Манай нам ноён нуруугаа барьж ирсэн шүү

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Манай нам ноён нуруугаа барьж ирсэн шүү

Н.Алтанхуяг: Тавдугаар сарын 6-ныг хүртэл манай нам ноён нуруугаа барьж ирсэн шүү


Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та сая өнөөдрийн (баа­сан гарагийн өглөө) хэв­лэ­лийн тоймтой танилцах шиг боллоо. Тусгайлан хай­чилж, бэлтгэсэн сонины хай­чилбартай танилцахдаа та төдий л ач холбогдол өгөхгүй байх шиг. Улстөрчид уг нь “Миний тухай, түүний тухай юу гээд биччихсэн бол” гээд л өглөөний сонин уншлагад онцгой ач холбогдол өгөөд байх шиг санагддаг юм?

-Би өөрийгөө сонин унш­даг гэж хэлж чадахгүй. Тэгж хэлбэл худлаа болно. Яг үнэндээ сонины мэдээллийн гарчгийг уншаад л орхидог хүн. Ер нь тойм маягаар л хардаг гэж хэлмээр юм уу даа.

-Баасан гарагийн сонины тойм тэгээд танд ямар сэтгэгдэл үлдээв?

-Сонинууд чинь “Ажиг, сураг” гэж толгой дээр нь нэг хөмсөг тавьчихаад ингэсэн, тэгсэн гээд биччих юм. Хүний хийгээгүй, хэлээгүй үйлдлийг тэгж бичсэн байгааг мэдээ гэж үзэх үү, мэдрэмжээрээ бичсэн байна гэж үзэх үү их түвэгтэй. Араас нь хэл ам хийхээр “Ерөнхийд нь ажиг сураг тавьсан юмаа” гэж хэлэх юм байлгүй дээ.

Би 1989 оноос хойш Монголд ардчилсан нийгэм байгуулахын төлөө зүтгэж, тэмцэж ирсэн хүний хувьд чөлөөт хэвлэлийн хөгжил зайлшгүй хэрэгтэй гэж үздэг. Үүндээ ч итгэдэг. Ийм итгэл үнэмшилтэй байдаг болохоор өөрийнхөө тухай гарсан мэдээллийн араас барагтай бол зарга хийдэггүй. Харин хоёр жилийн өмнө нэг сонинг шүүхэд өгсөн. Сүүлийн 20 жилийн хугацаанд ганц удаа л би нэр төрөө сэргээлгэхийн тулд шүүхэдсэн нь тэр.

-Чацарганы тань бизнестэй холбоотой мэдээлэл байсан байх аа?

-Тийм ээ, тэр үед дэгдсэн ханиад томууг далимдуулж улсад өөрийнхөө чацарганыг шахаж байна гэсэн мэдээлэл байсан. Засгийн газарт Тэргүүн шадар сайдын алба хашиж байгаа хүн арай ч тийм муухай зүйл хийж болохгүй гэдгийг би мэднэ. Тэгээд л нэр төрөө сэргээлгэх гэж шүүхэд хандсан. Гэхдээ шүүхэд хандахаасаа өмнө “Уучлал гуйгаад, залруулга гаргачих” гэж хэлсэн. Цаад тал нь тэгэхийг хүсээгүй учраас албан ёсны хууль, шүүхээр нь явах хэрэгтэй юм байна гэж үзээд л өгсөн.

-Улстөрчийнхөө хувьд нэр төрөө хамгаалахыг хүссэн гэж ойлгож болох уу?

-Би нэг их нэр төрөө хамгаалах, сэргээх тухай бодсон юм биш. Гол нь Засгийн газрын нэр хүндтэй холбоотой асуудал байсан. Тэргүүн шадар сайд нь иргэдийнхээ өвчнийг далимдуулж бизнес хийгээд байж болохгүй биз дээ. Би тэр үүднээс нь л шүүхэд өгсөн.

-Сая таны танилцсан “Сураг ажиг” гэдэг хэсэгт УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан тань руу залгаж “Намынхаа гишүүдтэй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зо­ригтыг огцруулах саналыг нь өргөн бариулахгүй байх талаас нь ярилцаач” гэж бичсэн байсан. Тийм яриа утасны цаана өрнөсөн нь үнэн үү?

-Тэгж залгаагүй. Сураг ажгийн шинжтэй иймэрхүү мэдээлэл их гардаг. Түүний л нэг бололтой.

-Та сая “Д.Зоригт сайдыг огцруулах санал өргөн барьсан юм уу. Хэн хэн байгаа юм бэ” гэж байсан. Та өчигдөр /өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг/ болсон үйл явдлын талаар  мэдээгүй хэрэг үү?

-Мэдээгүй ээ. Сая л сониноос мэдлээ.

-Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Д.Ганхуяг гэсэн гурван гишүүний өргөн барьсан энэ саналын талаар та тодорхой дүгнэлт хийж байна уу?

-Энэ бол Ардчилсан намын байр суурь биш. УИХ-ын гишүүд хуулийнхаа дагуу эрхээ эдэлж байгаа хэлбэр гэж харж байна. Иймэрхүү зүйл байх. Бүх асуудал дээр зуун хувь санал нийлдэг нийгмийг бид “арилгасан”. Иймд гишүүдээ дуудаад “Та нар хамтарсан Засгийн газар байгуулаад ажиллаж байхад яагаад ийм асуудал тавиад байгаа юм бэ. Болохгүй шүү” гэж би хэлэхгүй. Харин ямар асуудлыг ямар үндэслэлээр гаргаж тавьж байна вэ гэдгийг анзаарч харах ёстой болов уу. Тавьж байгаа асуудал нь үнэн үү, худлаа юу гэдэг нь чухал. Эсвэл бүр өөр зорилгоор асуудал тавиад байна уу гэдгийг ч ялгаж салгах хэрэгтэй.

-Гол нь тавдугаар цахилгаан станцыг барьсангүй. Энэ ажлыг Д.Зоригт бус өөр сайд хийж чадна гэдэг үндэслэл огцруулах саналынх нь тулгуур шаардлага байх шиг байсан?

-Би үнэндээ ямар үндэслэлээр огцруулах санал тавьсныг нь мэдэхгүй байна. Хуучин цагт намын дарга эцсийн шийдвэр гаргадаг байсан бол манай нам тийм биш. Энэ бол давуу тал. Нөгөө талдаа бас сул тал болдог.

-Сул тал гэхээр та аль өнцгөөс нь тайлбарлаж байна?

-Олон нийтэд намынх нь дарга хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдын албан тушаалыг хашиж байхад намынх нь гишүүд нэг сайдыг нь “Огцрох хэрэгтэй” гэж яриад байхаар сонин л санагдаж байгаа байх. Ойлгомжгүй ч гэж хэлмээр юм уу. Гэсэн ч би өөр байр суурьтай гишүүдийн сонирхлыг хаахыг хүсдэггүй. Тэгэх ч эрхгүй. Энд эмзэглэх зүйл байхгүй. Улстөрч хүний хувьд харин энэ санал нь өдөөн хатгалгын шинжтэй үйлдэл байх вий гэдгээс болгоомжилж байна. Цаагуураа 5-6 хүн “Ардчилсан намаас Д.Зоригтыг нь огцруулаад, Ардын намынхан С.Баярцогтыг нь огцруулах замаар засгийг нь огцруулна” гэж ярилцаад иймэрхүү зүйл рүү явчихвал буруу л юм болно. Иймэрхүү мэдээллийг хэвлэлээр их бичих болсон байна лээ. Гэхдээ асуудал шууд ингээд шийдэгдэхгүй шүү дээ. Ярилцана, хэлэлцэнэ. Ерөнхийдөө эцэст нь ноён нуруутай шийдвэр гарах болов уу гэж найдаж байна.

-Д.Зоригт сайдыг огцруулах саналыг хоёр дахь удаагаа өргөн барьж байна. Эхний хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд С.Батболд “Д.Зоригт сайд сайн ажиллаж байгаа” гэж магтсан. Та ч бас ийм байр суурьтай байгаа юу. Мэдээж нэг сайдын бус Засгийн газартай холбоотой асуудал шүү дээ?

-Мэдээж хамтарсан Засгийн газрын асуудал. Бид нар хамтын шийдэл гаргасан зүйл дээрээ хамтаараа л хариуцлагаа хүлээнэ. Түүнээс бус Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжлэхэд зөвхөн Д.Зоригт сайд л хариуцах ёстой гэж хэлэхгүй. Би хэзээ ч хамтын хариуцлагаас бултахгүй, зугатахгүй. Тэр дотроо Засгийн газар ч дангаараа шийд гаргаад байгаа юм биш. Оюутолгой, Тавантолгойн асуудлыг УИХ, Засгийн газар хоёр хамтдаа л шийдсэн. Иймд энд асуудал байгаа бол хамтдаа л хариуцлагаа хүлээх ёстой. Энд харин сайн, муу ажилласан гэж нэг сайдыг дүгнэх боломжгүй. Ямар багш нь сурагчаа дүгнэж байгаа хэрэг биш дээ.

-Та С.Баярцогт сайдыг огцруулах яриа хөөрөө хаалганы цаана өрнөөд байгаа тухай дурс­лаа. Энэ хоёр сайдын асуудлаар дамжуулаад улс төрийн хуйвал­дааны замаар хамтарсан Засгийн газрыг огцруулах өдөөн хатгалга хийх вий гэсэн өөрийн тань санааг тодруулмаар байна?

-Би УИХ-ын аль ч гишүүнд саналаа тулгадаг хүн биш. Иймд асуудлыг хэлэлцээд эцсийн шийд­вэрээ гаргана биз дээ. Үүнээс илүүг ярих хэрэггүй байх.

-Гэхдээ Ардчилсан намын даргын хувьд танд намынхаа гишүүдийг нэг үзэл санаа, шийдвэр дээр төвлөрүүлэх эрхтэй. Тэр дундаа хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдын хувьд өнгөрсөн хугацаанд амжуулсан ажил, гарсан үр дүнг хамгаалахын тулд гүйцэтгэх засаглалаар оролдохгүй байхыг сануулах үүрэгтэй гэж таныг ойлгоход буруудахгүй болов уу?

-“Хамтарсан Засгийн газар байгуулж, хамтраад ажиллах нь зөв байсан юм байна” гэдэг хандлага өнөөдрийн тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл зонхилж ирсэн. Би шууд тэгж хэлнэ. Түүнээс бус би асуудлыг сэлэмдээд таван хүн эсэргүүцээд байгааг тас цавчдаг хүн биш. Тийм зүйл байх ч ёсгүй.

-Гол нь хамтарсан Засгийн газрын багт өөрчлөлт орох вий гэдгээс болгоомжлох болгоомжлол хоёр намын удирдлага хийгээд гүйцэтгэх засаглалынханд байгаа нь зайлшгүй шүү дээ?

-Би хэлсэн. Өнөөдрийн тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл бүх зүйл, ноён нуруугаараа явж л байна. Цаашдаа ч бас ийм байна гэж найдаж байна. Итгэж байна. Мэдээж би бүхнийг нэг чиглэлд, нэг үзэл бодолд зангидах ёсгүй ч хандлагыг тийш нь чиглүүлэх хүн мөн үү гэвэл мөн. Надад тийм үүрэг бий гэдгийг би үгүйсгэхгүй.

-З.Энхболд гишүүний тэргүүлж байгаа Ардчилсан хүчний хол­бооны гишүүд энэ саналыг өргөн барьсан. Тэд Ардчилсан намын хийж чадахгүй байгаа бүхнийг хийнэ гэсэн ерөнхий зорилготой. Энэ дуу хоолой Ардчилсан намын илэрхийлж чадахгүй байгаа дуу хоолой нь мөн үү. Намын даргын хувьд та тэдний улс төрийн оролцоог шууд буруушаах уу. Аль эсвэл “Тэдэнд эрх бий” гэсэн зарчмаа хадгалж байна уу?

-Анхнаасаа л Ардчилсан хүчний холбоо бол фракц жигүүр биш гэдгээ тэд тодорхой хэлсэн. Төрийн бус байгууллагын үүрэг гүйцэтгэж, намынхаа гишүүдийг дэмжиж ажиллана гэсэн. Би энэ байр суурин дээрээ байгаа гэж найдаж байгаа. Анх байгуулах тухай ярихад нь би “Намын дотор янз бүрийн байр суурь гаргаж ирж, гишүүдээ хагалах үйл ажиллагаа явуулж болохгүй шүү. Тэгж ажиллавал буруу шүү” гэдгийг хатуу хэлсэн. Манай нам олон удаа хагарч, бутарсан учраас эмзэг байдаг. Манай намын гишүүд ч хэрэлдэж, уралцах хэрэггүй шүү гэдгийг анхааруулдаг.

