Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Ядуурлын урхи

Хэдэн цурав хүүхдийнхээ “Хүүхдийн мөнгө”-өөр амь зогоодог ядруухан бүсгүйг хорооны Засаг дарга нь хөөцөлдсөөр байгаад нэгэн хувийн компанид үйлчлэгчээр оруулж өгчээ. Нөгөөх нь  долоо хоног ажилласан болоод алга болчихож гэнэ. “Хүүе, юу болов” гэсээр эрэл сурал болж гэрт нь очтол “Дээд сургууль төгссөн надад тохирохгүй хүнд ажил байна” гээд хээв нэгхэн сууж байсан гэдэг. Ажил хийж амьдралаа дээшлүүлэх сонирхолгүй, халамжийн цөөхөн төгрөгт сэтгэл ханачихсан, гарынхаа үзүүрийг ч хөдөлгөх дургүй ядуус Монголд зөндөө байна. Цагийн ажил хийгээд мөнгөтэй залгах боломж байхад “70 мянган төгрөг”-өө авахын төлөө ламд ном уншуулаад гарч байсан хоёр охинтой таарч байлаа. Энэ жилээс сурлагынх нь чанарыг харгалзан цалинг чинь өгнө гэсэн биш оюутнуудыг  сүм хийд тийш гүйдэлтэй болгосон бололтой.

Ядуу айлын хүүхэд, нохой эрх гэсэн үг бий. Тэгвэл тансаг хэрэглээтэй ядуу төрийн иргэдийн амьдрал ямар байна вэ. Олсон хэдээ баруун солгойгүй тарааж цацсан Монголын төрийн баярхуу зан эдийн засгийг ямар байдал хүргэв. Үйлдвэрлэл байхгүй, дэд бүтэц байхгүй, хөгжлийн төвшин 20 жилийн өмнөхөөс ялгарах юм алга. Болсон болоогүй чанар муутай хэдэн барилга байшин, зам талбайг эс тооцвол шүү дээ. Хоёр жилийн өмнө “Эх орны хишиг” нэрээр иргэддээ тараасан 800 тэрбум төгрөг дотооддоо шингээд үлдэх нь битгий хэл аль хэзээний хоёр дахин үржигдээд Монголоос гадагшилсан. Дээр нь сүүлийн дөрвөн жилийн турш оюутны цалинд өгсөн 400 тэрбумаар юу хийж болох байсан бэ. Нэг их наяд гаруй төгрөгөөр 20 жил ярьсан цахилгаан станцаа барьчихгүй яав. Сайншандын аж үйлдвэрийнхээ цогцолборын ажлыг тэтгэхгүй яав. Ядаж л энэ их мөнгөөр нүүрс боловсруулах ганц том үйлдвэр барьчихаж болох байсан.

Монголд маш олон халамжийн хууль хэрэгжиж байна. Дахиад ч батлагдах нь. Тун удахгүй хаврын чуулганаар бас нэгэн халамжийн хуулийг хэлэлцүүлэхээр С.Эрдэнэ сайд УИХ-д өргөн барьчихаад байгаа. Арваас дээш жил ханилсан эхнэр, нөхөр хоёрын хэн нэгэн нас барлаа гэхэд үлдсэнд нь тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгох энэхүү хуулийн төсөлд ахмадууд хүртэл “муу ёрлосон” хэмээн дургүй байхад шүү. Хүүхдийн мөнгө, оюутны цалин, цэрэг, цагдаа, төрийн албан хаагчдыг тэтгэвэрт нь суухад өгдөг урамшуулал, хөдөө ажилласан багш, эмч нарын нэмэгдэл, төрсөн, асарсны хөлс гээд асар олон нийгмийн халамж үйлчилгээг төрөөс үзүүлж байна. Хорихоос суллагдсан хоригдол, орон гэргүй тэнэмэлүүдэд хүртэл сая, сая төгрөг олгох хуулийн заалт бий. Нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй, тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ гэж дотор нь ангилдаг аж.

Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй, бие даан амьдрах чадваргүй, тэтгэж туслах үр хүүхэд, ах дүү, төрөл санадгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй мянган хүн Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг гэсэн тоо яамных нь сайтад байна. Олон хүүхэдтэй, жирэмсэн ба амаржсаны амралттай, нярай хүүхдээ асарч байгаа эхчүүд, өнчин хүүхдүүд зэрэг 200 гаруй мянган хүнд нийгмийн халамжийн сангаас тэтгэмж, тусламж олгож, нийгмийн эмзэг хэсгийн 400 гаруй мянган хүнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг гээд, үүн  дээр 140 мянган оюутны цалин, автобусанд явах зардлыг нэмэхэд хар ухаанаар тооцоход жилдээ хэдэн зуун тэрбум төгрөгийг халамжинд цацсаар иржээ. Мэдээж, улс орон бүхэн зорилтот төвшнийхнөө тэжээх үүрэгтэй. Тэр утгаараа халамж нэрээр төсвөөс урсч байгаа хэдэн зуун тэрбум төгрөг эзнээ олж чадаж байвал сайнсан. Монголд баялаг бүтээдэг хүн цөөн.  Халамж хүртдэг нь олон. Энэ олон тэжээвэр ангаахайнуудыг хооллохын тулд урсч байгаа халамжийн мөнгийг царцаах ёстой. Ялангуяа өнөөдрийн хувьд оюутны цалин шиг үрэлгэн зардал алга. Зөвхөн оюутны цалинд өгдөг 100 тэрбумаар төрөх эмнэлэг, түлэнхийн төвөө барьчих бололцоо байжээ. Бас чиг арван жилийн өмнөхтэй харьцуулахад Монголд ажлын байр нэмэгдсэн, оюутнуудад цалин өгөх биш цагийн ажлаар хангавал загас барих аргыг зааж өглөө л гэсэн үг.  Иргэдээ халамжийн бодлогоор угжих нь тэдний өмнө ядуурлын урхи тавьсантай ялгаа юун.  Урхинд орсон “ан”-г буудаж алахад амархан байдаг биз дээ. Тэгэхээр ядахдаа л баян болсон цагтаа Монголын төр иргэдээ эрхлүүлдэг болоосой.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж