Санхүүгийн хямрал хаа сайгүй хаалга тогшоо юу гэмээр, энд тэндгүй “зарна, түрээслүүлнэ” гэсэн зар өлгөсөн хоосон лангуу, оффис, цайны газрууд олширчээ. Он гарсанаас хойш жижиг худалдаачдын орлого эрс буурч, монголчууд аар саархан хэрэглээгээ хумьж, хэрэггүй зарлагаа багасгаж эхэлсэн нь илт. Урьд нь III, IV хороололд ганц жижиг лангуутай болохсон гэж жижиг худалдаачид мөрөөддөг байв. Харин өнөөдрийн байдлаар “Түрээслүүлнэ” гэсэн бичиг хадчихсан хоосон лангуу энд тэндгүй харагдах болж. Түрээслэгчид нь түрээсээ төлж дийлэлгүй лангуугаа хураалгав уу, эсвэл ашиггүй байснаас бизнесээ зогсоов уу гэдэг нь тодорхойгүй. Ямар ч байсан сүүлийн саруудад наймаачид түрээсийнхээ мөнгийг арай чүү өгч байгаа талаар хорооллын нэгэн дэлгүүрт лангуу хөлсөлдөг Хонгороо бүсгүй хэлэв. Өмнө нь сардаа хоёр ч удаа бараандаа урагшаагаа явчихдаг байсан бол эмэгтэйчүүдийн баярт зориулан авчирсан барааныхаа тал хувийг ч зарж чадаагүй, хонхны баяраар л “гүйх” болов уу гэж найдан хүлээж байгаа гэх. Тээвэрлэлтийн зардал, ашиг, түрээсийн мөнгөө шингээхээр зарж байгаа барааны үнэ нь багагүй хэмжээнд нэмэгдчихдэг. Ядаж байхад валютын ханш савлагаатай байгаа нь бүр ч нэрмээс болж буйг тэндэхийн худалдагчид хэлж байна. Тиймээс өнгөрсөн жилийн үлдэгдэл бараагаа хямдруулаад байхад хүртэл авах хүн олдохгүй байгаад “Монголчууд хувцсанд бараг мөнгө зарахаа байжээ” гэсэн дүгнэлтийг худалдагч эмэгтэй өглөө.
III, IV хорооллын дэлгүүрүүдэд хүн сийрэг, бараа худалдаж авч байгаа нь бүр ч цөөн. Сонирхсон барааныхаа үнийг асуучихаад л яваад өгөх нь олон. Худалдаачид хямдруулсан бараануудаа цаасан хайрцганд хийгээд өмнөө тавьчихаж. Загвар нь хуучирсан үлдэгдэл бараагаа 5-15 мянгаар үнэлсэн хэдий ч түүнийг нь сонирхох хүн бараг алга. Харин наймаачид нь гар утсаараа оролдож, хөзөр тоглосон шигээ өдрийг өнгөрөөж байна. Арай ч ийм байгаагүй юм гэж халаглах Хонгороо “Авахгүй байж асуугаад байх юм” гэж залхсан шинжтэй өгүүлэв. Түүний лангууны дэргэд 30 орчим минут зогсоход хоёр хүн зарж байгаа барааг нь өмсч үзэн, сонирхсон хэрнээ “Үнэ хямдруулах боломжгүй” гэхийг сонсонгуутаа яваад өгнө лээ. Цаашлаад хүүхдийн хувцас зардаг лангуун дээр очлоо. Эрэгтэй хүүхдийн цамц гэхэд 25-38 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин гутал нь 35-40 мянга. Охидын хувцас харьцангуй хямдхан. Дэрвийсэн хормойтой эрээн цоохор даавуун даашинзыг 18 мянга гэв. “Орлого ямар байна” гэвэл худалдагч бүсгүй толгой сэгсэрнэ билээ. Тэр нь муу гэсэн үг бололтой.

“Алтжин Бөмбөгөр”-өөр орлоо. Хорооллын дэлгүүрүүдийг бодвол бараа сонирхож явах хүн харьцангүй олон. Гэхдээ авч байгаа нь мөн л цөөн. Зарим барааных нь үнэ хорооллын дэлгүүрээс ялгарах юм алга. Ялангуяа цамц, цүнхний хувьд хорооллын дэлгүүрийн үнэтэй бараг ойролцоо.
Хүүхдийн тоглоом зардаг бүсгүй “Орлого муу, муу” гэж байна. Хүүхдийн баяраар л орлого нь нэмэгдэх болов уу гэж хүлээж байгаа аж. Цаашлаад дээд давхарт нь гарч “Гутлын тасаг”-аар нь орлоо. Ойрд “70 мянга нь буусан юм болов уу” оюутнууд ирж хувцас авах нь нэмэгдэж байна гэж худалдагч эмэгтэй баяртай байв. Энд хорооллын дэлгүүрүүдэд зарж байгаа гуталтай харьцуулахад 2-4 дахин хямдхан. Мэдээж, загварын хувьд ялгарах юмгүй ч чанарын хувьд газар тэнгэр шиг ялгаатай л даа. Хажууд гутал сонирхож байсан хорь орчим насны хоёр бүсгүй “Таалагдаж байвал хямдхан байхад яадаг юм. Ганцхан хавар л өмсөнө ш тээ. Тэгээд ч миний мөнгө хүрэхгүй байна” гэж хоорондоо шивнэлдэх нь сонсогдов. Хүнсний лангуугаар нь хальтхан орвол мөн л үйлчлүүлэгч багатай. Тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэгдэх үеэр орлого нь арай дээрддэгийг хүнсний ногоо зардаг Ганбат ярив. Түүний хувьд дөрвөн жил ногоо зарж байгаа бөгөөд энэ жилийнх шиг “Хэцүү жил” үзсэнгүй гэж хэлнэ лээ. “Ядаж байхад хүнсний ногоо хортой гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш хүмүүс хүнсний ногоо худалдаж авах нь багассан” гэдгийг ч Ганбат ярина лээ.


Хонхны баярын хүлээлт
Хонхны баярыг зөвхөн төгсөгчид ч биш наймаачид хоног тоолон хүлээж байна. “Нарантуул” зах харьцангүй хүн олонтой. Гэхдээ л урьд өмнөх жилтэй харьцуулахад орлого нь 50 хувь буурсныг өмд зардаг залуу ярилаа. Өмднүүдээ 18-50 мянган төгрөгийн хооронд зардаг аж. Өнгөрсөн жил 25 мянгаар зарж байсан өмдөө энэ жил 32 мянгаар борлуулж буй гэнэ лээ. Нөгөө л валютын ханш нөлөөлсөн гэв. “Нарантуул”-ын наймаачид “ярих”-аа болжээ. “Ярих уу” гэж үйчлүүлэгчид их асуух юм. Нөгөөдүүл нь харин “Үгүй” гэж толгой сэгсэрдэг болсон байна. Хорооллын дэлгүүрүүдэд зарагддаг бараа нь илүү сонголттой, хийц, загвар сайтай харагдсан. Харин “Нарантуул”-ынх материал, чанарын хувьд болхи. Мэдээж, миний бараа чанар муутай гэж хэн хэлэх вэ дээ. Зарж байгаа хүндээ “Наадах чинь хорооллын дэлгүүрт 2-3 дахин үнэтэй зарагдаж байгаа” гэж рекламдах. “Дөрөвдүгээр сар гараад хонхны баяр гээд оюутнууд бужигначихдаг. Энэ жил ч дээ мэдэхгүй, хүмүүс хувцас худалдаж авахаа больсон байна. Өдөрт арван гутал элбэгхэн зардаг байсан бол өнөөдөр хоёрыг л зарвал бараг бөөн баяр болж байна” гэж гутлын наймаачин Энхболд хэлсэн. Тэр арьсан гутал зардаг болохоор бусад лангууныхаас арай үнэтэй зарагддаг юм байх. Ерөнхийдөө энэ жил богино түрийтэй гутал “моод” болж байгаа бололтой дог. Лангуун дээрх гутлуудыг ажиглахад ихэнх нь өндөр өсгийтэй, богинохон түрийтэй байсан.
Ийнхүү ханшийн савалгаа, санхүүгийн хямрал монголчуудыг “Бүсээ чанга бүслэхээс” өөр аргагүй байдалд оруулсан бололтой. Нэг талаар монголчууд хэмнэлтэд суралцаж буй нь сайн хэрэг ч нөгөө талаар Монгол Улсын эдийн засаг бодит амьдрал дээр яаж хүндэрснийг захын хэдэн дэлгүүр, хоршоогоор ороод харахад тодорхой байна. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд нь “Сайхан юм бод” гэсэн зөвлөгөөтэй өвөл, хаврыг үдэж байна. Яамаар ч юм бэ дээ, монголчууд минь.
