Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Латви Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ингрида Лэврэнсэг өнөөдөр /2014.04.03/ хүлээн авч уулзлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, хоёр улс 1991 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай явж ирснийг онцоллоо. Тэрбээр,“Сүхбаатар” хэмээн нэрлэсэн Латвийн хөлөг онгоц Хөвсгөл нуурт одоог хүртэл хөвж байгаа. Монголын хөдөө нутгийн бараг айл бүрт Латвиас ирсэн “ВЕФ” радио хүлээн авагч бий. Ригагийн нисэхийн дээд сургуульд манай улс энэ салбарын мэргэжилтнүүдээ бэлтгэж байсан гээд хоёр улсын харилцааны талаар яривал олон зүйл бий” гэлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хуралд Латвийн ГХЯ-ны Парламентын нарийн бичгийн дарга оролцох үеэрээ Улсын Их Хурлын даргатай уулзан хоёр орны парламент хоорондын харилцааг тогтоох талаар ярилцсаныг дурдлаа.

Элчин сайд Ингрида Лэврэнсэ тус улсын хувьд энэ жил онцгой жил хэмээсэн. Латви Улсад ирэх наймдугаар сард парламентын сонгууль болох бөгөөд тус улсын Ерөнхийлөгч анх удаа Монгол Улсад айлчлах гэж байгаа юм байна. Элчин сайд энэхүү айлчлал хоёр улсын хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын хаврын чуулганаар Монгол Латвийн парламентын бүлэг байгуулах асуудал яригдана гээд Латвийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахын өмнө хоёр орны парламентын бүлэг байгуулагдсан байна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа дуулгасан юм.
Элчин сайд Ингрида Лэврэнсэ Латвийн бизнесменүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байдаг гээд тус улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлал хоёр орны бизнес, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргана гэж найдаж байгаагаа хэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.