
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад 20 төрлийн олон улсын нэршлээр 132, худалдааны нэршлээр 339 нэр бүхий эмийг багтаасан байдаг. Өвдөлт намдааж, халуун бууруулахаас эхлээд үе мөч, тулай өвчний үед хэрэглэх, харшил, уналт таталт, шимэгч хорхойн эсрэг, цус төлжүүлэх, дархлаа саатуулах гэхчилэн маш олон төрлийн эм бэлдмэлүүд багтсан байдаг. Сэтгэл засах, тайвшруулах үйлчилгээтэй эм хүртэл уг жагсаалтад бий. Эдгээр хөнгөллөттэй үнэтэй эмийг нийслэлд нийт 97 эмийн сангаар худалдаалдаг. Зуу шахам эмийн сангаас хямд эм авч болно гээд бодохоор хажууханд байгаа боломжийг бид огт анзаардаггүй юм байна гэсэн сэтгэгдэл эрхгүй төрнө. Эрүүл мэндийн даатгал төлдөг хэн бүхэнд нээлттэй хөнгөлөлттэй эмийг хэрхэн авч болох вэ гэдгийг судалж үзлээ. Мэдээж юун түрүүн эмчийн жор хэрэгтэй. Жорыг өрхийнхөө эмчээр бичүүлсэн байх шаардлагатай ажээ. Хөдөөд бол баг, сумын эмчдээ үзүүлж жор авна.
Нэлээд хэдэн жилийн өмнөөс хэрэгжсэн хөнгөлөлттэй эмийн үйлчилгээний журам өнгөрсөн 2013 оны долдугаар сарын 31-ний өдөр шинэчлэгдэж, есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Уг журамд зааснаар хөнгөлөлттэй эмийг ЭМД-ын шимтгэлээ хаана төлснөөс үл хамааран оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ харъяалалд байх эмийн сангаас авах ёстой юм байна. Нэг удаагаас гурав хүртэлх тооны эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Ихэвчлэн тав хүртэлх хоногийн тунгаар бичих боловч уналт таталтын эсрэг, дааврын болон цусны даралтын, салга өвчин эмчлэх, сэтгэцийн эмгэгийн, чихрийн шижин эмчлэх, бамбайн булчирхайн даавар, элэг цөсний үйл ажиллагаанд нөлөөлөх, элэг хамгаалах эм бэлдмэлийг 30 хүртэлх хоногийн тунгаар бичиж болохыг хуульчлан оруулсан байх юм. Хөнгөлөлтийн дээд хэмжээ 93 хувь, мөнгөн дүнгээр бол 18 мянган төгрөг хүртэл байх юм.
Ийн тоочоод байвал хөнгөлөлттэй эм гэдэг бөөн боломж мэт харагдаж байгаа биз. Гэвч амьдрал дээр хөнгөлөлттэй эмийн үйлчилгээ өгөөжөө өгч байна уу гэдгийг тандахаар хэд хэдэн эмийн сангаар орж үзлээ. Жижиг газруудын хувьд гаднах үүдэн дээрээ “Хөнгөлөлттэй жороор эм олгоно” хэмээн тодотгон бичиж, хүмүүсийг даллан дуудсан нь илт. “Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон ходоод гэдэс, элэг цөс, даралт бууруулах, өвчин намдаах эмүүдийг илүүтэй авдаг. Гуравдугаар сард л гэхэд манайх нийт 126 хүнд хөнгөлөлттэй эм олгосон. Хөнгөлөлтийн хувь хэмжээ эмнээсээ шалтгаалаад ижилгүй. Гэхдээ нэг хүнд багаар бодоход 4-6 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг. Харин бид үнийн зөрүүг ЭМД-ын сангаас нөхөж авдаг” гэсэн юм.
Хөнгөлөлттэй үнээр эм авч, үр дүнг нь мэдэрдэг хүмүүсийн олонх нь ахмад настнууд ажээ. Тэд багыг бага гэлгүй, “төрийн буян” хэмээн хүртдэг хүлээцтэй хүмүүс. Тиймээс ч хөнгөлөлттэй эмийн талаарх санал гомдол бага байдаг бололтой.
Харин миний хувьд хүүхдэд бичиж өгсөн эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах гэж 10 гаруй хоног олон ч эмийн сангийн босгыг элээлээ. Өрхийн эмчийн бичиж өгсөн жорыг барьж очсон анхны эмийн санч бүсгүй “Наадах эмч чинь манайх шиг жижиг газруудад байхгүй ээ. Та Монос, Тавин ус, Хүрмэнгийн л аль нэгд оч” гэсэн зөвлөгөө өгдөг юм байна. Найдвартай байх магадлалтайг нь бодож Моносоор орлоо. Гэвч Моносынхон манай салбарт алга, та өөр салбар руу оч гэлээ. Зааж өгсөн салбарынхан нь ч мөн толгой сэгсрэн угтлаа. Хүрмэнд л байгаа даа гэж байна. Бас л байсангүй. Арга ядаад Тавин усыг зорин очвол “Энэ сарын лимит дууссан. Дараа сард ир” гэж байх юм. Сар гаруут гүйгээд очлоо. “Манай эмийн сангийн даатгалын хөнгөлөлт бүтэн жилийнх нь одоо дуусч байгаа. Үдээс өмнө л хөнгөлөлттэй эм олгоно” гэсээр ширэв татаж байх юм. Арга ядсандаа ажлаа таслан байж өглөө эрт очвол “Таны жор бичсэн өдрөөс хойш 10 хоног өнгөрчээ. Үйлчлэхгүй” гэв. Хүүхдээ гэсэн сэтгэл л хамаг уур бухимдлыг дарж байлаа. Өрхийн эмнэлэг рүү очиж жороо солиулаад очтол харин “Уучлаарай, энэ эм анх хөнгөлөлттэй үнийн жагсаалтад орж байснаасаа үнэд орчихсон болохоор хөнгөлөлттэй өгөх боломжгүй” гэсэн хариу өглөө.
Ийм хөнгөлөлт гэж байх уу. Хувь хүмүүсийн эрхэлдэг жижиг эмийн сангууд нь байг гэхэд сүлжээ олонтой, ашиг өндөртэй эмийн сангууд нь хөнгөлөлттэй эмээ хүндрэл чирэгдэлгүй олгодоггүй юм байна. Хөнгөлөлт гэсэн сайхан тодорхойлолтттой ч хүндрэлтэй энэ үйлчилгээ сарын эхний хагаст л үйлчилдэгийн дээр эмийн үнэ өндөр, хөнгөлөлтийн хувь хэмжээ нь их байх тусмаа олгох сонирхол байдаггүй нь илт. Хөгшид голдуу үйлчлүүлдгээс дээрэлхэж сурсан өнгө аяс ч эмийн санчдын царайнаас тод. ЭМД-аа төлснийхөө төлөө хөнгөлөлттэй үйлчилгээ авч байгаа бус баян айлын харамч эхнэрээс гуйлга гуйсан дайтай хүнд байдалд орж буй иргэдийн нэг би болж хувирав. Хүнд, цочмог өвчтэй хүмүүс бол хөнгөлөлтийг хүлээж цаг алдсанаас амь насаараа ч хохирч мэдэх нь. Эмийн сан болгонд олддоггүй хөнгөлөлттэй үнээр эм худалдаалах эрх авсан газруудыг үүргээ хэрхэн биелүүлж байгаа эргэж шалган, эргэлзээтэй заримынх нь зөвшөрлийг цуцалж байвал яасан юм бэ. Энэрэнгүйн үйлийг төгс утгаар нь хэрэгжүүлж чаддаггүй юм гэхэд өвдсөн, тэвдсэн хүмүүст үнэн сэтгэлээсээ үйлчилдэг болгооч. Шалгалтыг Монос, Хүрмэн, Тавин ус зэрэг томоохон эмийн сангуудаас эхлэе.