“Панатинайкос” Евролигт зургаа дахиа аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

“Панатинайкос” Евролигт зургаа дахиа аваргаллаа

Европын сагсан бөмбөгийн шилдэг багуудын оролцдог Евролигийн аварга шалгаруулах тэмцээн долоон сар гаруй үргэлжилсний эцэст Испанийн Барселонд энэ жилийн аварга баг тодорлоо. Шигшээ тоглолтод таван удаагийн аварга, Грекийн “Панатинайкос” болон Израйлийн “Маккаби Тел Авив” багууд шалгараад байсан юм. Өнгөрсөн жилийн аварга “Барселона”-г плей-оффын шатанд буулган авсан “Панатинайкос” зүй тогтлын дагуу энэ жил аварга авах өндөр магадлалтай байсан. Учир нь Евролигт тавантаа түрүүлсэн тэд 2007, 2009 онд түрүүлж, сондгой тоотой жилүүдэд аваргалдаг “уламжлал” бий болгоод буй. Тоглолтын эхний үе 22:15 харьцаатай Грекийн багийн давамгайллаар өндөрлөсөн бол их завсарлагааны өмнө “Тел Авив” тооны зөрүүг ердөө гурав болгож, хоёрдугаар үеийг 33:30 харьцаагаар дуусгажээ. Плей-оффын шатанд “Каха Лаборал”, хагас шигшээд алдарт “Реал Мадрид”-ыг буулган авч, шигшээд шалгарсан Израйлийн баг ордныг бараг дүүргэх шахам цугласан Грекийн багийн хөгжөөн дэмжигчдийн уухайг үл анзааран аваргуудтай өгөө, аваатай тоглолтыг үзүүлж байв. Харин Европын “Спайдерман” хочит Димитрис Диамантидис үлдсэн хугацаанд гайхалтай тоглолтоо харуулж, дөрөвдүгээр үе гэхэд онооны зөрүүг 10 гаруй болгож, багтаа давуу байдал авчирчээ. Шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Грек довтлогч энэ үдэш 16 оноо, есөн оновчтой дамжуулалт өгч, шилдгээр тодорсон. Мөн тус тэмцээний улирлын MVP болон шилдэг хамгаалан тоглогч, Евролигийн нэгдүгээр багт багтсан нь түүний энэ жилийн амжилт ямархуу байсныг гэрчилнэ. Улмаар үндсэн цагт 78:70 харьцаатай хожсон “Панатинайкос” Евролигийн аваргаар тодорч, зургаа дахь удаагаа энэхүү тэмцээний цомыг эх орондоо авчирлаа.
Харин хүрэл медалийн төлөөх тоглолт Италийн “Монтепаши Сьена” болон Испанийн “Реал Мадрид” багийн хооронд болж, 80:62 харьцаатай “Монтепаши” ялалт байгуулжээ.  

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж