Солонгосчууд дайтах уу?

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Солонгосчууд дайтах уу?

Солонгосын хойгт даваа гаригт /III.31/ нэг үндэстэн боловч эсрэг үзэл бодолтой хөрш орнууд нэгнийхээ эсрэг их буугаар галлаж, сүрийг үзүүллээ. Хойд Солонгосын талаас эхэлж сануулгагүй их буугаар гал нээснийг Өмнөдийн арми зүгээр хараад сууж төвдсөнгүй. Пхеньян цэргийн хээрийн сургуулилт хийхээр болвол Сөүлд заавал мэдэгддэг аж. Ууртай хөршүүд гурван цагийн дотор 800 гаруй удаа нэгийхээ эсрэг баруун эргийн далай руу их буугаар гал нээжээ. Хойд Солонгос 500 гаруй удаа далай руу их буугаар буудахад 100 орчим сум хоёр орны хилийн маргаантай далайн бүсэд туссан байна. Хойд Солонгос даваа гаригт хилийн долоон бүсэд цэргийн хээрийн сургуулилт эхлүүлээд буй нь энэ юм.

Дэлхийг цочроосон эл хэргийн улмаас хоёр орны усан хилийн маргаантай бүсэд орших Өмнөдийн Пэннёндо, Ёнпхёндо арлын оршин суугчид айж, сандарч түр хоргодох байруудад цугласан байв. Оршин суугчид ойр зуурын хэрэглээний зүйлсээ хамж аваад, хорогдох байруудад нэгнийгээ бараадан байдлыг ажиж байжээ.  Учир нь эдгээр арлууд Өмнөд Солонгосоос илүү Хойдын газар нутагтай ойр юм. Өмнөд Солонгосын зүгээс өнгөрсөн 2010 оны удаагийнх шиг Пхеньяний буудсан их бууны сум арал дээр туссан бол хариу агаараас дайралт хийхээр зэхэж байсан аж. Солонгосын дайны дараа НҮБ-ын зүгээс Хойд болон Өмнөдөд баруун хэсгийн усан хилийг тогтоож өгсөн ч Пхеньян үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм.

Хойд Солонгос өнгөрөгч гуравдугаар сард өдөөн хатгасан үйлдэл ихээр гаргасан. Пхеньян өнгөрөгч сард богино болон дундын зайн тусгалын 80 гаруй пуужин харвасны хоёр нь баллистик пуужин байсан юм. Гэтэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосыг баллистик пуужин туршихыг хориглосон байдаг. Үүний улмаас НҮБ-аас Хойд Солонгосыг хориг зөрчсөнд буруутгаж, хариу арга хэмжээнд бэлтгэлтэй байхыг сануулсан. Энэ нь мэдээж Пхеньяний эрх баригчдын эгдүүцлийг төрүүлжээ. Хойд Солонгосын эрх баригчид НҮБ-д хандан шинэ төрлийн зэвсэг туршиж, цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм.

Гэхдээ үүнээс илүү “өшөөт дайсан” гэгддэг АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд өнгөрсөн долоо хоногт болсон Цөмийн аюулгүй байдлын чуулганы үеэр тусгайлан Пхеньяний талаар хэлэлцсэнд Хойдынхны дургүйцэл их байсан юм. Энэ бүхний дараа өөрсдийг нь дорд үзсэн дайснууддаа Хойд Солонгос армийнхаа сүрийг үзүүлэхээр хээрийн сургуулилт явуулж, Өмнөд рүү их буугаар гал нээсэн нь энэ аж. Өмнөх саруудад нь Хойд, Өмнөд Солонгосууд эвлэрэх, нэгдэх, хамтран ажиллах талаар ярилцаж байсан ч энэ болгонд АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт саад болсоор ирсэн нь нууц биш юм. Энэ ч бас Хойдуудын уурлах бас нэг шалтгаан билээ.

Өнгөрсөн рүү эргэн харвал, Хойд болон Өмнөд Солонгосын хооронд дээрхтэй ижил харилцан их буугаар гал нээсэн тохиодол 2010, 2011 онуудад гарч байжээ. Хойд Солонгосын их бууны сумнууд 2010 оны арваннэгдүгээр сард Өмнөдийн Ёнпхёндо аралд хүрч, их хэмжээний хохирол учруулсан аж. Энэ үеэр  дөрвөн хүн амь үрэгдэж, 19 хүн гэмтэж бэртжээ. Мөн арлын ой, газар нутгийн 70 хувь, 21 айлын сууц, захиргааны найман барилга шатаж, сүйдсэн байна. Өмнөд Солонгосын арми далай руу их буугаар галлаж, цэргийн сургуулилт хийснээс хоёр орны хооронд сөргөлдөөн үүссэн аж. Сөүлийн үйлдлийн хариуд Пхеньян 170 орчим удаа их буугаар буудаж, пуужин харважээ. Энэ нь Солонгосын хойгт дайн дууссаны дараа гарсан хамгийн том сөргөлдөөн байсан аж.

Үүнтэй зэрэгцэн 2010 оны гуравдугаар сарын 26-нд Өмнөд Солонгосын байлдааны онгоц Пэннёндо арлын ойролцоо живснээс 46 хүн амь үрэгдсэн билээ. Энэ хэрэгт Сөүлийн эрх баригчид Пхеньянийг хардаж, буруутгасан боловч Хойд Солонгос үүнийг эрс үгүйсгэсэн юм. Үүний дараа 2011 оны наймдугаар сард Өмнөд Солонгос Пхеньянийг Ёнпхёндо арал руу гурван удаа их буугаар галласанд буруутгаж, хариу их буугаар гал нээж байжээ.

Хоёр Солонгос 1953 онд гал зогсоох гэрээгээр тулаанаа зогсоосон боловч энх тайвны гэрээ байгуулаагүй учир өнөөг хүртэл дайны байдалд байгаа юм. Тиймээс энэ мэтээр нэг, нэгнийхээ эсрэг өдөөн хатгалга, халдлага дайралт хийсээр байгаа бөгөөд хэзээ ч дахин дайтаж болзошгүй. Солонгосын хойгт гурван жил үргэлжилсэн дайны уршгаар Өмнөдийн нэг сая орчим, Умардын  мөн нэг сая гаруй иргэн, нийт  2,500,000 гаруй солонгос хүн амь үрэгджээ. Мөн хоёр орны  үйлдвэрлэл, дэд бүтцийн 80% гаруй нь бүрэн устгаж, орон сууцны фондын 50 гаруй хувь нь сүйтгэгдэж, засаг захиргааны байгууламжийн гуравны хоёр нь үгүй болсон аж. Ийм аймшигтай цуст дайныг ирэх 2015 онд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун дахин эхлүүлэх тухай Өмнөдийн хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж