
Харин Киевийн эрх баригчид Москвад баривчлагдаад буй украинчуудыг ОХУ-д террорист халдлага үйлдэхээр төлөвлөсөн гэдгийг эрс үгүйсгэсэн байна. Үүний зэрэгцээ Киевт энэ оны эхээр эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөж байхад Оросын Холбооны аюулгүй байдлын албаны 30 алба хаагч Засгийн газрын эсрэг жагсагчдын эсрэг ажиллагаанд оролцсон гэж хариу буруутгажээ.
Түүнчлэн Украины Дотоод хэргийн сайд Арсен Абаков өнгөрсөн хоёрдугаар сард Киевт Засгийн газрын эсрэг жагсагчид руу гал нээсэн тусгай хүчний цагдаагийн албан хаагчдыг илрүүлсэн гэж мэдэгджээ. Түүний мэдээлснээр жагсагчид руу гал нээсэн мэргэн буучид нь “Беркут” цагдаагийн тусгайгийн 12 алба хаагч байсан гэнэ. Киевт өнгөрсөн хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Их сургуулийн гудамж болон Майданы талбайн ойролцоо мэргэн буучдын суманд 76 хүн амь үрэгдсэн аж.