Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Хариу нэхдэггүй хайр

Нэг настай байхад чинь тэр чамайг хооллож, усанд оруулна


Хариуд нь чи шөнөжингөө уйлж, цурамхийлгүй хонуулна


Хоёртой байхад чинь явж сурахад чинь тусална


Хариуд нь чи хаашаа хамаагүй гүйж алга болчих гээд сандаргана


Гуравтайд чинь амттай хоолыг янз янзаар нь хийж өгнө


Хариуд нь чи ширээгээр нэг асгаж хэрэг тарина


Дөрөв хүрэхэд чинь өнгийн харандаа авч өгнө


Хариуд нь ханын цаасаар нэг эрээчиж, бэлэг барина


Тавтай болохоор чинь гоё хувцас өмсгөөд баярт дагуулж явна


Хариуд нь хувцсаа шавар туучиж мялаана


Зургаа хүрэхэд тэр чамайг сургуульд дагуулж явна


Хариуд нь чи явахгүй гэж урваганана


Долоотой болоход бөмбөг авч өгнө


Хариуд нь чи хөршийн цонхыг хагалж чихийг нь халууцуулна


Наймтайд чинь чамайг зайрмагаар дайлна


Хариуд нь хамаг хувцсаараа нэг нялж орхино


Есөн настай байхад чинь төгөлдөр хуурын хичээлд явуулна


Хариуд нь чи хичээлээ давтахгүй залхуурна


Арав хүрэхээр чинь тэр чамайг дугуйлан, найзуудын чинь төрсөн өдөр, тоглоомын газар руу өдөржин зөөж дахина


Хариуд нь эргэж ч харалгүй машинаас буугаад гүйгээд явчихна


Арван нэгтэй болоход чинь чамайг найзуудтай чинь кинонд дагуулж явна


Хариуд нь чи түүнийг холхон суухыг хүснэ


Арван хоёртойд чинь тэр чамд зурагт бага үзэхийг сануулна


Харин чи гараад явангуут нь удирдлагаа шүүрч авна


Арван гуравтайд чинь тэр үсний засалт санал болгоно


Хариуд чи хуучирч, хоцрогдсоноор нь дуудна


Арван дөрөв хүрэхэд чинь тэр чамайг хүүхдийн зусланд амраана


Хариуд нь чи утсаар ганц ч ярьчихгүй санааг нь зовооно


Арван тавтай болоход чинь тэр ажлаасаа ирээд чамайг тэврэхийг хүснэ


Харин чи өрөөнийхөө хаалгыг цоожлоод таг суучихна


Арван зургаа хүрэхээр чинь жолооны дамжаанд явуулна


Хариуд нь чи боломж л гарвал машиныг нь унаж яваад олдохгүй болно


Арван долоотойд чинь тэр хэн нэгэн чухал хүн өөртэй нь ярихыг хүлээнэ


Харин чи өдөржин, шөнөжин утас улайтал яриад салахгүй


Арван найм хүрэхэд тэр төгсөлтийн чинь баярт баярын нулимс унагана


Хариуд нь чи үүр цайтал дарвиж яваад нойргүй хонуулна


Арван естэйд чинь тэр сургуулийн дотуур байранд чамайг хүргэж ирнэ


Хариуд нь чи үнсүүлэх ч үгүй гүйгээд орчихно


Хорьтойд чинь тэр чамаас хэнтэй уулзахаар явж байгааг асууна


Хариуд нь чи “Танд хамаагүй” гэж гөжүүдлэнэ


Хорин нэгтэй болоход чинь ирээдүйн ажлын чинь тухай чамтай ярилцана


Хариуд нь чи “Таны үе өнгөрсөн” гэж хэлж гоочилно


Хорин хоёртойд чинь их сургуулийн төсгөлтийн баярт чинь баяр хүргэнэ


Хариуд нь чи гадаад явж амармаар байна гэж цамаархана


Хорин гуравтай болоход чинь тэр байранд чинь тавилга авч өгнө


Харин чи найзууддаа шал тэнэг тавилга авч өгсөн гэж ярвагнан ярина


Хорин дөрөвтэй болоход хайртай хүнээс чинь цаашдын амьдралын талаар асууна


Хариуд нь чи муухай хараад өнгөрнө


Хорин тав хүрэхэд тэр хуримын зардлыг чинь гаргаж, хөл нь газар хүрэхгүй хөөрнө


Харин чи хаа хол байранд орчихоод таг алга болно


Гуч хүрэхэд тэр хүүхэд өсгөх талаар зөвлөгөө өгнө


Хариуд нь “Хоцрогдсон арга” гэж томорно


Дөч хүрэхэд чинь тэр хаа нэг тийшээ хамт явахыг гуйна


Харин чи завгүй ажилтай гэж цааргална


Тавьтай болоход чинь тэр өвдөөд хэвтэнэ, чиний асаргааг хүснэ


Харин чи ажил амьдралдаа дарагдаад тээршаана


Нэг л өдөр тэр бурхны оронд чимээгүйхэн яваад өгнө. Чамд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй зовлон, бэрхшээл мөндөр мэт шаагин ирнэ.


Хариу нэхдэггүй хайрын бурхнаа амьд байгаа дээр нь хайрла. Эргэж ирэхгүйгээр яваад өгсөн бол элч гэрлийн ундарга шиг хайрыг нь эргэн эргэн дурс. Ээжийгээ хайрла.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж