Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

Энэ хэдийгээр өнгөрсөн онд болсон үйл явдал боловч бусдад зөв үлгэр, дуурайлал болсон сайхан түүх юм. АНУ-ын Конгресс өнгөрсөн 2013 оны аравдугаар сард төсвөө баталж чадаагүйн улмаас түр зогсолт хийснийг хүмүүс санаж буй байх. Үүний улмаас АНУ-ын олон мянган төрийн албан хаагчид албан хүчээр цалингүй амралт авч байсан юм. Яг энэ үед Нью-Хэмпшир дэх Руби хэмээх зоогийн газрын зөөгч бүсгүй мөнгө муутай хоёр цэргийг хоолоор дайлж, буян үйлджээ. Сайхан сэтгэлт зөөгч бүсгүйг Сара Хойдал гэдэг аж. Тэрээр хоёр эмэгтэй цэргийн өдрийн хоолны тооцоо болох 27.50 ам.долларыг өөрийн нэрэн дээр бичүүлж төлсөн аж. Сара цэрэг бүсгүйчүүдэд тооцооны хуудсны оронд “Улс орныг маань хамгаалдаг та нартаа баярлалаа. Засгийн газрын түр зогсолтын улмаас та нар хоолны мөнгөө төлж чадахгүйд хүрчээ. Гэхдээ би та нарын өмнөөс төлчихлөө. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэсэн бичиг авчирч өгсөн аж.

Энэ хэрэг ингээд төгссөнгүй. Өдрийн хоолоор дайлуулсан цэрэг бүсгүйчүүд Сарагийн тухай “Facebook” хуудсандаа бичсэн нь олны “ам дамжсаар” алдартай телевизийн хөтлөгч Эллен Деженерегийн чихэнд хүрч. Эллен Сарагийн тухай судалж, 22 настай өрх толгойлсон эмэгтэй гэдгийг нь мэдээд туслахаар шийдсэн байна. Ингээд тэрээр Сараг нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад зогсохгүй, жинхэнэ сюрприз барьжээ.

Эллен Саратай ярилцах үеэрээ цэргүүдийг дайлсан мөнгийг нь хэд дахин өсгөж, 10 мянган ам.долларын чек гардуулжээ. Элленийг 10 мянган ам.долларын чек дээр гарын үсэг зурахад Сара гайхах, баярлахын хооронд нулимсаа барьж тэссэнгүй. Эллений бэлэг үүгээр дууссангүй. Тэрээр өөрийн шоу нэвтрүүлгийг үзэж байгаараа гээд Сарагийн эвдэрхий зурагтыг нь шинээр сольж өгсөн байна. Ингээд Сараг гэртээ харихад хамгийн “супер бэлэг” хүлээж байсан нь цоо шинэ “Santa Fe” автомашиныг үүдэнд нь “сойсон” байв. Сара ээжийнхээ автомашиныг хэрэглэдэг байсныг Эллен судалж мэдсэн аж. Ийнхүү сайхан сэтгэлт бүсгүйн өчүүхэн тус өөрт нь маш том бэлэг болж эргэн ирсэн байна.

Б.АНХТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж