“Инээдмийн баяр”-ын нэгдсэн тоглолтын тасалбар авахаар Соёлын төв өргөөг зорилоо. Соёлын төвийн үүдээр нь ороход л хүмүүс дугаарлан, болж өгвөл тайзны урдуурх суудал сурагласан хүмүүс түрүйвчээ уудлан зогсож байлаа. Нэг эгнээнд жагсах тэднийг ажиглавал ихэнхдээ жаахан ахимаг насныхан байх юм. Нэг хүн хамгийн багадаа л гурван билет авч, зарим нь 10,20-оор нь худалдаж авч байсан. Хошин урлагийнхан нэг дор цуглах чимээнээр хүмүүс бүгд цуглажээ. Дугаарласаар тасалбар зардаг жижигхэн цонхоор шагайн “Эгчээ билет хэд вэ, урдуур суудал байна уу” гэтэл “Өчигдөр урдуур суудлууд дуусчихсан одоо зөвхөн бельтажны суудлаас хэдэн ширхэг үлдчихсэн байна. Үнэ нь 35 мянга, бельтаж 30 мянга” гэлээ. Билет нь ийм хурдан дуусчихсан юм уу гэж хэд дахин лавлахад “Тийм ээ, дууссан. Хошин урлагийнхны билет их удалгүй дуусчихдаг юм” хэмээн хариуллаа.
Тасалбар түгээгүүрт хэдийнэ дууссан гэх төв танхимын билет харин Соёлын төвийн үүд хавиар эргэлдэх шагчдад бол хэдэн арваараа байж байлаа. Тасалбар түгээгүүрийн үүдэнд зогсон шагийн билет зарж байгаа хүмүүсийн гар дахь билет нүдэн дээр борлож дууслаа. Тэднээс “Билет хэд вэ” гэвэл өнөөх хүмүүс хэд хэрэгтэй юм бэ хэмээн сөргүүлэн асуухад нь балмагдсандаа “45 тасалбар хэрэгтэй байна” гэж орхив. Арай ч их тоо хэлчихэв үү, бараг л байхгүй гэх болов уу гэж бодтол тасалбар зарж байгаа тэдгээр хүмүүс “Байна, байна. Тайзны харалдаа суудал зарим нь нэг эгнээнд, зарим нь нэг эгнээ хойно байна. Гэхдээ урдуур зургадугаар эгнээнээс эхлээд хойшоо байна үнэ нь 50 мянга олныг авах юм бол ах нь 45 мянгад өгчих нь өө, бараг л дуусч байна даа” хэмээн торох ч үгйү хариуллаа.
Тэрхэн зуурт тоо бодож амжлаа. Миний хүссэн 45 ширхэг билетийг 35 мянган төгрөгөөр худалдан авч 45 мянган төгрөгөөр зарлаа гэж бодъё. Нэг билетээс багадаа 10 мянган төгрөг, цөөнөөр зарсан тохиолдолд 15 мянган төгрөгийн ашиг олдог ажээ. Тэд нэг хамт олонд 45 билет зараад 450 мянган төгрөг халааслаж орхидог байх нь. Нэг өдрийн дотор олох тэдний орлого зарим хүмүүсийн сарын цалинтай дүйдэг гээд бодохоор бүтэн сарын турш хөдөлмөрлөх хэрэггүй санагдана. Намайг тийн тоо бодож зогсох зуурт нэг ах хүү “Миний дүү ахад нь таван ширхэг л үлдчихсэн, ахаасаа тавыг аваад, тэр ахаасаа 40 ширхэгийг авчихгүй юу. Ахад нь 30 ширхэг байсан одоо дуусч байна. Эртхэн авахгүй бол жаахан хугацаа өнгөрөхөд дуусчихдаг юм” хэмээн учирлав. Тасалбар дамлаж зарах нь бие даасан бизнес болжээ. Тасалбар зарж байгаа нөхдүүд ч биелэгжүү, бардам, өөртөө итгэлтэй гэж жигтэйхэн хүмүүс байх ажээ.
Урлагийнхны тоглолтуудаас хамгийн өндөр борлуулалттай нь хошин урлагийн тоглолтын тасалбар. Тэр дундаа “Инээдмийн баярт” зориулан 200 гаруй хошин урлагийн уран бүтээлчид нэг тоглолт хийх нь олон хүний сонирхолыг татах нь дамжиггүй. Тасалбар нь зарагдаад дуусч буй хоёр өдрийн тоглолтын хөтөлбөр ямар байхыг тодруулахаар тоглолтын менежертэй холбогдов.
-Нэгдсэн тоглолтод 200 гаруй жүжигчид оролцож байгаа гэсэн үнэн үү?
-Үнэн.
-Тэгвэл хичнээн үзүүлбэр үзүүлэх вэ?
-Продакшн болгон нэг үзүүлбэр, дээрээс нь нэгдсэн нэг үзүүлбэртэй ойролцоогоор дөрвөн цагийн тоглолт болно гэсэн товч хариу өглөө.
Дөрвөн цаг тоглох тоглолтын тасалбар аль хэдийн дуусчихсан болохоор үзэгчид голдуу л шагийн үнээр тоглолтыг нь үзэх болох нь. Ажил хийж биеэ зовоолгүй, тайзан дээр гарч жүжиглэхгүйгээр хэдэн тасалбар худалдаж аваад хэдэн зуун мянган төгрөг олоод байдаг болохоор сүүлийн жилүүдэд шагчдын тоо улам л нэмэгдэж байгаа гэнэ.