“Давхар дээл”-ээ тайлахгүй бол огцруулна гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

“Давхар дээл”-ээ тайлахгүй бол огцруулна гэв

Улс төрийн намуудын ерөнхий нарийн
бичгийн дарга нар Төрийн ордноо уулзаж улс төр, нийгэм эдийн засгийн
асуудлаар санал солилцлоо. Ингэхдээ Засгийн газрын үйл ажиллагаа болоод
Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиар өөрсдийн байр
сууриа илэрхийлсэн юм. Уулзалтын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга Ж.Мөнхбат Засгийн газрын үйл ажиллагаа болоод нийгэм эдийн засгийн
өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэрбээр “Бид
2012 оны наймдугаар сард Засгийн газрыг өнөөгийн эрх баригчдад эдийн
засгийн өсөлт нь 17 хувьтай, гадаад валют дөрвөн тэрбум ам.долларын
нөөцтэй улс орон хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр эрх баригчид 2 тэрбум
гаруй төгрөгийг УИХ-ын хяналтаас гадуур зарцууллаа.  Монгол Улсад 2013
онд 99603 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 44
хувийнх нь үйл ажиллагаа зогсчээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалт 54
хувиар буурсан. Энэ бүхнээс үзэхэд эдийн засаг уналтад орсон нь илт
байна” хэмээн онцолсон. Түүнчлэн нарийн бичгийн дарга нарын дийлэнх нь
эдийн засаг уналтад орсонтой санал нэг байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ
ийм хүнд байдалд оруулсан Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэг
байр суурийг илэрхийлж байлаа.

Мөн МАН сөрөг хүчний хувьд
огцруулах арга хэмжээг авах ёстой хэмээн сануулж байсан юм. Тухайлбал,
Монголын Ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхбаяр “Эрх
баригчид ард түмнээ сайн, сайхан болгоно гэсэн үгээр мансууруулж тархийг
нь угааж байна. Тэр ч бүү хэл эдийн засаг хариуцсан сайд нь тэнгэр
заяатай ард түмэн гэх мэтээр дэмийрч байна. Иймд бид өнөөдөр эрүүлээр
харах цаг болжээ. Өнөөгийн нийгэмд жинхэнэ ардчилал, шударга ёс
үгүйлэгдэж байна. Шинэчлэлийн гэх Засгийн газар гарч ирээд юу ч
өөрчлөгдсөнгүй. Тэдний амлалт биелэхгүй байна. Ерөөсөө асуудлаас их юм
алга. Тиймээс энэ Засгийн газар цаашид үйл ажиллагаа явуулах эрхгүй.
Монголын Ногоон нам Засгийн газрыг огцоруулах нь зүйтэй гэж үзэж байгаа”
гэлээ. Түүнчлэн тэд Улс төрийн намуудын тухай хуулиар байр сууриа
илэрхийлсэн. Тэдний гол онцолсон зүйл бол ирэх сонгуулиудад дахин хар
машиныг ашиглахгүй байх талд бүх улс төрийн намууд нэгдэх ёстойг
сануулсан. Энэ үеэр Иргэний хөдөлгөөний намын дарга  Ж.Занаа хэлэхдээ “
Манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт эрчимтэй
уруудаж байна. Үүнийг амтай болгон яриад байгаа хэрнээ яагаад арга
хэмжээ авахгүй байна вэ. Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсан
Засгийн газар, Ерөнхий сайд аль хэдийнэ огцрох ёстой байсан юм” гэлээ.
Ерөнхийдөө уулзалтад оролцсон ганц нэг даргыг эс тооцвол бүгд Засгийн
газрыг огцруулах ёстой. Огцруулахдаа цаг алдалгүй яаралтай хариуцлага
тооцох ёстойг хэлж байсан юм. Ганц нэг даргын хувьд шинэчлэлийн гэх
Засгийн газарт хамтарч буй намын төлөөлөл учраас дорвитой зүйл
ярьсангүй. Монгол Улсын эдийн засаг ингэж хүндэрсэн нь хоёр хөршийн
эдийн засагтай холбоотой мэтээр тайлбарлаж байв. Гэхдээ түүний хэлсэн
үгний цаана манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал яалт ч үгүй
уналтад орсон гэх үгс цухалзаж байлаа.

Ерөнхийдөө ам ажлын зөрүүг 
жинхэнэ утгаар нь харуулж буй эрх баригчдын хэт улс төржилт, алсын
хараагүй үйл ажиллагааны улмаас ард түмэн хохирч эргэж сэргэхэд хүндхэн
нөхцөл байдал эдийн засагт нүүрлээд байгааг намуудын төлөөлөл дахин
дахин онцолсон.

Уулзалтаар улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл
байдлын талаар хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн
мэдүүлсэн “давхар дээл”-ийг тайлах тухай хуулийн төслөөр санал
солилцсон. Учир нь энэхүү  хуулийн төсөл Хаврын чуулганы хэлэлцэх
асуудлын нэгдүгээрт орсон. Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийн төслийг
сөрөг хүчин яаралтай хэлэлцүүлж батлуулахыг шаардаж байсан ч эрх
баригчид ямар нэгэн аргаар хойшлуулж ирсэн. Үүнийг уулзалтад оролцож
буй улс төрийн намуудын төлөөлөл онцолж байв. Ингээд тэд “давхар
дээл”-ний хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах нь зөв гэсэн шийдэлд
хүрсэн. Мөн эрх баригчид “давхар дээл”-ээ тайлахгүй бол ард түмнийхээ
дэмжлэгтэйгээр Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдгийг илэрхийлж
байсан.

Энэхүү уулзалтыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Ж.Мөнхбат санаачилан зохион байгуулсан. Өмнө нь нэг удаа болж байсан
бөгөөд мөн л нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо
солилцсон билээ. Дээрх уулзалтын талаар улс төрийн намуудын нарийн
бичгийн дарга нар ам сайтай байсан бөгөөд уулзалтыг цаашид ч зохион
байгуулах нь чухал гэдгийг уламжилж байлаа.

Д.АНАР

Эх сурвалж: www.unen.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж