Ерөнхий сайддаа ухаа хонгор морь бэлэглэе

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайддаа ухаа хонгор морь бэлэглэе

“Түүх давтагддаг” гэж яах аргагүй үнэн үг юм. Монгол оронд зуугаад жилийн өмнө болж өнгөрсөн үйл явдал өнөөдөр давтагдаж байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын цагаан дээлт Дамдины хүү Сүхбаатар 1920 онд Монгол ардын намыг үүсгэн байгуулж, улс орондоо хувьсгал хийсэн түүхтэй. Ухаа хонгор морьтой улсын их жанжин Д.Сүхбаатар тухайн үед ташуурандаа нууц захидал хийгээд Ленинээс тусламж хүсэхээр аугаа их Орос гүрнийг зорьж байсан талаар дунд сургуулийн су­рах бичгүүдэд бичсэн байдаг. Жанжин Сүхбаатарын ту­хай мэдэхгүй Монгол хүн хо­вор­доо. Тэгвэл 90 жилийн да­раа яг тэр аймгийн, тэр дун­даа бүр Сүхбаатар сумын Дам­дины Сүхбаатар гэдэг хү­ний хүү Батболд хэмээх эрхэм Ардын намаа шинэчлэн бай­гуулж, дарга нь болж, улс орноо “удирдаж” эхэллээ. Энэ­хүү бэлгэ дэмбэрэлтэй үйл явдалд Сүхбаатар нутгийнхан хагартлаа баярлаж байгаа. Хэт баярласан зарим нь бараг л “Сү.Батболд чинь манай их жанжны хүү нь байж шүү дээ…” гэх ухааны юм ярьж явна. Ингэж их хөөрцөглөх ч таатай эд биш. Харин энэ цагийн Ерөнхий сайдаа эрт цагийн жанжныхаа жинхэнэ хойд дүрээр тодруулъя гэвэл их няхуур ажиллах хэрэгтэй. Түүхэнд ямар ямар үйл явдал гардаг билээ, тэр бүгдийг алгасалгүй дуурайвал бүр гоё болно. Гэхдээ энэ тал дээр сүхбаатарчууд муугүй ажиллаж байна шүү. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг зүүн аймгуудад ажиллах үеэр Сүхбаатар аймгийнхан түүнд нэг тэнзэн ташуур өгч. Тэрхүү ташуурны голд маш чухал бичиг байгаа юм гэсэн. “Эх орноо харийн луйварчдаас чөлөөлөх…” гэх мэт л агуул­гатай юм байгаа болов уу. Зуун жилийн давтамжтай ийм өвөрмөц түүх дэлхийд байхгүй нь лавтай. Одоо бүр сайн ажил­лаад Ерөнхий сайддаа нэг сайхан ухаа хонгор морь бэ­лэглэх хэрэгтэй байна. Тэ­гээд төв талбай дээрээ хоёр “жанжин”-аа зэрэгцүүлж зог­соогоод дурсгалын зургаа та­туулбал бүр ч янзтай шүү дээ. Ялангуяа жуулчдын нү­дийг ч хужирлана биз. За энэ ч яахав. Энэ гоё үйл явдалд нэг л онцгүй юм байна. Ирээдүй хойч маань их жанжны тухай асуултад хариулахдаа их л будилах байхдаа. “Дамдины Сүхбаатар бол их жанжин, үгүй ээ Сүхбаатарын Батболд, ер нь хоёулаа жанжин юм биш үү” гээд л маргах нь гарцаагүй. Гэхдээ аливаа асуулт эргэлзээтэй байх тусмаа илүү мэдлэг шаарддаг юм чинь яах вэ дээ. Ерөөсөө л Ерөнхий сайддаа морийг нь нэн даруй бэлэглэе, сүхбаатарчууд аа. Тэгээд ган болд сэлмийг нь ташаанд нь зүүж өгөөд,  гавъяаны улаан одонг нь энгэрт нь хатгаж өгөөд… За за, бүр явж өглөө…  

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж