Хөгжлийн банк МИК-д хувь эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк МИК-д хувь эзэмшинэ

Монгол Улсын Хөгжлийн банк Монголын ипотекийн корпораци /МИК/-д хувь эзэмшихээр болж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх замаар иргэдийг орон сууцжуулах зорилгоор МИК-д төр тодорхой хувь эзэмших нь зүйтэй гэж үзэж засгийн газраас тогтоол гаргасан. Энэ дагуу төр хувь эзэмшихэд зориулан Хөгжлийн банкны эх үүсвэрээс 10 хүртэл тэрбум төгрөг зарцуулахыг зөвшөөрсөн юм.

Монголбанк болон арилжааны 10 банк хамтран байгуулсан МИК нь арилжааны банкууд дахь орон сууцны зээлийн багцыг худалдан авч, иргэдийн авсан эл зээлээр баталгаажсан бонд гарган дотоод, гадаадын зах зээлд арилжиж, хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Манай улсын хувьд дотоодын ипотекийн зах зээлээ хөгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах нь нэн чухал байгаа. Улмаар иргэдийнхээ амьжиргаанд тохируулан, орон сууцны урт хугацаатай зээл олгох боломжийг нэмэгдүүлэхэд ипотекийн зээлээр баталгаажсан бондын арилжаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах замаар санхүүжилт бүрдүүлэх нь мөн чухал байна. Тиймээс орон сууцны зээлээр баталгаажсан бондын арилжаа эрхэлж буй МИК-д төр хувь эзэмших замаар гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх, тэдний сонирхлыг татах, цаашлаад манай ипотекийн хоёрдогч зах зээл зөв замаар хөгжих боломжийг өсгөх зэрэг ач холбогдолтой гэж үзэж буй ажээ.  

Одоогийн байдлаар МИК-ийн нийт хувьцаанаас Монголбанк  2.81, Төрийн банк мөн 2.81, арилжааны найман банк нийтдээ 94.38 хувийг тус тус эзэмшдэг бол  Хөгжлийн банк нэмэлт 2.5 сая ширхэг хувьцаа худалдан авснаар тус банкны хувь эзэмшил нь 14.88 хувь болж байна. Тус корпорацид одоогийн байдлаар арилжааны банкуудаас ипотекийн зээлийн 690 багц байгаа аж. Үүний 95.1 хувь нь “буцаах нөхцөлтэй” буюу банкин дахь иргэдийн орон сууцны зээл муудсан тохиолдолд тухайн банкинд буцаан худалдах, 4.9 хувь нь “буцаах нөхцөлгүй” буюу эрсдлийг МИК хүлээх зээл эзэлж байгаа юм. 

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж