Ирэх бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 5-наас “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тушаалд үндэслэн хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг гуравдугаар сарын 27-29-ны өдөр бүртгэсэн байна. Бүртгэлд хамрагдсан оюутан заавал 18 настай байх юм байна. Нийтдээ 64 их, дээд сургуулийн нэгдүгээр курсын 450 оюутан бүртгүүлжээ. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд зургадугаар сард тангараг өргөнө. “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг цэргийн ерөнхий хичээл, цэргийн тусгай бэлтгэл сургалт гэсэн хоёр үе шаттай явуулна. Цэргийн ерөнхий хичээлийг дөрөвдүгээр сарын 5-наас зургадугаар сарын 1 хүртэл хоёр сар, цэргийн тусгай бэлтгэлийн сургалтыг зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын дунд хүртэл явуулах аж. Нийтдээ дөрвөн сар гаруй хугацаанд хичээллэж, “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд цэргийн алба хаасанд тооцогдох гэнэ. Энэ жил зөвхөн нэгдүгээр курсын оюутнууд хамрагдаж, хичээлийн бямба, ням гаригт явуулахаар болсон байна.
О.САР