Галын дүгнэлт гараагүй байна

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Галын дүгнэлт гараагүй байна

“Петрочайна Дачин тамсаг” компанид гуравдугаар сарын 10-нд гал гарсан талаар бид мэдээлсэн бөгөөд галын дүгнэлт гарахаас өмнө юунаас болж гал алдсан, компанийн болон тэр хавийн байгаль орчинд үзүүлсэн нөлөөг бүрэн тодорхойлох боломжгүй байгаа юм. Тэрхүү галын дүгнэлт гарсан эсэх талаар Газрын тосны газраас тодруулахад галын дүгнэлт одоо болтол гараагүй тухай хэллээ. Галын дүгнэлтийг Онцгой байдлын ерөнхий газар, цагдаа, прокурорын байгууллага гаргах юм байна.

Сануулахад, гуравдугаар сарын 10-ны орой Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанид гал гарсан юм. Тухайн үед Тосон уулын талбайд газрын тос тээвэрлэж явсан найман ачааны машин шатсаны улмаас БНХАУ-ын хоёр иргэн амь эрсдэж, нэг иргэн 70 хувийн түлэгдэлтэйгээр гал гарсан шөнөдөө “Бичигт”-ийн боомтоор дамжин БНХАУ руу эмнэлэгт хүргүүлсэн. Галын улмаас эвдэрч, сүйдсэн байгууламж, тоног төхөөрөмжийг засахад 14 хоногийн хугацаа шаардлагатай гэж байсан бол долоо орчим хоногийн дараа буюу гуравдугаар сарын 18-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулж, олборлолт, экспортоо үргэлжлүүлсэн талаар бид мэдээлсэн.

Ийнхүү ослын улмаас байгаль орчинд үзүүлсэн байж болох хор хөнөөл, гал гарсан шалтгааныг тодорхойлох галын дүгнэлт одоо хүртэл гараагүй байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж