Хариуцлагатай сэтгүүл зүйд уриалж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Хариуцлагатай сэтгүүл зүйд уриалж байна

Хэсэг сэтгүүлч санал нэгдэн, Монголын Медиа консул клубийг /Media Council Mongolia/ байгуулан ажиллаж байгаа билээ. Сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн алдааг шүүн хэлэлцэж, сэтгүүл зүйн салбарыг эрүүлжүүлэх зорилгоор байгуулагдсан клубийн гишүүд долоо хоног бүр цуглан, мэргэжлийн алдаатай, ёс зүйг мөрдөөгүй жишээг хэлэлцэж байгаа юм.

Байгуулагдаад гурван сар болж байгаа клубийн энэ долоо хоногийн хэлэлцүүлэгт анх удаа жирийн иргэн гомдол гаргалаа.

Болсон үйл явдлыг товч өгүүлбэл, өнгөрсөн гуравдугаар сарын 24-25-нд Төрийн ордонд болсон Эдийн засгийн форумын үеэр гомдол гаргагч эмэгтэй УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хажууд суун хэдэн үг сольж, нэрийн хуудсаа өгсөн байна. Гэтэл гуравдугаар сарын 31-ний өдөр www.nuuts.mn сайтад өөрийнх тухай мэдээ гарсан байгааг найзууд нь хэлж, энэ нь мэдээж сошиал сүлжээгээр тарсан байна. www.nuuts.mn сайтад гарсан мэдээг дор буулгалаа.

С.Дэмбэрэл гишүүний “хүүхэндэж” байгаа зураг
 
Нийтэлсэн : 2014-03-31 10:34:52     
 
УИХ-д олон зорилгоор шургалдаг. Мөнгө эрх мэдэл, албан тушаал, тендерийн ерөнхий зохицуулагч гэх мэт “хандах зүгээ” тодорхойлсон нөхөд ард түмний нэрийг барин гишүүн болдог. Тэгвэл тэдний дэргэд хамаагүй “гэгээн” зорилготой нэг эрхэм байгаа нь С.Дэмбэрэл гэнэ. ХАҮТ-ийн тэргүүн тэрээр бараг л “хүүхэндэх” гэж УИХ-д орсон бололтой. “Хүүхэндэх” нь түүний сэтгэл санааг өөдрөг байлгаад зогсохгүй ажиллах эрч хүч өгдөг гэнэ. “Хүүхэндэхгүй” удвал уур уцаартай болох ажлын бүтээмж муудах зэргээр цаагуураа Монгол төрийн “чадавхийг” бууруулсан муу үр дагавартай аж. Эрхэм гишүүний Төрийн ордонд болсон нэгэн арга хэмжээний үеэр “хүүхэндэж” байгаа зургийг та бүхэн харж байна. “Хүүхэндэх”-ийн тулд эхлээд өөрийгөө эерэг талаас нь танилцуулах хэрэгтэй. Үүний тулд гоёмсог сайхан нэрийн хуудас ашигладаг бололтой. Түүнд нь “УИХ-ын гишүүн тэрний тэр болой” хэмээн алтан үсгээр бичсэн байдаг биз. Энэ нь мэдээж бүсгүйчүүдэд цахилгаан мэт нөлөөлнө. Ингээд л “хүүхэндэх” ажиллагаа эхэлдэг гэнэ дээ.    

ММКК уг иргэний гомдлыг хэлэлцээд дүгнэлт гаргалаа.

“Төрийн ордонд болсон үндэсний хэмжээний чухал арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн дэргэд суусан бүсгүйн зургийг Nuuts.mn сайт нууцаар авч нийтэлжээ. Ингэхдээ бүсгүйг С.Дэмбэрэлийн эсрэг дайрах арга хэрэгсэл болгон ашиглаж, ”С.Дэмбэрэл гишүүний “хүүхэндэж” байгаа зураг” хэмээх гарчигтай, бүсгүйн танигдахуйц зураг бүхий мэдээллийг цацсан байна.

Nuuts.mn-ийн дуранд санамсаргүй өртсөн бүсгүй Media Council club-д хандаж “Хуралд санамсаргүй тохиолдлоор хажууд нь суусан эмэгтэйг оролцуулан “хүүхэндэх” гэсэн бүдүүлэг гарчиг бүхий мэдээлэл цацаж байгаа нь сэтгүүл зүйн ёс зүйгүй, хариуцлагагүй, эмэтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан, үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж байна. Миний нэр төрийг гэр бүл, үр хүүхэд, хамтран ажиллагсад болон анд нөхдийн минь өмнө гутаасныхаа төлөө энэхүү мэдээллийн хэрэгсэл уучлалт гуйж, хариуцлага хүлээх нь ардчилсан нийгэмд байх ёстой зарчмын асуудал” хэмээлээ.

Nuuts.mn –нд нийтлэгдсэн мэдээ нь эх сурвалж тодорхой байх, баримт нотолгоотой байх, хувийн үзэл бодлыг баримтаас ялгаж зааглах зэрэг сэтгүүлзүйн бичлэгийн суурь шаардлагыг хангаагүйгээс гадна 2011 онд Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн XV Их хурлаас баталсан Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмын дараах заалтуудыг зөрчиж байна. Үүнд:

-Үнэнийг мэдэх олон түмний эрхэд захирагдаж баримтад тулгуурлан мэдээлнэ.
-Мэдээлэл, баримтыг цуглуулахдаа шударга бус аргыг хэрэглэхгүй
-Шашин шүтлэг, нас хүйс, яс үндэс, бэлгийн амьдрал, чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахгүй.
-Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахыг цээрлэнэ.

Монголд хариуцлагатай сэтгүүлзүйг дэмжин хөгжүүлэх, мэргэжлийн хэм хэмжээний үнэ цэнийг өндөржүүлэх, өөрийн зохицуулалтын тогтолцоог бий болгоход хувь нэмэр оруулах зорилго бүхий Media Council Mongolia клубээс энэхүү мэдээллийг буруушааж, www.nuuts.mn-ийг дээрх “мэдээ”-г залруулан, гэрэл зурагт өртсөн бүсгүйгээс уучлал гуйж, хойшид хариуцлагатай сэтгүүлзүйн зарчмыг эрхэмлэн ажиллахыг уриалж байна” гэжээ.

ММКК нь өмнөх хэлэлцүүлгийн үеэр яригдсан жишээнүүдийг хаалттай байдлаар хэлэлцэж ирсэн бөгөөд энэ удаа анх удаа иргэн өөрийн биеэр гомдол гаргасан, сэтгүүл зүйг цэвэршүүлье гэвэл энэ мэт мэргэжлийн бус, ёс зүйгүй тохиолдлыг нийтээр шүүн хэлэлцэх учиртай хэмээн үзэж, олонд дэлгэхээр шийдсэн билээ.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж