Дэлгэр мөрөнд эндсэн хүүхдийн цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Дэлгэр мөрөнд эндсэн хүүхдийн цогцсыг олжээ

Гол мөрний мөс ханзарч хараахан амжаагүй ч мөс нимгэрч цөн гүйж, мөсөн дээгүүр ус урсаж эхэлсэн учирч болзошгүй аюулаас сэрэмжлэхийг холбогдох албанаас байнга сануулж байгаа. Гэвч хөдөөгийнхөн машин, мотоцикл, морь унан гол гатлах, хүүхдүүд гол дээр тоглосноос аюул осолд өртөж байна. Гуравдугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Ар булан гэдэг газарт долоон настай хүүхэд голын усанд эндсэн эмгэнэлт хэрэг гарч, аймгийн Онцгой байдлын хэлтсээс хүүхдийн цогцсыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.  Онцгой байдлын ажилтнууд хоёр өдрийн турш ажиллаж, хүүхдийн цогцсыг өчигдөр 16 цагийн үед олсон байна. Эрэн хайх ажиллагааны талаар бид Хөвсгөл аймгийн ОБХ-ийн Эрэн хайх салбарын дарга, дэслэгч Н.Мягмарсүрэнгээс тодрууллаа.

-Хүүхдийн цогцсыг эрэн хайх ажиллагаанд манай хэлтсийн долоон ажилтан оролцсон. Хүүхэд осолдсон газраас урсгал дагуу 61 цооног гаргаж, усан доогуур самнасан. Одоогоор Дэлгэр мөрний мөсний зузаан зарим газраа 60-90 см, усны гүн 1,4-1,6 метр байна. Зарим газраа мөс нимгэрсэн байдалтай байгаа. Осолдсон хүүхэд сумын төвд нэгдүгээр ангид сурдаг бөгөөд амралтаараа гэртээ амарч байсан юм билээ. Мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрсөн байна. Хэрэг гуравдугаар сарын 30-ны өдрийн 17-18 цагт гарсан. Цогцсыг мөс цөмөрсөн газраас 400 метрийн зайнаас олсон. Ажлын нөхцөл хүнд байсан ч хэрэгцээт багаж, техник, хангалт харьцангуй сайн учир эрэн хайх ажиллагааг дуусгалаа  хэмээн албаны хүн өгүүлж байна.

Урин цаг ирж, голын ус гэсэн, мөс нимгэрэн сийрэгжсэнээс долоохон настай жаахан охин осолдож, амиа алдав. Ийм аймшигтай хэрэг явдал болсон байтал айл саахалтынх нь хүмүүс морь унаж, мотоцикл хөлөглөн гол гаталсаар  байсныг онцгойгийнхон хэлж байлаа. Ялангуяа амралтаараа гэртээ очсон хүүхдүүд мал хуйгаа услах, ус зөөх зуураа мөсөн дээр тоглосоор байгаа ажээ. Тиймээс томчууд өөрсдөө асар болгоомжтой байж, үр хүүхдүүддээ болзошгүй аюул ослоос хамгаалахыг тэд хүссэн юм.

Мөсний зузаан 20-60 см-ээр нимгэрчээ

Цаг уурын байгууллагаас дөрөвдүгээр сарын 1–ний өдөр гаргасан  мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэр мөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангайн нуруунаас усжих Идэр, Хануй, Суман, урд Тамир, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Тэс, Завхан, Зүйл, Хэнтэйн нуруунаас усжих Хүдэр, Ерөө, Тэрэлж, Туул, Балж, Хэрлэн, Орхон гол, Сэлэнгэ мөрний дагууд болон Алтай нурууны Түргэн, Ховд, Буянт, Сагсай,Булган зэрэг голууд 20-160 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, харлах, шингэн, өтгөн цөн гүйх, цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл идэвхижсэнийг сануулсан байна. Гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 20-60 см нимгэрсэн байна.

Цаашид цаг агаарын дулааралттай уялдан мөсний нягт улам багасаж, мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчих, мал тууварлахад мөс цөмрөх аюултай тул болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалах,  цөнгийн хахаа үүссэнээс шалтгаалан Халх голын сав дагууд усны түвшин өмнөх өдрөөс 45-60 см нэмэгдсэн бөгөөд том жижиг голын ойролцоо шар усны үер буух нөхцөл бүрдсэн тул иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжлохыг  Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж