Худалч хүний нээрээ олон

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

Худалч хүний нээрээ олон

Нар өглөө мандаж, орой жаргаж, өвөл хүйтэрч, зун дулаардаг нь байгалийн хууль. Хүн төрөлхтөн байгалийн хуульд үг дуугүй захирагдаж, төрийн хуулийг дагаж амьдардаг. Эдийн засагт нэг дүрмээр тоглох нь бизнесийн хууль. Тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдад улстөрийн тогтвортой байдал, Засгийн газар тодорхой бодлого, татварын таатай орчин хамгийн чухал. Үүнийг “Тоглоомын дүрэм” гэдэг. Тоглолтын дундуур өөртөө тааруулж дүрмээ өөрчилдөг, булхайцдаг хүнтэй хөрөнгө оруулагчид тоглодоггүй. Бизнесээс гадна энгийн амьдралд, ямарч спортод, мөрийн тоглоомд хүртэл булхайцдаг хүнтэй хэн ч хамтардаггүй. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг энэ стандарт болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө Монгол Улс тоглоомын дүрмээ зөрчдөг, булхайцдаг тоглогч болж харагддаг бололтой. Яагаад гэвэл дэлхийн эдийн засагт 2007, 2009 оных шиг хямрал нүүрлээгүй байна. Манай Засгийн газар ч түүхэндээ байгаагүй их мөнгө, “Чингис”, “Самурай” бондын зээлтэй байна. Тэгсэн хэрнээ Монголын эдийн засаг муудаж, төгрөгийн ханш унаж, олон компани зардлаа танахын тулд ажилчдаа халж байна. Өсч өндийхөөр өрсөлддөг байсан дотоодын компаниуд өнөөдөр “хэн нь хамгийн сүүлд тэсч үлдэх вэ” гэж өрсөлдөж байна.

Эдийн засагт нүүрлэсэн энэ хүндрэлийн гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулагчдын дайжилт. Тэднийг ингэж “стоп кран”-аа татсанаар тэндээс орж ирдэг гадаад валютын орлого хомсдож, түүнийх нь хаялгаар амьдардаг бүх салбарт царцалт бий болов. Хөрөнгө оруулагчдыг үргээсний гол шалтгаан нь манайх парламентын сонгуулийн маргаашаас тоглоомын дүрмээ өөрчилж, Уул уурхайн сайд нь замын дунд байн байн булхайцаж буйтай холбоотой бололтой. Оюутолгойн гэрээг өөрчилнө гэж УИХ дээр популизм хийсний, хоёр компани хоорондын ажлын хэсэгт Засгийн газрын дөрвөн гишүүн орж яваад ямар үр дүнд хүрсэн нь өнөөдөр ч тодорхойгүй. “Чалько”-гийн гэрээг засна гэж цаг алдсанаас анх 70 ам.доллараар гэрээлсэн нэг тонн нүүрс тутамд 30 орчим долларын алдагдал хүлээсний горыг ард түмнээрээ амсч байхад гаднынхны өмнө булхайцсаныхаа гавьяаг сайд Д.Ганхуяг тэргүүтэй хэсэг улстөрчид эдэлж явна. Бидний дотооддоо хамгийн сайн мэдэх жишээ нь Оюутолгой, Чалько хоёр. Харин бид анзаардаггүй ч, гадныханд булхай гэж харагддаг цөөнгүй жишээ бас байдаг байна. Жижиг байж болох ч, салбарын сайдынх нь эргэж буцсан байр суурь эцсийн дүндээ Монголыг, Монголын хөрөнгө оруулалтын орчныг муухай болгож, харагдуулдаг байна. Д.Ганхуяг сайдын гадныхан болон ард түмнийхээ өмнө хэд эргэж буцсан, худалч хүний нээрээ олон гэдэг шиг хийхгүй байж хэрхэн шалтаг тоочсон тухай цөөн жишээг өгүүлье.

1. Мэдэгдсэн нь:

“Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол сайдаас огцорно”

/Д.Ганхуяг Уул уурхайн сайдаар томилогдож УИХ-ын чуулганаас гарч ирээд хэлсэн үг/

Будилсан нь:

Би Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй бол албан тушаалаасаа огцорно гэж огт хэлээгүй. Гэрээ ёсоор Монголын тал 34 хувийг эзэмшинэ, анхны хөрөнгө оруулалт хийгдэнгүүт Монгол Улс 50 хүртэл хувийг эзэмших заалттай. Үүнийг нь шаардсан. /2012 оны есдүгээр сарын 13-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдэв/

2. Мэдэгдсэн нь:

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, роялти, татвар зэргээс нийлээд 2013 улсын төсөвт 445,8 тэрбум төгрөгийн орлого оруулна.
/2013 оны төсөв батлах үеэр Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар ингэж тооцож, улсын төсвийн орлогод суулгасан/

Бодит байдал:

Өнгөрсөн оны төсвийн орлого 1,8 их наяд төгрөгөөр тасарсан. Үүний ихэнхийг Оюутолгойгоос олох орлого эзэлж байжээ.
/Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл/

3. Мэдэгдсэн нь: 

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Чалько компаниас зээлсэн 350 сая ам.долларын өрийн үлдэгдэл 170 сая ам.долларыг 2013 оны есдүгээр сар гэхэд барагдуулж дуусна.
/”Ил тод уул уурхай” зургадугаар сарын хурлын үеэр ингэж хэлэв/

Удалгүй буцсан нь:

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Чалько” компаниас зээлсэн өрөндөө гурван сая тонн нүүрсийг “Чалько” компанид нийлүүлэхээр бэлдэж байгаа. 2013 ондоо багтаан барагдуулна.
/2013 оны долдугаар сарын “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал дээр хэлэв/

Бодит байдал:
2013 оныг “Чалько”-д нүүрсний өртэйгөө үдэв.

4. Одоо мэдэгдэх нь:
“Эрдэнэс-Тавантолгой” компани “Чалько” компани 148 сая ам.долларын өртэй үлдсэн. Энэ өрийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор 1,5 сая нүүрс буюу 90 ам.долларыг нь барагдуулна. Тавдугаар сард нэг сая тонн нүүрс нийлүүлж үлдсэн 60 саяыг төлнө. 2014 оны зургадугаар сарын 1-нд “Чалько”-ийн өрийг бүрэн барагдуулж дуусна.
/2014 оны хоёрдугаар сарын “Ил тод уул уурхай” хурлын үеэр/

5. Мэдэгдсэн нь:

“Эрдэнэс-Тавантолгой” 2012 онд 2,5 сая тонн нүүрс олборлож экспортолж байсан. 2013 онд 7.5 сая тонн нүүрс экспортолно. Цанхийн зүүн уурхайгаас 4.5 саяыг, баруунаас гурван сая тонныг олборлохоор төлөвлөсөн. Ингэснээр экспортын биет хэмжээ гурав дахин нэмэгдэж, нүүрсний орлогын төлөвлөгөө давж биелэх болно.
/2013 оны наймдугаар сарын 27-нд өгсөн ярилцлагадаа хэлэв/

Бодит байдал:
“Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн онд нийтдээ сайдын хэлснээс бараг гурав дахин бага буюу 2.08 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь зөвхөн Цанхийн зүүн уурхайгаас олборлож, экспортолсон хэмжээ юм.
/2013 Гашуунсухайт, Ганцмодны боомтоор гаргасан нүүрсний хэмжээ Гаалийн ерөнхий газар/

6. Мэдэгдсэн нь:

“Оюутолгойн гэрээнд үр дүн гарсан. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах, мөн ямарч тохиолдолд Монголын талын эзэмших 34 хувь буурахгүй байх талаар хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан”.
/2013 оны наймдугаар сарын 28-нд news.mn сайт/

Бусдын хэлэх нь:
Манай засгийн газрын үед гэрээний олон зүйлд өөрчлөлт оруулсан. Зээлийн хүүг бууруулах, хувь нийлүүлэгчдийн гэрээнд гурав дахь этгээдэд Оюутолгойн хувь хэмжээг зарахгүй байх, Монголын эзэмших 34 хувь буурахгүй байх, гуравдагч орны төрийн өмчийн компани худалдан авахгүй байх зэрэг олон өөрчлөлтийг гэрээнд тусгасан. Үүнийг хамтарсан засаг байсан, хамт УИХ-д баасан бүх хүн мэдэж байгаа.
/Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлага 2014.03.24/

7. Мэдэгдсэн нь:
Шатахуун импортлогчид хөнгөлөлттэй зээл олгож, олон эх үүсвэрээс шатахуун импортоор авах гэрээ хэлэлцээр амжилттай хийсэн. Мөн Монголын газрын тосоор хийсэн Мон-93 шатахуун худалдаанд гарлаа. Цаашид бензиний үнэ өсөхгүй. Харин ч 50 төгрөгөөр бууруулна. Валютын ханшаас хамаарч шатахууны үнэ нэмэгдэхгүй. Учир нь Монголбанктай хамтарч шатахууны үнийг барих зохицуулалтыг хийсэн гэж есдүгээр сард мэдэгдсэн.

/2013 оны тавдугаар сарын “Ил тод уул уурхай” дээр болон аравдугаар сард хэвлэлээр ингэж мэдэгдэж байв/

Бодит байдал:

Салбарын сайд нь ингэж мэдэгдсэн ч “Магнай трейд”, “Петровис”, “Шунхлай” компаниуд АИ-80, АИ-92 авто бензиний үнэ 50 төгрөгөөр нэмсэн юм.
/Шатахууны үнэ аравдугаар сарын 1-нээс нэмэгдсэн юм./

Д.Ганхуяг сайдын энэ мэтээр эргэж буцдаг, өмнө хэлснийх нь хугацаа тулаад ирэхээр худлаа хэлж дахин товлодог. Энэ нь улстөрчийн нь хувьд Д.Ганхуягт байж болон уян хатан чанар мөн боловч эдийн засагт бизнеснийхний тоглодог тоглоомын нэг ч дүрэмд байдаггүй, байх ч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, эргэж буцах манайхыг тоглоомын дүрэмгүй, байлаа ч, тэр дүрмээр тоглож мэддэггүй улс болгож харагдуулдаг бололтой юм.

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж