Монгол, Литвийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Монгол, Литвийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Вильнюс хотноо 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр болсон Монгол, Литвийн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтад монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар, мөн бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Хоёр талын харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх хүрээнд иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, тухайлбал, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх, зам тээврийн салбарт хамтран ажиллах болон спортын салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Монгол, Литвийн эдийн засагт тодорхой байр суурь эзлэх хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, төлөөлөгч харилцан солилцох, үзэсгэлэн яармаг, чуулга уулзалтад төлөөлөгчид илгээж байх нь хоёр талын харилцааг илүү бодит түвшинд хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй болохыг тэмдэглэв.

Мөн энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Литвийн Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Арижанда Шлюпастай уулзаж, Монгол, Литвийн тээврийн салбарын хөгжлийн талаар мэдээлэл солилцож, энэ салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Уулзалтын үеэр энэ оны 6 дугаар сард Вильнюс хотноо болох Олон улсын төмөр замын байгууллагын Сайд нарын уулзалтад Монголын төлөөлөгчдийг оролцох урилгыг гардуулсан болно.

Түүнчлэн харилцаа, холбооны салбарт хамтран ажиллах, мэргэжилтэн харилцан солилцох болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжийг судлахаар тохиров.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж