуудын
иргэдэд хүрч үйлчилж байна. Аймгийн төвөөс алслагдсан сумдад жижиг
зээлийн үйлчилгээг үзүүлэхдээ тухайн орон нутагт нь хүрч  үйлчлэх
зорилгоор бизнесийн орчин, зах зээлийн багтаамж, барьцаа хөрөнгө зэргийг
газар дээр нь үзэж шалгасаны дараа зээл авах боломжтой өрх, иргэн, аж
ахуй нэгжид зээлийг  нь олгож байгаа.
Бидний урилгыг хүлээн авч, уншигчдад маань  мэдээлэл өгсөнд баярлалаа.  Та болон Капитал банкны цаашдын ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж