
Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт улам багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.
Цөнгийн хахаа үүссэнээс шалтгаалан Халх голын дагууд усны түвшин өмнөх өдрүүдэд 45-60 см нэмэгдсэн байна. Иймд том жижиг голуудаар шар усны үер гүйх нөхцөл бүрдээд байгаа тул ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжлохыг анхааруулж байна. Ялангуяа ажиглалт хэмжилт, хяналт мэдээлэлгүй жижиг гол сайрын сав газарт нутаглаж буй ард иргэдийг байнга анхаарал сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс зөвлөж байна.