Э.Эрдэнэжамъяны асуудлаар давж заалдана гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамъяны асуудлаар давж заалдана гэв

Анхан шатны шүүхээс ял сонсоод буй Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай холбоотой асуудлаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр МАХН-ын зүгээс шүүхээс Хууль зүйн дэд сайдад оноосон улстөрийн албан тушаал хаших эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгуулийн шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм. Мөн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад Э.Эрдэнэжамъянг албан тушаалаас нь огцруулах тухай асуудал яригдах ёсгүй гэдгийг онцлов. МАХН-ын удирдлага, гишүүдийн хувьд давж заалдах шатны шүүх биш гэхэд Улсын Дээд шүүхээс Э.Эрдэнэжамъянд оноосон ялыг хүчингүй болгож, түүнийг цагаатгана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Э.Эрдэнэжамъянд ял оноосон явдлыг улстөрийн ээлжит хаврын синдром хэмээн тодотгов.

Сануулахад, АТГ-аас Э.Эрдэнэжамъянд Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Хууль зүйн дэд сайдыг Интерполд захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ. Тиймээс Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэж үзсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж