Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

“Гоё” чуулган айсуй

Хэдхэн хоногийн дараа хаврын чуулган нээлтээ хийнэ. Зарим улстөрчийн тодорхойлсноор уг чуулган үзэх юм ихтэй, урьд хожид үзэгдээгүй “Гоё” юм зөндөө болно гэж байгаа. Тэр нь Н.Алтанхуягийн танхимын сайд нарт сэлгээ хийх асуудал сөхөгдөхийг хэлж буй юм. Гэхдээ сайд огцруулах асуудал шинэ үзэгдэл биш аль ч парламентын үед сөрөг хүчин нь Засгийн газрын сайдаараа “туг тахих” оролдлогыг хийж ирсэн. Гол нь тавьсан асуудлыг дэмжих масс парламентад байгаа эсэх нь анхаарал татдаг.

Болж буй үйл явдлыг хөөвөл, хаврын чуулган эхлэхэд Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлэх бол сөрөг хүчин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нартай хариуцлага тооцохоор бэлтгэлээ базааж байна. Намын дарга нь ч, “цэрэг” нь ч эдийн засгийг туйлдуулсан буруутантай хариуцлага тооцохоос аргагүй тухай зарлаж буй нь даагаа хатуухан нэхэхийн дохио бололтой.

Учир нь, сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг анх удаа сөхөж байгаа юм биш. Ердөө гурван сарын өмнө огцруулах бичиг үйлдээд 25 гишүүн нь ярайтал гарын үсгээ зурж, УИХ-аар хэлэлцүүлсэн ч бараагүй юм. Унасан бөх ууртай гэдэг шиг муу үгээ ч барцгаасан. Гэхдээ аль ч эрх баригч хүчин Засгийн газартаа хөдөлгөөн оруулахыг хүсэж байсан нь цөөн. Дотроо хагаралдаагүй бол олонхиороо хамгаалаад авч үлддэг. Мөн сайд нарыг шүд сугалах хэлбэрээр нэг, хоёроор нь өөрчлөөд ард иргэдийн амьдрал гоё болсон жишээ цөөн. Энэ өнцгөөс харвал, Н.Алтанхуягийн танхим сайдуудаа хамгаалж үлдсэн нь тухайн үедээ зөв алхам болсон байхыг үгүйсгэхгүй ч бүтэн гурван сар өнгөрөхөд эдийн засагт сэргэлт ирээгүй нь эцсийн дүндээ сөрөг хүчний хувьд ашигтай хувилбар болж буугаад байна.

Нөгөө талдаа Сангийн сайд эдийн засагт хүндрэл үүссэнийг хүлээн зөвшөөрч, амаргүй сорилтууд өмнө хүлээж байгааг монголчууддаа сануулсан нь гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд хамгийн муу мэдээ биз. Яагаад гэвэл, Ерөнхий сайд “Амьдрал тэгтлээ муудчихаагүй, бизнесийн орчинг хумих бодлогыг Засгийн газар хэрэгжүүлээгүй” хэмээн байнга сануулсаар ирсэн. Гэтэл Сангийн сайд 2014 он монголчуудын хувьд бүсээ чангалах жил болохыг зарлачихлаа. Тодруулж хэлбэл, Монгол Улсын санхүү, эдийн засгийг атгаж буй сайд нь ийн үнэнээ хэлчихсэн байхад Ерөнхий сайд “Амьдрал саак байна” гэж хашиграад амжилт олохгүй. Алдсанаа хүлээн зөвшөөрч чаддаггүй юм гэхэд ядаж алдааг томруулах үйлдлийг хийхгүй байх нь энэ улсад хэрэгтэй.

Уг нь эдийн засагт хүндрэл учирч байгааг цөөнх эрх баригчдад ямагт сануулсаар ирсэн. Харамсалтай нь, алдаа бүрээ өмнөх Засгийн газар руу чихэн, асуудлаас өөрсдийгөө холтгож ирсэн ч одоо бол энэ арга хол зам туулахааргүй болов. Засгийн газар Н.Алтанхуяг сайдын мэдэлд ирээд хоёр жилийнхээ босгон дээр ирж байна. Өөрөөр хэлбэл, хаврын чуулганаар Шинэчлэлийн Засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ үлдэж чадвал хийж буй ажлаа дүгнүүлэхэд ердөө хоёр жил үлдсэн гэсэн үг.  

Намрын чуулган завсарласан өдрүүдэд бишгүй л “хөөрхөн” бор шувуу ниссэн. “Н.Алтанхуягийг огцруулж, оронд нь сайд Х.Баттулгыг Ерөнхий сайдаар томилно. Давхар дээлээ Х.Баттулга сайд ганцаараа тайлж, Шинэчлэлийн Засгийн газрыг унаган хаврын чуулганы гунигийг үргээнэ” гэхчлэн… Баттай хэмээн хэлэхэд бэрхтэй ч, эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг шиг Засгийн газрын жолоог атгах мөрөөдөл зөвхөн түүнд байгаа юм биш. УИХ-ын даргаас эхлүүлээд санаархах эрхмүүд цөөнгүй. Эв нь таарвал МАН-ынхан ч Засгийн газарт нь багтахаар тэнэгтэж мэднэ.

Гэхдээ эцсийн дүндээ Н.Алтанхуягийн танхимаас илүү Засгийн газар байгуулж чадах эсэх эргэлзээтэй. “Гоё” чуулган эхлэхэд ердөө дөрөв хоног үлдлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж