Мөлхөө жаал гэрийнхээ босгыг даван гараад, эсвэл эцгийнхээ мөр, ээжийнхээ энгэрээс хараа цуцам уудам газар нутаг, мал сүрэг, тэнгэр хангай, говь талаа хардаг. Малчин, анчин, морьтон баатруудын хараа фото дурангаар бол үргэлж алс холын горимтой. Харааныхаа хэрээр сэтгэнэ. Нүүдэлчид ерөнхийгөөс эхлэн тодорхойд, холоос дараа нь ойрд шилждэг сэтгэлгээтэй. Өвсний гарц муу бол удахгүй нүүнэ дээ гэж гэрээ барина. Уртын дуу, цаг, талбай, жингээр хязгаарлахгүй бөх, наадгай гэх зэрэг оюуны соёл, хувцас чимэглэл, эд хогшил, гэр сууц, мал сүрэг, хоол унд нь ч нүүдлийн ая даахад тохирсон байна. Монгол хүн эхлээд овог яс, дараа нь эцгийн алдар, эцэст нь өөрийнхөө нэрийг ярьж бичдэг дараалалтай. Он, сар, өдөр гэсэн дарааллаар цаг хугацааг тоолно. Их хэрэм, хотын хашаанаас гадуур нүүдэллэнэ. Хүнс хоол, гэр сууц, төр засаг, хөгшин хөвөөтэйгээ бүгд нүүдэллэн одож, нүүгэлтэн ирэх хурдтай, байнгын хөдөлгөөнт амьдрал ахуй. Их газарт цөөхүүлээ нүүдэллэн аж төрсөөр ирсэн билээ. Уудам их газар нутгаа хайрлах харилцаанаас нүүдэлчдийн оюун, эдийн соёл цогцлон буй болжээ.
Өрнийн суурин соёлын иргэний сэтгэлгээ нүүдэлчнийхээс эсрэгээрээ, тодорхойгоос эхлээд ерөнхийд шилжинэ. Алга дарам газрын амтанд шимтэх, нүүхгүй суух, хэдэн үеэрээ амьдрах байшингийнхаа тоосго нэг бүрийг тэгшхэн өрөхийг хичээнэ. Хүүхэд нь эхлээд байшин доторхоо, дараа нь хашаа, гудамж, тэгээд хотоо харж мэднэ. Нэгж талбай, жижиг зүйлсээс буюу тодорхойгоос ерөнхийд шилжсэн сэтгэлгээ. Аян зам, ажил хэргийг яс тооцно. Эхлээд өөрийн нэр, дараа нь эцэг эх, эцэст нь овгоо бичнэ. Өдөр, сар, он гэсэн дарааллаар цаг хугацааг тоолно. Бага газарт олуулаа зэрэгцэн зохицон амьдарна.
Нүүдэлчид хот балгад үүсгэж байсан ч тэндээ байнга аж төрөн сууж байсангүй. Хархоринд хаан үргэлж хотод суухгүй, их өргөөтэйгээ, төр, тамгатайгаа нүүдэллэнэ. Хубилай хаан одоогийн Бээжинд нийслэлж суусан хэдий ч нангиад иргэд харах боломжгүй хашааны цаана айраг эсгээ ууж, адуугаа хураалгаж байсан билээ. Эзэнт гүрний төв Цагаан хэрмийн дотор шилжсэнээр эртний түүхт Хархорины ач холбогдол үгүй болж, хожим нь Мин улсын цэрэг галдан шатааснаас хойш нүүлгэх аргагүй хот балгадыг бүр ч тоохоо больжээ. Сүм хийдээ дагаад өндөр хог, золбин ноход, шавар гудамтай хүрээ суурин үүсэхэд монголчууд байран суурин аж төрөхгүй ирэн очин байдалтай, панз наймааны хятад голдуу харь иргэд зонхилон аж төрж байв.
Тэнгэрийн дайдад хүрэх уудам газар хаан буюу төрийнх. Хувь хүн, айл өрх, баян, ноён хэн ч бай газар өмчлөхгүй. Газар ухаж сэндийчэх, савдаг лусын хорлол болж, ус гол бохирдуулахыг цээрлэнэ. Цай идээнийхээ дээжийг уул усандаа өргөнө. Өгөөдэй хаан өртөө зам хэмээх дэд бүтцийг үүтгэж, худаг нээлгэж, Хубилай хаан усан тээврийн суваг шуудуу ухуулж, худалдаа, тээвэр саадгүй хөгжүүлж байсан түүхтэй. Эзэнт гүрэн өргөн их нутгаа алган дээрээ тавьсан мэт харж, торгон замаар өрнө дорныг холбож, чөлөөт худалдаа, эд таваар, соёл, мэдлэгийг солилцуулж “Монголын энх тайван”-ыг тогтоож байв. Манжийн эрхшээлийн цаг дор аймгийн зохион байгуулалт нүүдлийн мал аж ахуй, нүүдлийн соёлдоо зохицсон хэвээр үлджээ. Өвөлдөө говьдоо дулаан, зундаа хангайдаа сэрүүн байх нутаг дэвсгэртэй.
Хорьдугаар зуунд монгол нүүдэлчид коммунизмаас тусгаар тогтнол, төр улс, байнгын арми, нийтийн эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, шинжлэх ухаан, соёл урлагийн олон талын дэвшилд хүрч их хожоо олсоны нэг нь хот, хотжил юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануурыг босгосон явдал. Мөдхөн нүүх гээд ч байгаа юм шигээр хотод ундуй сундуй амьдардаггүйг ухамсарлуулан өрнүүлсэн хөдөлгөөн. Дарханыг гэхэд Шарын гол нь нүүрсээр, Хонгор нь үр тариагаар, Орхон нь жимс, ногоогоор хангахаар иж бүрэн төлөвлөн байгуулсан. Хоёр зуун жилийн дараа өртгөө нөхөх, ой нь түргэн зуур дуусах модны аж ахуй мэтийн төлөвлөлтгүй төлөвлөлт ч олон байв. Улсаас худаг ухаж, өвөлжөө барьж өгч, өвс тараасан ч мал нь хувийнх биш учраас 25 саяас дээш гарч өсөөгүй. Газар битгий хэл мал, орон сууц, үзэл бодол хүртэл улс нийгэм, нам засгийнх байлаа.
Эзэнт гүрний цагт ч, бага хаад, Манжийн эрхшээлийн үед ч, капитализм дээгүүр морьтойгоо харайж байхад ч монголчууд газраа өмчилж байсангүй. Харин өнөөдөр өмчлөх эрхтэй болсон ч газраа төлөвлөж, үр өгөөжтэй ашиглахад хандлага, соёл, мэдлэг, хууль эрх зүйн орчин дутаж байна. Бусдынхаа замыг хааж хашдаг нь, барьсанаа нураадаг нь, тариа ургахгүй бол талбайгаа хаячихдаг нь энэ бүхний илрэл. Тэр бүхний суурь болсон газраа бүх талаас нь шинждэггүй, иж бүрэн төлөвлөдөггүй, ил тод зах зээлийн бүтээгдэхүүн болгож бүртгэдэггүй, салбар, аймаг бүхэн тус тусдаа тооцдогийн алдаа, түүн дээр байшин барьж тоглосон төсвийн үрлэг зарлага гарч байна. Аль эрт 13 дугаар зуунд Евразийн газрын зургийг маш нарийвчлалтай бүтээлгэж, өнөөдрийн гуч гаруй улсын нутаг дэвсгэрийг бүхлээр нь харж, нарийвчлан зуруулж, зам өртөөг хэрхэн залгуулах, худалдаа, наймааг яаж саадгүй явуулахыг бодож тооцож байсан өвөг дээдсийн үр хойч бид өнөөдөр эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисыг шинжин мэдэхгүй, өөрсөддөө садаа тээг босгосоор байна.
Авлигажсан объектуудын уг шалтгаан нь газрын иж бүрэн судалгаа, төлөвлөлт, хүн ам, зах зээлийн багтаамж, нөөцгүйгээр, бүр газар ч үгүйгээр төсөвлөхөөс эхэлсэн. Төсвийн, Барилгын болон бараа, үйлчилгээ худалдан авах хуулийн заалтуудыг илтэд зөрчин, зураг төсөвгүй, төсөвт өртөггүй, ТЭЗҮ-гүй, газрын зөвшөөрөлгүй, техникийн нөхцөлгүй байхад нь татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн төсвийн хөрөнгийг түрүүлж яараад, ахин дахин өгч байсны үр дагавар юм. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт хүний хэрэгцээ шаардлага, хатуухан хэлбэл хүний зовлонгоор наадсан гоё зорилгын цаана үнэ өртгийг нь нэмэх, хугацааг нь сунжруулах, онцын шаардлагагүй барилга барьж ашиг олох арга зам нуугдаж байсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг “нээсэн”. Дорнодод аймгийн төвөөсөө 10 км-ийн зайтай Баянтүмэн суманд том театр барих нь хэрэгцээ, багтаамж, нөөцийн хувьд ямар ч утгагүйг УИХ-ын дарга З.Энхболд цохон дурьдахаа эрх биш үүрэг гэж үзэхээс өөр аргагүй. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат инженер хүний хувьд ч Улаанбаатарт гарц хэрэгцээтэй байхад Булганы нэг багт машин даахгүй, явган хүний гүүрэнд 2,5 тэрбум төгрөг зарцуулсаныг ойлгох боломжгүй. Монгол гэдэг нэг л эх оронтой, нэг л газар нутагтай атлаа салбар, аймаг бүр тус тусдаа төлөвлөх нь “Ухаалаг төрийн биш Том төрийн” үйлдэл. Эдийн засгийн харилцааны үндсэн хэрэгсэл, эх суурь нь болсон Газрын тухай хуулиа шинэчлэн найруулж, хаана, юу барихаа салбарууд шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай хамтарч төлөвлөөд, орон нутгийн иргэд, ИТХ-уудаар хэлэлцүүлж нэгдсэн байдлаар төсөвлөдөг бол хэмнэлт гарч, хийдэл арилж, хэрэгцээндээ нийцүүлж барьж бүтээх юм бол царцаах, хөлдөөх, гацаах уг суурь шалтгаан нь арилна.
Хамгаас үнэ цэнэтэй газар нягтлан бодох бүртгэлд ордоггүй, өмч гэж тооцдоггүй, “га+зар” гэмээр олон жилийн туршид далд наймаа, хэрмэл сүлжээ болж хувирсан. Нобелийн шагналт эдийн засагч Эрнандо дө Сото Монголд ирж “Капиталын нууц”-аа дэлгэсэн ч газар бүртгэлд ороогүй хэвээр байна. Газар нутгийнхаа 0,4%-д хүн амын тал нь суурьшиж буй нь айлаар бол таван ханатай гэрийнхээ өрөөсөн хөлийн зайд давхарлаад зогсож байна гэсэн үг. Хүссэн ч, эс хүссэн ч бүгд нүүхгүй, хот суурин газарт өнөөдөр хүн амын 80 хувь нь, хөдөөд 155 мянган малчин өрх нүүдэллэн аж төрж байна. Хөдөөд ч газраа ухаалаг ашиглах, юунаас юу болоод байгааг мэдэж аж төрөхгүй бол эх орны нутаг цөлжиж байна. Эрс тэс, хуурай уур амьсгал, өөрчлөлтөнд эмзэг байгалийн хүчин зүйлс бол улам бүр ухаалаг, ул суурьтай, “Хаана юу хийх вэ? Хаана юу хийхгүй вэ? гэдгээ иж бүрэн шинжлэн судалж, нэгдмэл байдлаар төлөвлөн тооцох ухрах газаргүй үүрэг. Бэлчээрээ талхалж, хөрсний үржил шимийг бууруулж, гал түймэр, хортон шавьж, модны замбараагүй хэрэглээ үргэлжилсээр, уулаа нурааж, усаа ширгээсээр байвал угаасаа эмзэг нутаг эргээд нөхөж баршгүй гарз хохиролд өртөнө. Тариалангийн 39072.1 га, бэлчээр, өвслөг ургамалт газарт 8804182 га, хот тосгон, суурин газарт 6582.2 га, ойн санд 153799.3 га, усны сан бүхий 533.9 га, ухагдаж эвдэрсэн газрын хэмжээ 10487.8 га байна. Урт нэртэй хууль ус, ойг хамгаалах “сайхан сэтгэлтэй” мэт боловч зөвшөөрөл өгөхөөс өмнө олгогдсон талбай бүрт геолог, хүрээлэн буй орчны инженер-геологийн иж бүрэн судалгаа, дүгнэлттэй байсан бол анхнаасаа хувийн хөрөнгө мөнгө ч салхинд хийсэхгүй, өгч чадахгүй нөхөн төлбөр гарахгүй, төрийн хууль хэрэгжихгүй өнгөрөхгүй байсан билээ.
Хотод ч, хөдөөд ч газарт хандах соёл, газрын ил тод зах зээлийн тухай мэдлэг буюу бидний сэтгэлгээ, хандлага, хууль, хариуцлагын ёстой л “газар дээр нь шийдэх” гэдэг шиг хийх суурь өөрчлөлт шинэчлэл эх нутгийн үнэ цэнэ, өртөг төлбөртэйгээр хүлээгдэж байгаа билээ. Асар их үнэ цэнэтэй газар нягтлан бодох бүртгэлд өмч гэж үнэлэгдэхгүй явж ирсэн нь, тэгсэн атлаа га+зар болгон наймаалсан нь, салбар бүр тус тусдаа барилга бүтээн байгуулалт төлөвлөж давхардал хийдэл гаргадаг нь, олон албан тушаалтан газар олгодог нь, нөхцөл, бизнесийн нөөц, хэрэгцээг нь судлахгүйгээр, бүр газаргүйгээр авлигажсан объектууд хэмээх байшин барьж тоглодог нь, иргэд газраа өмчилдөггүй нь, газраа тэр бүр мэдэж хайрлаж хамгаалдаггүй нь үндсээр нь шийдэх асуудал. Хууль гарсанаас хойш газар өмчлөл аймгуудад 16,78%, нийслэлд 8,12%, улсын хэмжээнд 12,96 хувьтай, арван хүний ес нь үлдчихээд буй нь газрын үнэ цэнэ, өмчлөлийн талаарх ойлголт, мэдээлэл дулимаг дутуугийн үзүүлэлт. Харин энэ онд нийслэлд гэр хорооллыг дахин төлөвлөх, гэр бүлд зориулан 52 байршилд 15309 га газар өмчлүүлэх ажлыг байр зүйн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх нь тооцоо судалгаатай, иж бүрнээр хандах эхлэл жишиг болно. Газрын зах зээлийг нээлттэй, ухаалаг болговол 18 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 15%-ийг бүрдүүлж, дор хаяж 2 хувиар өсгөх ашиглаагүй бололцоо, “Капиталын нууц” нээгдэнэ. Ертөнц бидний ухамсрын тусгал гэдэгчлэн газар нутгаа дээдлэх өв уламжлалаа хадгалахын зэрэгцээ, шинжлэх ухаан, арга зүй, мэдлэгийг ашиглах сэтгэлгээ, баялгаа ч нээж, байгалиа ч хамгаалах зэрэг шинэ хандлага, соёл, мэдээлэл, хууль эрх зүйн ил тод, үр ашигтай орчин нөхцлийг бүрдүүлэхэд ухрах газар алга байна. Газар бол далд “га+зар” биш, ил тод өмч.
газрын дарга А.Хүрэлшагай