
Хот төлөвлөлтийн талаар та хэр мэдэх вэ? Уг асуултад хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулдаг. Өнөөгийн хот төлөвлөлтийг шүүмжлэх нэг хэсэг байхад нийслэлийн хөгжлийн зураглалыг мэдэхгүй нэгэн ч бий. Тэгвэл энэ удаагийнхаа НЯЛХ ХОТ ЭРИЙН ЦЭЭНД ХҮРНЭ /цуврал-2/ нийтлэлээр уншигч та бүхэнд нийслэлийн хөгжлийн зураглалын талаар хүргэж байна.
Албаны тодорхойлолтоор бол Хот төлөвлөлтийн гол зорилго нь “Олон зуунаар өртөөлөн нүүдэллэж ирсэн нүүдлийн өв соёлын үнэт зүйлсдээ хүндэтгэлтэй хандан, газар нутгийнхаа онцлогт зохицсон дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай Монгол Улсын “Нийтлэл хот” болох” гэжээ. Харин энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл: “Ирээдүйн ухаалаг, санхүүгийн өндөр чадвартай Улаанбаатарыг бүтээхийн тулд эхлээд хүнээ бэлтгэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд хотоо хөгжүүлнэ. Аль нэг талыг нь орхигдуулчихвал хот энэ хэвээрээ хэдэн зуун жил ч болж мэднэ. Тиймээс нийслэлийг хөгжүүлэх шинэ төлөвлөгөө, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа ихэнх төсөл хөтөлбөр дээрх хоёр хүчин зүйлийг харилцан уялдаатай хөгжүүлэхэд чиглэсэн” гэсэн юм.
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тодотголд Энхцэнгэл даргын хэлсэнчлэн Нийслэлийг илүү ухаалаг бологохоор төлөвлөөд зарим нэг ажлыг эхлүүлсэн гэдгийг өмнөх нийтлэлдээ цухас дурдсан. Харин одоо илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Уг ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотыг үндсэн долоон чиглэлээр хөгжүүлэхээр тусгажээ. Тухайлбал, Хүн амын зохисгүй өсөлт, хотын хэт төвлөрлийг сааруулан суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, Хотын бүтцийг боловсронгуй болгож , газар ашиглалт , хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчлэх гэх мэт ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Одоогоос долоон жилийн өмнө буюу 2007 онд долдугаар хорооллын шавыг тавьж, Н.Энхбаяр Ерєнхийлєгч тууз хайлчилж байсан санагдана. Уг нь нийслэлийн агаарын бохирдлыг багасгах, иргэдийн амьжиргаа, амьдрах орчныг сайжруулах гээд олон эерэг үр дагаварыг авчрах уг ажил яагаад хойшлогдоод байгаа талаар нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ удаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголтой хамт ирсэн нэг сайн мэдээ бол өнөөх долдугаар хороолол ажил хэрэг болно гэсэн амлалт байлаа.
“Орон сууцны VII хороолол” гэх албан ёсны нэршил бүхий уг бүтээн байгуулалт нь Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 210.0 га талбайд төлөвлөгдсөн.Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн дахин төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Даланжаргал: “Нийслэлийг жишиг хороолол болгох тал дээр Долдугаар хорооллыг барих ажил ёстой нөгөө хувьсгалын тохироо бүрдсэн гэдэг шиг бүх нөхцөл нь бүрдчихсэн байгаа. Хотын төвөөс хамгийн ойр учир инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хүртээмж харьцангуй сайн. Нийслэлээс бүх талаар нь дэмжиж байна. Тухайлбал, төсөл хэрэгжүүлж байгаа компаниудад нийгмийн болон инженерийн дэд бүтцийг нь улсаас тавиад өгч байна. Улсаас авдаг хоёр хувийн татаасыг авахгүй. Зураг төсөл батлах, зөвшөөрөл олгохдоо ямар нэг хүнд сурталгүйгээр шийдэж байгаа гээд компаниудыг аль болох л дэмжин ажиллаж байна” гэв.
Уг хорооллыг төлөвлөгөөний дагуу хөгжүүлж чадвал нийслэлийн өмнө тулгамдаад байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдол, хог хаягдал гээд олон асуудлыг шийдэх гарц юм.” Төлөвлөсөний дагуу энэ намар гэхэд нүдэнд харагдахуйц үр дүн тус хорооллын хэсэгт гарахаар байгааг төсөл хэрэгжүүлэгч компаниуд ч баталж байна. Тухайлбал, “Мастер девелопер” компанийн гүйцэтгэх захирал Ү.Золбаяр “Долдугаар хорооллын бүх ажил жигдрээд явж байна. Нэг талаас төр засаг дэмжиж, нөгөө талдаа төсөл хэрэгжүүлэгч компаниуд бодитой төлөвлөгөөний дагуу ажиллаад иргэдтэйгээ тохиролцоод явж байгаа. Мөн энэ хороолол хотын төвтэй хамгийн ойр учраас бизнесийн шинэ төв цэг, орон сууцжуулах тэргүүлэх хэсэг юм. Үүнийг дагаад бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцсэн орчин үеийн барилга байгууламж барихаар бид бүрэн хэмжээний судалгааны үндсэн дээр Монголын хамгийн анхны смарт сервис оффис барихаар бүтээн байгуулалтаа эхлээд ажиллаж байна.” гэв.
“Мастер девелопер” компанийн хувьд тус хорооллын хэсэгт оффисын зориулалттай барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм билээ. Тэд ажлаа хийхийн тулд оффисын барилгын бүхэл бүтэн судалгаа хийсэн байна. Судалгааны заримаас нь дурдвал шийдвэр гаргалтанд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсийг чухал чухал бишээр ангилан харуулсан байна. Тухайлбал, байршил, хямд үнэ, сэтгэлд нийцсэн өндөр ашиг, машины зогсоол гэх мэт хүчин зүйлс худалдан авагчдын шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг аж. Мөн судалгаанд оролцогчдын 43 хувь нь байршил болон төлбөрийн нөхцөлөөс худалдан авалтын шийдвэр шууд хамаарна гэж хариулжээ. Үүнээс гадна тус судалгаанд нэгэн сонирхолтой мэдээлэл дурдсан нь Smart office-ийн талаар байсан юм. Smart office-ийн тухай мэдлэг шалгах асуулт асуухад 75 орчим хувь нь мэдэхгүй гэсэн бол 15 хувь нь сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой барилгыг хэлнэ гэж хариулжээ. Эндээс харахад ойлголттой болж эхэлж байна нөгөө талаасаа Smart шийдэл хэрэглэгчдийн сэтгэл зүйд таниулсанаар давуу тал авчирах орон зай харагдаж байгааг судалгаанд онцолсон байна.
Энэ мэт бүтээн байгуулалтын ажлууд зөв судалгаа шинжилгээтэй хийгдэж байгаа нь хэрэгжүүлж буй төслүүдийн чанартай гүйцэтгэл, биелэгдэхүйц үр дүнтэй ажиллахад гол үүрэгтэй. Бидний хэлдэгээр 100-н айл дахь нүсэр гэр хороололыг бүрэн шинэчлэн “Бизнесийн шинэ төв цэг” болгож байгаа нь Их хот маань дэлхийн жишигт хүрэх бас нэг алхам юм. Мөн дээр дурдсан ухаалаг хотын эхлэл энэ мэт судалгаа шинжилгээтэй ухаалаг төлөвлөлтөөс эхэлнэ гэдгийг салбарынхан онцолж байна.
Эдгээр мэдээллээс харахад төр засаг нь дэмжээд, түмэн олон нь дэмнээд явбал банзан хашаагаар дүүрч, утаандаа хахаж, нялх хоч авсан нийслэл удахгүй эрийн цээнд хүрэх нь ээ. Тиймээс өдгөө хувьсгалын тохироог атгаад авахуу, үлээгээд хийсгэх үү гэдэг нь бидний сонголт болон үлдлээ.
Эх сурвалж: Mongolianeconomy.mn
Сэтгүүлч Э.Зоригт