
Энэ жилийн хувьд албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдэг хэрэглэхгүй болсон бөгөөд автотээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар хариуцан ажиллах юм. Татвар, төлбөр хураалтаар нийслэлийн замын санд нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Нийслэлийн замын санд төвлөрөх хөрөнгийг зам засвар, арчлалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд зарцуулдаг журамтай бөгөөд энэ жилийн хувьд нийслэлд 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км авто замыг шинээр барина. Мөн 243.2 у/м гүүр, 9 байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нэг нүхэн гарц явган хүний хоёр гүүрэн гарц, байгалийн чулуун авто зам 1.84 км-ийг барих юм. Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг бөгөөд замын санд хуримтлах 28 тэрбум төгрөгөөр Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур, Их Монгол улсын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарц, Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлт, Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1-р эмнэлэг хүртэлх 0.54 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт зэрэг замын ажилд зарцуулах юм.
Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулсан бөгөөд дүүргийн татварын хэлтсүүд ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд ажиллана. Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн оношлогооны төвүүд ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд ажиллах юм.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд татвар, төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээний байршилууд болон албан татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.