Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Насаараа манаач

Үндсэн хуулийн Цэцийг өнгөрсөн долоо хоногт эзэнтэй болголоо. Ганц хоёр хүнийг эс тооцвол хуучин “манаач” нар нь үндсэндээ үлдэв. Эдэн дотроос хамгийн удаан Цэцэд  ажиллаж байгаа хүнээр Н.Жанцан тодорч байна. Дээрээ хөх тэнгэрээс өөр “дарамтгүй” гэх энэ байгууллагад тэрбээр 19 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ удаа түүнийг улираан томилсоноор дахин зургаан жил “хадаатай” байх эрхтэй боллоо. Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталснаас хойш Цэцэд тасралтгүй ажиллаж байгаа Н.Жанцан 2002 онд Гавъяат хуульч цол хүртэж байсан юм. Энэ завсар Үндсэн хуулийн Цэцийн даргаар зургаан жил буюу нэг бүрэн эрхийн хугацаанд ажилласан. Үндсэн хуулийг удирд­лага болгож шийдвэр гаргадаг, энэ дагуу ирсэн гомдол маргааныг хянан шийдвэрлэдэг уг байгууллагын ги­шүүд ямар ч гэсэн хэсэг хугацааны дараа томилогдлоо. Нэг талаар  “Эцэг хуулийг” өөрчлөөгүй байгаа цагт Цэцэд “цус сэлбэх” талаар ярих нь утгагүй гэсэн мэргэжлийн зарим хү­ний үг энэ удаа батлагдсан гэхэд болно.

Эцгээрээ бус Цэцийн Жанцан гэж дуудуулах хүртлээ “дархлагдсан” түүнийг жишээлэхэд ийм л байгаа. Хэн ч Жанцанг Цэцээс “унагаж” зүрхэлдэггүйг бодохоор хатуухан хэлэхэд  угсаа залгасан, шагналын ал­бан тушаал  юм шиг санагдана. Ерөн­хийлөгчийн зүгээс санал болгосон түүнийг энэ удаа улираасан нь үүнийг бататгаад байгаа юм. Оронд нь нэрийг нь зүтгүүлэх хүнгүйдээ бус “Өө Жанцан гуай байхад яршиг даа” гэсэн хаалт хуульчдын дунд байдагтай ч холбоотой байж мэднэ. Үндсэн хуулийн зарим зүйл, заалт нийгэм, цаг үеэс хоцроод байгааг ам­тай бүхэн ярьж байна. Нийгмийн за­хиалга ч гэхэд болно.

Тиймээс пар­ламентын 2012 оны сонгуулиас өм­нө Үндсэн хуульд гар хүрэх нь ба­раг тодорхой болсон ийм үед үг, үсэг бүрийг нь хамгаалж дуугардаг бай­гууллагын ууган гишүүнээр “ах­луулсан” баг 2017 он хүртэл сууд­лаасаа “ховхрохооргүй” болж, мандат өвөртөлсөн нь бас нэгийг хэлнэ.

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж