
УИХ-ын
даргыг өчигдөр /2014.03.30/ Баянхонгор аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн
ЗХЖШ-ын 339 дүгээр ангийн хүндэт харуул угтан авлаа. УИХ-ын даргад
хүндэт харуул хүндэтгэн ёсолсны дараа тэрээр Баянхонгор аймгийн Засаг
даргын тамгын газрын дэргэдэх “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл
ажиллагаатай танилцав.

“Иргэд
хүлээн авах төв” нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар
тушаалаар байгуулагджээ. Энэ төв нь аймгийн нутгийн захиргааны
байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар иргэдэд
лавлагаа, мэдээлэл өгөх, санал асуулга, судалгаа явуулах, иргэдийн
санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, аймаг, орон
нутгаа хөгжүүлэх чиглэлээр гарч байгаа шийдвэрт иргэдийн санал бодлыг
тусгах зорилготойгоор байгуулагдсан болохыг УИХ-ын даргад танилцуулав.
Иргэдийг хүлээн авах байр нь Монгол Улсын Засгийн газрын “Иргэдийн
өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай”
2005 оны 67 дугаар тогтоол, “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт
батлах тухай” 2009 оны 143 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын
захирамжаар батлагдсан “Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд
гаргасан санал өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-д нийцүүлэн эрх бүхий
байгууллагаас батлан гаргасан эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа
хэрэгжүүлэн ажиллаж байгааг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан хэлж
байв.

УИХ-ын
дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Баянхонгор аймгийн төвд
оношлогоо, шинжилгээний өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж, аппарат
бүхий үзлэг, оношлогооны төвийн нээлтийн ажиллагаанд оролцов.
Оношлогооны төв байгуулагдсанаар иргэд цаг зав гаргаж, хөрөнгө мөнгөө
үрэн нийслэл хотыг зорих хэрэгцээ багасч, аймгийн хэмжээнд өвчлөлөөс
сэргийлэх, өвчнийг эрт үед нь оношлох арга хэмжээг өртөг зардал
багатайгаар авах боломжтой болж байна. Нийт 180 сая төгрөгийн
өртөгтэйгээр засвар хийгдсэн энэхүү Оношлогооны төв Баянхонгор аймгийн
хэмжээнд иргэдэд үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болсныг Эрүүл Мэндийн
газрын дарга Ю.Ёндон хэлж байлаа. Түүнчлэн Баянхонгор аймгийн хэмжээнд
хүүхдийн болон насанд хүрсэн иргэдийн хувьд нүдний гэрлийн хугарлын
эмгэг их тохиолддог байсан бөгөөд Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийн
хүрээнд хийгдсэн “Оношлогооны төв”-ийг тоног төхөөрөмжөөр хангах ажлын
хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжтэй боллоо хэмээн Нүдний гавьяат эмч
Д.Цэдэнхүү УИХ-ын даргад танилцууллаа.

Баянхонгор
аймаг дахь 340 гаруй эмч, мэргэжилтэнтэй, аймгийн төвийн нэгдсэн
эмнэлгийн барилгыг засаж, үзлэг оношлогооны төв болгосноор Япон, Герман,
Франц, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэсэн 1,3 тэрбум
төгрөгийн өртөгтэй оношлогооны аппарат, төхөөрөмж суурилуулсан байна.
Тухайлбал, ходоод, бүдүүн гэдэс, урологийн дурангийн иж бүрдэл, дижитал
эхо аппарат, биохимийн анализатор, илиза уншигч, рентген суурин дижитал
төхөөрөмж зэрэг тус бүрдээ 36-274 сая төгрөгийн өртөг бүхий гуравдугаар
шатлалын эмнэлэгт байдаг аппарат, тоног төхөөрөмжтэй болсон байна.
УИХ-ын
дарга З.Энхболд оношлогооны төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Нутаг
орондоо оношлогоо, шинжилгээний тоног төхөөрөмж, аппарат бүхий төвтэй
болсон Баянхонгорчуудад баяр хүргье. Өндөр нарийвчлал бүхий тоног
төхөөрөмжтэй оношлогооны төвтэй болсноор өвчнөөс урьдчилан сэргийлэх,
нутагтаа бага зардлаар оношлогоо үзлэг, эмчилгээ хийлгэх боломж бүрдэж
байна. Шинээр суурилагдаж байгаа оношлогооны тоног төхөөрөмжийг
ажиллуулах арга ажиллагааг тухайн тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа
гүйцэтгэгч компанийн мэргэжилтнүүд оношлогооны төвийн эмч нарт зааж
сургах сургалт хийгдэнэ хэмээн онцлов.

Мөн
УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид өнөөдөр
Баянхонгор аймгийн “Хөгжимт драмын театр”-т аймгийн иргэдтэй уулзалт
хийлээ. УИХ-ын дарга 2013 оны ээлжит намрын чуулганы хугацаанд хийж,
хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, хөдөө орон нутгийг чиглэсэн бодлогын
талаар ярилцсан юм. УИХ-ын даргатай хийх уулзалтанд аймгийн 600 гаруй
иргэд хүрэлцэн ирсэн юм.
УИХ-ын дарга иргэдтэй хийх уулзалтын
үеэр хууль тогтоох дээд байгууллагаас батлан гаргаж буй хууль,
тогтоомжууд, Улсын төсөв санхүүгийн тухай, Монгол Улсын 2014 оны хөрөнгө
оруулалт, үр дүн, эрчимжсэн мал аж ахуй өнөөгийн байдал, “Авлигажсан
төсөв”-ийн талаар, орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээл, кластер
хөгжүүлэх тухай болон Баянхонгор аймагт чиглэсэн төсөл арга хэмжээний
талаар тус тус танилцуулга хийлээ. Мөн УИХ-ын даргын танилцуулгын дараа
УИХ-ын гишүүн Д.Ганбат иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр
Улсын Их Хурал дээр алтны хуулийн ажлыг хэсгийг ахалж ажилласан бөгөөд
цаашид экспортыг нэмэгдүүлэх, төмөр замын сүлжээг хөгжүүлэх зэрэг ажил
хийх хэрэгтэй байгааг хэлж байв. Мөн Баянлиг болон Бууцагаан сумдад
хийсэн “Шинэ сум” нээлтийн ажиллагаа Баянхонгор аймагт анхдагч болсныг
онцлов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс-Ухаалаг төр
рүү" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Иргэдийн хувьд
УИХ-ын даргыг Баянхонгор аймагт ажиллаж буйд талархалтай байгаагаа
илэрхийлээд, бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, Оюутолгойн олборлолт,
Баянхонгор аймагт хийж буй хөрөнгө оруулалтын талаар сонирхсон асуултаа
асууж байв.

Мөн иргэдээс бичгээр гаргасан асуултад УИХ-ын дарга нэгбүрчлэн хариулт өглөө.

УИХ-ын
дарга иргэдтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн
тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн эрүүл мэнд,
боловсролын салбар, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан
10 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар
шагнасныг гардуулсан юм. Тухайлбал, Баянхонгор аймгийн Нийгмийн
даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Оюун, Мэргэжлийн сургалт
үйлчилгээний төвийн сургалтын албаны дарга Г.Сурмаа нар Алтан гадас
одон, Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Ш.Нямбуу Цэргийн гавьяаны
улаан тугийн одонгоор шагнагдлаа.

УИХ-ын
даргын Өвөрхангай, Баянхонгор аймагт хийж буй томилолт 3 дахь өдрөө
үргэлжилж байна. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын Тамгын
газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад
хүмүүс дагалдан яваа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.