Грект зээл олгохыг Их Британи эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Грект зээл олгохыг Их Британи эсэргүүцжээ

Их Британийн канцлер Жорж Озборн Грек улс Европын холбооны зээлийг төлнө гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлж, тус улсад хоёр дахь удаа санхүүгийн тусламж олгоход Их Британи оролцохгүй  гэжээ. Грек, Португаль, Ирланд зэрэг орнуудын санхүүгийн нөхцөл байдлыг авч хэлэлцсэн Европын холбооны таван улсын сангийн сайд нарын өнгөрсөн баасан гаригийн  уулзалтын үеэр тэрбээр дээрх мэдэгдлийг гаргасан байна.  Грек улс өнгөрсөн жил санхүүгийн алдагдлаас гарахын тулд Европын холбооноос 110 тэрбум еврогийн санхүүгийн зээл авсан юм. Жорж Озборн: "Бид Грек улсад санхүүгийн тусламж үзүүлэхэд оролцохгүй. Тиймээс хоёр дахь зээл гэж байхгүй” гэж “BBC”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Өнгөрсөн баасан гаригт Герман, Франц, Итали, Испани, Грекийн сангийн сайд нар Люксембург хотноо ээлжит бус уулзалт зохион байгуулсан юм.

Германы “Der Spiegel” сэтгүүлд Грек улс өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах гэж буй тухай мэдээлснийг тус улс эрс үгүйсгэсэн байна. 

Грек улс Европын холбоо, Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж авсан  Европын хамгийн анхны гурван улсын нэг юм. Ирланд улс мөн өнгөрсөн аравдугаар сард, Португаль өнгөрсөн сард  Европын холбооноос санхүүгийн зээл авсан билээ.  Их Британийн канцлер Европын холбооны санхүүгийн тусламжийн зээл олголтыг буруутгаж, Грек улсад хоёр дахь удаа зээл олгохоос татгалзаж байгаагаа илэрхийлжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж