УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллав.

"Альпин" үүлдрийн ямааны фермийн аж ахуйтай танилцав

УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид /2014.03.28/ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үржүүлж буй “Альпин” үүлдрийн ямааны фермийн үйл ажиллагаатай танилцав.

УИХ-ын дарга З.Энхболдын санаачилгаар Өвөрхангай аймгийн 19 суманд “Мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” инновацийн төслийг хэрэгжүүлж буй бөгөөд төслийн хүрээнд 2011 онд барга үүлдрийн 272 хуц, шилмэл 50 сарлагийн бух авчран үржүүлгийн ажлыг эхлүүлсэн ажээ. Дараагийн жилүүдэд Дорнодын шилмэл 28 бух, 842 барга хуцаар сүрэг сэлбэж, 2014 оны байдлаар төслийн хүрээнд 2100 хуцыг малчдад нийлүүлжээ.

 "Шинэ сумын төв"-ийн нээлтийн ёслолд оролцлоо

УИХ-ын дарга З.Энхболд /2014.03.29/ Шинэчлэлийн Засгийн газраас хамгийн богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бодит бүтээн байгуулалт болох Баянхонгор аймгийн Баянлиг болон Бууцагаан сумдын “Шинэ сумын төв”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцов.

Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Шинэ сум” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг эхний ээлжинд сонгож, 10 сарын өмнө бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Харин одоо тус сумдын төв хоёр давхар, 20 ортой нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, сумын захиргааны байр, 250 хүний суудалтай спорт заал бүхий иж бүрэн цогцолбор барилга байгууламжтай жишиг сум болсон байна.

  Баянхонгор аймгийн төвд ажиллаж, иргэдтэй уулзав

УИХ-ын дарга З.Энхболд /2014.03.30/ Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагаатай танилцав.

УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Баянхонгор аймгийн төвд оношлогоо, шинжилгээний өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж, аппарат бүхий үзлэг, оношлогооны төвийн нээлтийн ажиллагаанд оролцов.

Оношлогооны төв байгуулагдсанаар иргэд цаг зав гаргаж, хөрөнгө мөнгөө үрэн нийслэл хотыг зорих хэрэгцээ багасч, аймгийн хэмжээнд өвчлөлөөс сэргийлэх, өвчнийг эрт үед нь оношлох арга хэмжээг өртөг зардал багатайгаар авах боломжтой болж байна. Нийт 180 сая төгрөгийн өртөгтэйгээр засвар хийгдсэн энэхүү Оношлогооны төв Баянхонгор аймгийн хэмжээнд иргэдэд үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болсныг Эрүүл Мэндийн газрын дарга Ю.Ёндон хэлж байлаа.

УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид мөн өдөр Баянхонгор аймгийн “Хөгжимт драмын театр”-т аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. УИХ-ын дарга 2013 оны ээлжит намрын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, хөдөө орон нутгийг чиглэсэн бодлогын талаар ярилцсан юм. УИХ-ын даргатай хийх уулзалтанд аймгийн 600 гаруй иргэд хүрэлцэн ирсэн юм.

Уулзалтад оролцсон иргэдээс бичгээр гаргасан асуултад УИХ-ын дарга нэгбүрчлэн хариулт өглөө.

   Өвөрхангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ

УИХ-ын дарга З.Энхболд /2014.03.30/ Өвөрхангай аймгийн “Хөгжимт драмын театр”-т иргэдтэй уулзалт хийв. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Арвайхээрийн агаарын бохирдлын асуудлыг онцлоод энэ оны аравдугаар сард Арвайхээрийн 12 зуухны асуудлыг шийдвэрлэж, дулааны төвлөрсөн уурын зуухтай болох ажил эхлэх талаар мэдэгдэв.

УИХ-ын дарга Өвөрхангай аймгийн иргэдэд хууль тогтоох үйл ажиллагаа, бодлогын шинэчлэл, түүний үр дүнгийн талаар тайлагналаа.

Уулзалтад оролцсон иргэд УИХ-ын ээлжит хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, “Чингис” бонд, Оюултолгойн гэрээ, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон аймаг орон нутгийн талаар УИХ-ын даргаасасууж,  дэлгэрэнгүй хариулт авлаа.

УИХ-ын дарга З.Энхболдын орон нутагт ажилласан томилолт өнөөдөр /2014.03.31/ өндөрлөж байна. УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад  Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан явсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж