Даатгалынхан гудамжинд гарах уу?

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

Даатгалынхан гудамжинд гарах уу?

“Үндэсний даатгалын корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран байгуулах ажлыг Компанийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хариуцаж байна. Тус корпораци нь зээлийн эрсдэл, экспортын төлбөрийн эрсдлүүдийг даатгах учиртай бөгөөд дүрмийн сан нь 300 тэрбум гэсэн яриа улс төрийн хүрээнийхний хорхойг гозолзуулаад эхэлчихэж. Дээрх 300 тэрбумын 150 тэрбумыг нь бондын мөнгөөр, үлдсэнийг нь хувийн хөрөнгө оруулалтаас бүрдүүлэх бөгөөд ингэснээр Монголын даатгалын зах зээлд төрийн оролцоотой асар баян компани тун удахгүй мэндлэх бололтой.

Монголын даатгалын салбарт 17 компани үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл 18 дахь нь нөгөө хэдийнхээ бүх хөрөнгийг нийлүүлээд ч талын талд нь хүрэхгүй их мөнгөөр даатгалын зах зээлд тоглолт хийхээр зэхэж байна. Учир нь, даатгалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын нийт хөрөнгө 100 тэрбумаар хэмжигдэж байгаа. Гэтэл гурав дахин их хөрөнгө оруулалттай төрийн том компани мэндэлнэ гэдэг Монголын даатгалын салбарт хэн нэгний мөнгө угаах санаархал эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхгүй гэсэн баталгаа даанч алга. Төр сайн менежер биш гэдгээ алхам тутамдаа харуулсаар байтал, чухамхүү ямар сэтгэлээр даатгалын зах зээлд том өрсөлдөгч болон орж ирж байна вэ гэдэг хачирхалтай асуудал юм.  Хамгийн баян ордыг түшиглэн байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” гэхэд хамгийн их өртэйд тооцогдож байхад, төр даатгалын салбарыг хариуцахаар болсноо юу гэж тайлбарлах нь сонирхолтой.

Монголын даатгалын зах зээл бусад оронтой харьцуулахад хэтэрхий балчир нь үнэн. Даатгалын мөн чанар, ашиг тусыг тэр бүхэн ойлгодоггүй энэ зах зээлд төр өөрөө том өрсөлдөгч болон орж ирэх нь эл салбарт ажиллаж байгаа мянга, мянган хувийн хэвшлийнхнийг гудамжинд хөөн гаргасантай ялгаа юун. Хэдийгээр одоохондоо зөвхөн “Экспортыг дэмжих  хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, 888 төслийн эрсдлийн баталгаа нь болж байгаа ч цаашдаа энэ корпорацид хөрөнгө оруулсан хувийнхан мөнгөө арвижуулах зорилгоор өнөөдрийн даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 17 компанийн үмх талхыг булааж идэхгүй гэсэн баталгаа байна уу.

Асар том хөрөнгө оруулалттай, асар том хамгаалалт бүхий монополист Монголын зах зээлд мэндэллээ гээд ашиг нь юу билээ. Ашиг сонирхлын асуудал ард нь байхгүй гэдгийг хэн батлах юм. Хөгжлийн сайд нь бөөн хөөр баяр болчихсон хүн гүйж яваа сураг сонсогдоно билээ.

Монголын даатгалын зах зээл хэтэрхий балчир, ард иргэдийн тэн хагас даатгалд итгэл үнэмшил муутай ханддаг, үйл ажиллагаа нь хязгаарлагдмал, зах зээл нь жижигхэн нөхцөлд төрийн оролцоотой, хувийн хөрөнгө оруулалттай мөнгөтэй, том компанитай өрсөлдөх чадвартай компаниуд хэд үлдэх вэ. Магадгүй эдийн засгийн талаасаа чухал ач холбогдолтой боловч даатгалын зах зээлийг цэвэр утгаар нь хөгжүүлнэ гэвэл энэ асуудалд төр оролцох шаардлагагүй. Төрийн оролцоо нэмэгдэхийн хэрээр бизнесийн орчин улам бохирддог нь худлаа биш юм.

Даатгал бол санхүүгийн зах  зээлийн хамгаалалт. Харамсалтай нь, Монголын даатгалын зах зээл хамгаалагчийн үүргийг аль ч талаараа бүрэн дүүрэн гүйцэтгэх хэмжээний хөл дэрээ зогсч чадаагүй. Адаглаад нэг хохирол гарлаа гэхэд бөөн явдал суудал болж байж л хохирлыг нь барагдуулдаг шүү дээ. Энэ тохиолдолд төр-хувийн оролцоотой том компани байгуулснаас даатгалын зах зээл үйлчилж байгаа системийг бүхэлд нь өөрчлөх, Монголын даатгалын салбарын үйл ажиллагаа нээлттэй ил тод, хариуцлагатай, шуурхай болгоход анхаарах ёстой. Түүнээс бусдын идэж байгаа хоолыг төрийн нэрээр булаана гэдэг яавч зохимжтой хувилбар биш юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн 17 компанид хүчирхэгжих, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх нь энэ салбарт шинээр компани байгуулснаас эдийн засаг дахь өгөөж нь илүү байх болно. 

Даатгалын салбар яагаад ийм унхиагүй сул байна вэ. Нэг талаар өрсөлдөх зах зээл нь жижиг,  иргэд нь итгэдэггүйтэй холбоотой. Нөгөө талаар  даатгалынхан ч  өөрсдөө өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээний түргэн шуурхай байдлыг сайжруулах ёстой. Ядаж л нөхөн олговор өгөхдөө муухай царайлж, иргэдийг гомдоогоод байж болохгүй шүү дээ. Энэ мэт алдаагаа засах нь даатгалын компаниудын хамгийн түрүүнд хийх шинэчлэл байх учиртай юм. Харамсалтай нь, Монголын даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын олонход үйлчилгээний хувьд сайн гэж дүгнэлт тавихад хэцүү. Магадгүй энэ нь даатгалын салбарт төрийн том компаний байгуулах нь ашигтай гэсэн хэн нэгний бизнесийн санааг гарахад хүргэсэн байхыг хэн мэдлээ. Бизнесийн салбарт төрийн оролцоог нэмэхгүйгээр Монголын даатгалын салбарыг томруулах үүнээс өөр боломж байгүй гэж үү. Төрийн оролцоо ихсэх тусам эдийн засаг дахь эрсдэл улам гүнзгийрсээр байгааг хэлэх нь зөв байх.

Хэрэв санхүүгийн зах зээлд сайн хамгаалагч бий болгоё гэвэл тэр нь төрийн оролцоотой компани байх ёстой гэсэн ойлголт яавч биш. Тиймдээ ч Үндэсний даатгалын корпараци байгуулах өнөөдрийн шаардлага, маргаашийн зорилго юу вэ гэсэн асуулт  хамгийн их сонирхол татаад байгааг хачирхах хэрэггүй биз ээ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж