Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хэнтий аймагт ажилласан хоёр дахь өдрөө тус аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Хөдөө
аж ахуйн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр 44 жилийн өмнө
байгуулагдаж байсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв өнөөдөр 700
гаруй суралцагчтай, жил ирэх бүр МСҮТ-д суралцагчдын тоо нэмэгдэж байна.
Үндсэн суралцагчдаас гадна “Оюутолгой” ХХК-ийн зардлаар өнгөрсөн 2 хоёр
жилд 200 гаруй, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр жилд 120
орчим иргэдэд сургалт явуулж мэргэжил олгож байна гэж сургуулийн
удирдлага танилцууллаа. Сургалтын явцад ажлын захиалга авч, ажлын байр
бий болгож, аж ахуйн тооцоон дээр ажилладаг байна.
Тус сургууль
нь тогооч, хоол үйлдвэрлэл, оёдолчин, гоо засалч, барилгын засал
чимэглэлчин, гагнуурчин сантехникч зэрэг 18 чиглэлээр оюутан сургаж
байгаагаас зарим хичээлийн явцтай Ерөнхий сайд танилцаж, оюутнуудтай
уулзлаа. Оёдолчноор л гэхэд тус сургууль 25 оюутан элсүүлж, төгсгөдөг.
Ажлын байрны захиалга Улаанбаатараас мөн хөдөө орон нутгаас ч ирдэг
бөгөөд төгсөгчдийн 70 хувь нь ажлын байраар хангагддаг ажээ.

Хэнтий
аймгийн төвд баригдаж байгаа “Шинэ Өндөр хаан” хорооллын барилгын ажлын
явцтай Ерөнхий сайд танилцлаа. Нийт 720 айлын 12 орон сууц, 928
хүүхдийн сургууль, 80 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр,
худалдааны төв, ногоон байгууламж бүхий хороолол барихаар төлөвлөөд
ажиллаж байна.

“260 айлын орон сууцны барилгадаа Засгийн газрын дэмжлэг авах сонирхолтой байгаагаа аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэллээ.
“Хэнтий
аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ, 100-200 айлын орон
сууцны барилгыг барихад Засгийн газар дэмжье, энэ хавар барилгын ажлыг
эхлүүлж, ондоо багтаан ашиглалтад оруулах учиртай. Хувийн орон сууцны
барилгыг 8 хувийн зээлд хамруулахаар төлөвлөж байгаа. Хамгийн гол нь энэ
орон сууц дэд бүтцэд холбогдсон байх нь чухал” гэж Ерөнхий сайд хэллээ.
Энэ
хорооллынхоо хойд талд 62 айлын хувийн орон сууц барихаар төлөвлөж, 32
барилгын суурийг цутгажээ. Амины орон сууцны барилгад эхлээд захиалга
авах, эсвэл Сүхбаатар аймаг шиг дэд бүтцэд холбосон барилгын суурийг
иргэдэд худалдаалах нь зүйтэй. Ямар ч захиалга авахгүйгээр амины орон
сууцны барилга барьж хэрэггүй гэж Ерөнхий сайд зөвлөлөө.
Мөн
аймгийн төвд орон сууц худалдаж авсан иргэдийг орон сууцны 7 хувийн
зээлд хамруулахаар судалгаа хийгдэж байна гэдгийг энэ үеэр хэллээ.

Ерөнхий
сайд Хэнтий аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжтэй танилцлаа.
Тус аймагт 2012 оноос хойш 80 гаруй үйлдвэр ашиглалтад орж, 5600 гаруй
хүн ажлын байртай болжээ.

“Хэнтий
гутал” хоршоо өнгөрсөн жилийн 6 дугаар сард байгуулагдсан. Гутал засвар
ажиллуулдаг энэ гэр бүл таван хүнийг ажлын байраар хангаж, сард 9 сая
төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрлэлээ явуулахын
зэрэгцээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд гутлын оёдлын хичээл зааж,
олон хүнийг ажилтай, орлоготой болгоход туслах хүсэлтэй гэж “Гутлын
хоршоо”-ны эзэн З.Оюунцэцэг хэллээ.

Жижиг
дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авсан “ЗОМСБЭ” модны зүймэл хавтангийн
үйлдвэр мод модон эдлэл, цэвэршүүлсэн зүймэл хавтан үйлдвэрлэдэг бөгөөд
цаашид үйлдвэрийн барилга барьж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн гэрийн мод,
тавилга хийхийг зорьж бна гэж үйлдвэрийн дарга Л.Зоригханд Ерөнхий
сайдад танилцууллаа.
Засгийн газрын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд
үйлдвэрийн сангийн зээл эзнээ олж, хөдөө орон нутгийн иргэд хувиараа
үйлдвэрлэл эрхэлж ажлын байр бий болгож байгаад талархаж байна. Эх
орондоо үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн нэгнээ дэмжиж гаднаас өндөр үнэтэй
бараа бүтээгдэхүүн авахгүй байх нь сайн. Ийм хөдөлмөрч иргэдээ
Шинэчлэлийн Засгийн газар “Монголдоо бүтээцгээе” зорилтын хүрээнд дэмжиж
ажиллана гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
