ОХУ-тай хамтын ажиллагаагаа НАТО цуцлав

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

ОХУ-тай хамтын ажиллагаагаа НАТО цуцлав

Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО ОХУ-тай иргэний, бизнес, цэргийн салбар дахь бүх талын хамтын ажиллагаагаа цуцалсныг мэдэгдлээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдэхдээ ОХУ Украинаас Крымын хойгийг салгаж авснаар Европын аюулгүй байдалд том заналхийлэл учруулсан хэмээжээ. Гэхдээ шаардлагатай нөхцөлд НАТО болон ОХУ-ын зөвлөл элчин сайдуудын түвшинд уулзаж, үзэл бодлоо солилцож байх аж.

НАТО-гийн гишүүн 28 орны Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн даваа гаригаас /III.31/ эхлэн Брюссельд хуралдсан юм. НАТО-гийн уулзалтанд Украины сайд нар ирж оролцсон аж. Тэд Украины Батлан хамгаалахын салбарт цэргүүдийг дадлагажуулах болон бусад хөтөлбөрөөр дамжуулан НАТО-той хамтарч ажиллахаар тохиролцжээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украиныг НАТО-д нэгдэхээр ямар ч оролдлого хийсэн Кремлийн талаас хүчтэй эсэргүүцэхийг анхааруулсан байна. НАТО-гийн удирдлагууд ирэх зургадугаар сард болох дараагийн уулзалтаараа ОХУ-тай ирээдүйн харилцааг эцэслэн шийдвэрлэх гэнэ.

Өмнө нь Андерс Фог Расмуссен ОХУ-ыг Крымын хойгт Украины хилийн дагуу байршуулсан цэргийн хүчээ эргүүлэн татаж буй гэх мэдээллийг үгүйсгэж байсан юм.  ОХУ нь Украины зүүн хэсгийн хилээр олон мянган цэргийн хүчээ байршуулсан нь Киев болон Барууныханд түгшүүр төрүүлээд буй аж. НАТО-гоос мэдэгдсэнээр Украины зүүн хилийн ойролцоо ОХУ-ын 35000- 40000 цэрэг, олон тооны хуягт, зэвсэгт техник хэрэгслүүд төвлөрсөн байгаа гэнэ. Харин Кремлийн зүгээс үүнийг цэргийн сургуулилт хэмээн мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ НАТО цаашид Зүүн Европ дахь цэргийн баазын хүчээ нэмэгдүүлж, дасгал сургуулилтаа өргөтгөх бодлого барихаар шийдвэрлэсэн билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж