
Улсын төсвийн орлогыг гуравны нэгийг бүрдүүлдэг нүүрсний салбарын орлого муудаж, хөрөнгө оруулалын үзүүлэлт тааруухан байгаа энэ үед Татварын багц хуулийг өөрчилснөөр эдийн засагт ямар ач холбогдолтой вэ гэсэн асуулт нэгдүгээрт тавигдах нь зүйн хэрэг. Учир нь Татварын багц хуулийг шинэчлэх замаар гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж санхүүгийн асуудалд орчихоод байгаа бизнесийнхэнд улам том дарамт учруулах вий гэсэн болгоомжлол байна.
Харин зарим эдийн засагчдын зүгээс Татварын хоёр дахь шатны шинэчлэлтийг яаралтай эхлүүлэх, эхний ээлжинд НӨАТ-ын хуулийг шинэчлэх, мөн Санхүүгийн өршөөлийн хуулийг баталснаар далд эдийн засагт байгаа асар их хөрөнгөөр эдийн засагт хөрөнгө оруулах боломж бүрдэнэ гэж үзэж буй юм. НӨАТ-ыг өөрчлөх асуудлыг хоёр жил дамжин ярьсан боловч өнөөдөр нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй, босго дээр 50, 100, 200 сая гэсэн гурван хувилбар яриад сууж байгаа. Мөн НӨАТ-ыг гурав болгож бууруулъя гэсэн саналыг гаргаж буй гишүүн нь бий. НӨАТ-ыг шинэчлэх шаардлага бий юу гэвэл байгаа. Энэ татвараас болж иргэд гудсан дороо их хэмжээний мөнгө нуух болсныг эдийн засагчид шүүмжилж, татварынхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Өнөөдрийн хувьд НӨАТ манайд худалдааны татвар маягаар хэрэгждэг, тиймээс НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгох, мөн аж ахуйн нэгжүүд, иргэдэд төлсөн татварынх нь тодорхой хэсгийн жилийн эцэст олгох тухай Засгийн газар хуулийн төсөл өргөн барьсан. Ямар ч байсан энэ хаврын чуулганаар НӨАТ-ын шинэчлэлтийн хэлэлцэх нь гарцаагүй бөгөөд энэ нь байгаа оносон хууль батлагдаасай гэсэн хүлээлтийг бий болгоод буй. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг өөрчлөх нь зөв ч яаж өөрчлөх вэ гэдгээ судалгаа, шинжилгээтэй хийхгүй аваас нэмэгдэхүүний байрлалыг солиход нийлбэр дүн өөрчлөгдөхгүй гэдэг шиг ямарч үр дүнгүй шинэчлэлт болчихгүй гэх газаргүй. Тиймээс далд эдийн засагт эргэлдэж байгаа тэрбум, тэрбум ам.долларыг ил болгохын тулд эхлээд НӨАТ-ыг шинэчлэх, дараа нь Санхүүгийн өршөөлийн хуулийг батлах.
Хөрөнгө оруулалт муудаж, эдийн засагт орж ирэх мөнгөний урсгал царцчихаад байгаа энэ үед Санхүүгийн өршөөлийг үзүүлэх замаар дотоодоосоо бараг дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө босгох боломж байгааг Б.Лхагважав ярьдаг. Харин зарим популистууд төсвийн хөрөнгийг хулгайлж бяжсан хүмүүст зориулдсан хууль батлагдах нь гэж харддаг. Санхүүгийн өршөөлийн гаргаж, Монголын компаниудыг нэг гараанаас гарах боломжийг олгосноор татварын орчин илүү тунгалагших гарцаагүй. Санхүүгийн өршөөлийн хуулийг гаргаснаар монголчууд бүгдээрээ НӨАТ төлдөг болно. Арван зургаан жилийн турш зорилгоосоо хазайж ирсэн НӨАТ-ыг зөв гольдролд оруулах, улмаар хар зах зээлд эргэлдэж байгаа их мөнгийг бүртгэх бүртгэлийн системтэй болно. Нөгөө талаар гадаадын оффшор бүсэд байгаа монголчуудынхаа мөнгөөр Монголынхөө хөгжлийг тэтгэж болно. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлэх татварын хоёр дахь шатны шинэчлэлтийн гол мессеж нь байх учиртай юм. Цаашлаад Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварыг шинээр бий болгох нь багцын шинэчлэлтийн нэг ажил. Энэ хууль батлагдсанаар Монголын эдийн засагт тодорхой хэмжээний эерэг нөлөөллийг бий болгон гэж эдийн засагчид тайлбарладаг. Монгол Улсад баян, ядуугийн асар их ялгаа гарсан бөгөөд дэлхийн тэрбумтнуудын дунд манай хэд, хэдэн улстөрчид багтсан билээ.
Тэгэхээр Татварын багц хуулийн шинэчлэлтийн гол зорилго нь төсвийн бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх биш, эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн байх ёстой. Онгорхой цоорхой, дутсан, гацсан бүхнээ цойлдох, нөхөх замаар татварын шинэчлэлт явуулна гэж тооцож байгаа бол эдийн засагт асар их эрсдэл дагуулна. Бизнесийнхэнд бөөн төвөг удна. Харин шинэчлэлт бол эдийн засгийн урт удаан хугацааны хөгжлийн эхлэл гэж үзвэл Татварын хоёр дахь шатны шинэчлэлтийг яаралтай эхлүүлэх нь зөв. Энэ бол УИХ-аар хүлээлгийн танхимд байгаа багц хуулийн онцлог гэж тодорхойлж болно.