
Тэмцээн өглөө 09.00 цагт эхэлсэн бол 14.00 цагт албан ёсны нээлтийн ажиллагаа болох бөгөөд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, ДХИС, ҮБТДС, МУБИС, ЭМШУИС, ХҮРЭЭ, УБДС, Дорнод политехник зэрэг 20 гаруй их, дээд сургуулиудийн 200 гаруй тамирчин оролцож байна. Таеквондогийн УАШТ-д эрэгтэй тав, эмэгтэй гурав нийт найман жинд хурд, хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж буй. Энэ удаагийн тэмцээний онцлог нь “I CROSS” онооны электрон системээр явагдаж байгаа бөгөөд энэ нь шүүгчийн оролцоог багасгахаас гадна хувь тамирчны техник хэрхэн эзэмшсэнээс шалтгаалан өөрийн хүчээр өшиглөж оноогоо авдаг байна. Ингэснээр элдэв маргаан будлиангүй шударга болдогоороо давуу талтайг зохион байгуулагчид онцоллоо.
Уг онооны системийг дэлхийн таеквондогийн холбооноос батлан гаргаж олон улсад өнгөрсөн жилээс тэмцээнд хэрэглэж байгаа ажээ. Монголын Оюутны Таеквондогийн холбоо нь анх 2013 оны гуравдугаар сард байгуулагдсан бөгөөд Монголын оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, таеквондогийн спортыг монгол орондоо сурталчлан таниулах улмаар тив дэлхий, олимпийн медальтан төрүүлэх зорилготой ТТБ болон Таеквондогийн спортоор хичээллэж байсан тамирчин залуус санаа нэгдэн үүсгэн байгуулагджээ. Оюутны таеквондогийн холбоо байгуулагдсан цагаасаа хойш Оюутны шигшээ багийн тамирчдаа сонгон шалгаруулах сорил тэмцээнээ хийн шигшээ багаа бүрдүүлж бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж буй аж.
Монголын баг тамирчид 2013 оны арваннэгдүгээр сард БНСУ-д болсон Азийн 27 орны 400 гаруй тамирчид оролцсон IV удаагийн Оюутны Азийн АШТ-нд амжилттай оролцож, дөрвөн алтан медаль, гурван мөнгөн медаль, хоёр хүрэл медаль хүртсэн. Мөн багийн тулааны төрөлд Дэлхийд таеквондогийн спортоор тэргүүлэгч тэмцээнийг зохион байгуулагч БНСУ-ын багийг буулган авч, аваргын алтан медалийг хүртэж, багийн нийт дүнгээр Монгол улс II байранд орсон бахдам амжилтыг үзүүлсэн. Монголын баг тамирчдыг энэ оны зургаадугаар сард БНХАУ-ын Хөх хотод болох оюутны ДАШТ хүлээж байна. Энэхүү тэмцээнд оролцох тамирчдыг Улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгох юм. Тэмцээн маргааш үргэлжилнэ.