

Тус хөтөлбөрийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэснээр энэ жил “Эх орон -36” хөтөлбөрт 8000, явуулын сургалтаар 4000 гаруй нийт 12000 орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулахаар төлөвлөжээ. Монголын хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд зориулсан “Эх орон -36” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр өсвөр үеийн хүүхдүүдэд 36 төрлийн чадамжийг 36 цагийн сургалтаар заах юм. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт нийслэлийн төвийн зургаан дүүргийн 2500 орчим хүүхэд хамрагдаж, эх орноо хайрлах, аливаа эрсдэлийг даван туулах тэсвэр тэвчээр, бие даах чадварт суралцсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.