
Хэрэг явдлыг хөөвөл, дотоодын ажиллах хүчнийхээ тоог хуурамчаар нэмэгдүүлэн, зохих байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан гэх. Хуульд зааснаар гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр Засгийн газрын хуралдаанаас тогтоож, түүнд багтаах үүргийг Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах алба хүлээж ирсэн. Гэтэл дээрх үүргийг тус албаныхан умартсан бололтой. Эл хэрэг явдал 2012-2014 оны хооронд үйлдэгдсэн болохыг хуулийн байгууллагынхан тогтоосон аж. Тодруулж хэлбэл, энэ нь Хөдөлмөрийн яам бие даан байгуулагдаж, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвд Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах албыг хариуцуулан ажилласан цаг үеэс эхэлсэн байх магадлалтай гэнэ.
Уг нь Засгийн газар, жил тутамд гадаадаас авах ажиллах хүчнийхээ тоог бууруулж, орон зайг нь үндэсний мэргэжилтэй ажилтнуудаараа хангах бодлого барьж буй. Гэтэл энэ ажлыг гардан хэрэгжүүлэх “нөхдүүд” нь Засгийн газрынхаа эсрэг ажилласаныг юу гэж ойлгох вэ?. Засгийн газрынхаа бодлогыг ойлгодоггүй хүмүүс төрийн албанд ажиллаж байна гэх үү, эсвэл Монгол төрийнхөө эсрэг бодолтой хүмүүс төрийн албанд шургалжээ гэж ойлгох уу.
Ямарч байсан, дотоодын ажиллах хүчнийхээ тоог хуурамчаар нэмэгдүүлэх замаар оронд нь харь орны “хар” ажилчдад “виз” олгож, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог олгосныг хэн ч өнгөрсөн хугацаанд мэдэлгүй явж ирсэн нь дээрх үйл явдлаас харагдана. Тэр бүү хэл, Хөдөлмөрийн яам Засгийн газар нь мэдээлэлд нь хууртчихсан “Гадаадаас оруулж ирдэг ажиллах хүчний тоо багасч байгаа” гэж ярина. Монголчууд ч итгэж үнэмшиж, үндэсний ажилллах хүчин зам тавьж, барилга барьж байна гэж бахархана. Гэтэл бодит байдал энэ.
Өөрөөр хэлбэл, статистик мэдээллээр монголчууд олноороо ажилтай болсон дүр зураг харагдах ч хөрсөн дээрээ харийнхан хөдөлмөрийн зах зээлийг эзэлчихсэн хамгийн өндөр цалин авдаг тухай гомдол оргүй биш болохыг энэхүү үйлдлэл гэрчлэх биз. Гэхдээ харь ажилчдыг буруутгах аргагүй, тэд хуулийн дагуу ажиллаж байгаа гэж ойлгож яваа. Яагаад гэвэл тэдэнд Монголд ажиллах эрхийг төрийн байгууллагаас олгосон шүү дээ.
Харин хуулиа чандлан мөрдөж чадаагүй төрийн албаныхны энэ мэт хуудуутай үйлдлийн уршгаар монгол эр хүүхдээ тэжээхийн тулд архины шил цуглуулж гудамж метрлэж явна гэхээр эмгэнэлтэй. Хэчнээн монгол иргэний хийж болох ажлын байрыг ийм замаар тэд үгүй хийгээ бол…
Ашиг л олж байвал, эх орон нэгтнүүдээ ч ажилгүй суулгаж, хоолыг нь булааж авч чадах ховдог сэтгэлтнүүдэд хүлээх хариуцлага гэж байна уу. Хэдий болтол хууль зөрчсөн харь ажилчны импортыг дэмжих вэ. Ард нь монгол иргэн, алсдаа эх орон хохирч дуусах нь.