-Нөгөө талд нь Ардын намын ганц нэг гишүүн танай намыг найрсгаар хамтарсан Засгийн газраас гарах цаг болсон. Одоо “Баяртай” гэж хэлэх хэрэгтэй. Нэр хүндтэй үдэлт зохион байгуулна ч гэж байгаа дуулдсан. Та үүнийг улс төрийн хатгаас гэж үзэхгүй байна уу?

-Э.Мөнх-Очир гишүүний ярилц­лагыг л хоёр ч удаа гарчигладгаараа гарчигласан чинь тийм юм хэлсэн байна лээ. Өөр хэн тэгж хэлснийг мэдэхгүй байна. Тэгж үзэж байгаа бол түүнийгээ нам дээрээ ярилцаад, шийдвэрээ гаргана биз.

-Ардын нам тийм шийдвэр гаргавал та хүлээн зөвшөөрөх үү?

-Шийдвэрээ танилцуулбал ярил­цаад л шийднэ дээ. Ямар цавуугаар насан туршид нь наачихсан биш. Бид ард түмний эрх ашгийн төлөө муу хэлүүлэн байж бодитой зүйл хийхийн төлөө хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Би бодитой зүйл хийх боломж байна гэж итгэсэн учраас энд сууж байгаа. Тэр бодлоосоо ухрахгүй. Надад тэр үед “Чи ямар тэнэг зүйл хийчихэв ээ. Ардын намын хөнжилд ороод байхдаа яадаг юм бэ…” гээд л баахан шүүмжлэл хэлж байсан. Тэр шүүмжлэлийг тоогоогүй. Яаж ийгээд хамтраад жаахан ч гэсэн юм хийхийг л хүссэн. Өнөөдөр тэр бүхний суурийг тавьж чадсан. Түүндээ би асар их итгэлтэй, баяртай байгаа. Ингэж хэлэхээр хүмүүс “Юуны суурь тавьчихсандаа баярлаж, хөөрөөд байгаа нөхөр вэ” гэж хэлнэ байх. Ямар ч байсан суурийг нь тавьчихсан учраас дөрөв, таван жилийн дараагаас Монгол мундаг болно л гэсэн үг. Үүндээ огт эргэлзэхгүй байгаа. Тэр бүхний эхлэлийг би тавилцсандаа баяртай байгаа.

-Суурь гэдэгт та яалт ч үгүй Оюутолгой, Тавантолгой, төмөр зам гээд л дурдах байх. Тийм үү?

-Дээр нь авто зам, орон сууцны зургаан хувийн хүү, Кембрижийн их сургуулийн хөтөлбөрийг Монголд нутагшуулах гээд олныг дурдаж болно.

-Оюутолгойн хувьд асуудал тодорхой. Хөрөнгө оруулалтын гэрээгээр тайлбарлагдана байх. Харин Тавантолгойн хувьд оньсого мэт асуудал олон бий. Наад зах нь, дэлхийн хөрөнгийн бирж дээр IPO хийхэд туслах ёстой Германы “Дойче” банкны талаар хэл ам татрахгүй байна. Хамгийн сүүлд Америкийн Засгийн газар шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Гэтэл манайх итгэлтэй түншээр тодруулчилсан байгаа. Энэ чинь хамгийн эхний асуудал биш гэж үү?

-Ганцхан банк шалгаруулаагүй шүү дээ.

Тавантолгой гэдэг том ордоо ашиглах гэж байна. Ийм том ордыг олон улсын зах зээл дээр гаргах туршлага бидэнд байхгүй. Тийм учраас хоёр, гурван банкнаас зөвлөх үйлчилгээ авахаар болсон. Ганц “Дойчё” банк байгаа юм биш. Манайх “Дойче” банкны талаар асуудал үүсэхээр л бүх зүйл болохоо байчихаж байгаа юм шиг ойлгоод байх юм. Болохгүй бол дахиад л сонгон шалгаруулалт явуулж нэмж банк авна биз.

-Иргэдэд хэзээнээс хувьцааг нь олгох төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Ирэх оны эхний саруудад бүх зүйл тодорхой болно.

-УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө иргэд Тавантолгойн хувьцааг гар дээрээ авч чадна гэсэн үг үү. Иргэд хүлээлтийн байдалд шилжсэн учраас тодорхой хариулт өгөхгүй юу?

-Чадна. Бид түүний төлөө ажиллаж байгаа.

-Гэтэл хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд “Ганц хүрз нүүрс олборлоогүй, дэд бүтцийн хомсдолтой ийм орд газрын лиценз эзэмшиж байгаа компанийн хувьцааны ханш асар багаар үнэлэгддэг. Засгийн газар зөвхөн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд баялгаа ингэж үнэгүйдүүлэх хэрэггүй” гэх шүүмжлэл өрнүүлж байна. Та бүхэн сонсоогүй биш сонссон л байх ёстой доо?

-Тэр үнэн шүү дээ.

-Тэгвэл мэдсээр байж яагаад яараад байгаа юм бэ?

-Хувьцааны ханшийг үнэ хүргэхийн тулд л бид гадны турш­лагатай зөвлөх үйлчилгээ үзүүлдэг банкуудыг сонгосон. Дээр нь, дэлхийд нэр хүндтэй оператор компаниар нүүрсээ олборлуулах ёстой. Удахгүй сонгон шалгаруулалтын дүн гарна. Стратегийн хөрөнгө оруулагчийн хувьд ч адилхан. Дэлхийн шилдэг 15 компани өрсөлдөж байгаад өнөөдөр хоорондоо нэгдээд зургаан консерциум байгуулсан байна. Тэдэнд бид дахиад ч дотроо нэгдэх шаардлага тавьж байгаа.

-Баруун цанхад ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтаас Орос, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан консерциум ялалт байгуулах нь гэсэн ерөнхий хандлага олон хүнд төрсөн байна билээ. Орос төмөр замын тээврийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулж, Өмнөд Солонгос Монголд төмөр зам барих санхүүжилт олгох тохиролцоонд хүрсэн болохоор тэр байх?

-Хэлэлцээр хийж байгаа болохоор яг энэ талаар тодорхой ярих эрх надад байхгүй. Өөрийн тань хэлснээр оросууд төмөр замын тээврийн хөнгөлөлт үзүүлэх гэрээгээрээ давуу юу гэвэл давуу. Нүүрс ухдаг технологиороо АНУ-гийн “Пибоди энержи”, “Шинхуа” агентлаг давуу юу гэвэл давуу. Бид нүүрс, хувьцаагаа үнэд хүргэх зорилго тавьж байгаа учраас стратегийн хөрөнгө оруулагчийн тал бүрийн давуу талыг нь харж сонгоно.

-“Эрдэнэс МГЛ” ХК-ийн удирдлага “Хүний хөгжлийн сан”-д 300 гаруй тэрбум төгрөг нийлүүлэх үүрэгтэй. Гэтэл нэг ч төгрөгийн орлогогүй. Тэгсэн хэрнээ өнгөрсөн сард хаанаас олсон нь ойлгомжгүй 25 тэрбум төгрөгийг “Хүний хөгжлийн сан”-д өгсөн байсан. Энэ талаар холбогдох дарга нараас нь тодруулахад “Хулгай хийчихсэн юм” гэдэг марзан хариулт өгсөн. Би таныг арай ийм хариулт өгөхгүй болов уу гэж найдаж байна?

-Хулгай хийх, нуух зүйл энд огтхон ч байхгүй. Үүнийг “Эрдэнэс МГЛ”-ээс асуух ёстой. УИХ-аас үүрэг даалгавар өгсний дагуу тэд “Хүний хөгжлийн сан”-д хуримтлал бүрдүүлэх ёстой. Нөгөө талдаа сртатегийн хөрөнгө оруулагчаас урьдчилгаа төлбөр авах үүргийг УИХ-аас өгсөн.  Тэд энэ үүргээ биелүүлсэн.

-Тавантолгойн лицензийг барь­цаалсан гэж айх хэрэггүй юу?

-Лиценз барьцаална гэж байхгүй ээ.

-Ямар ч аргаар байсан хамаа­гүй. Гол нь “Хүний хөгжлийн сан”-гийн төсвийг бүрдүүлэх ёстой гэж ойлгож болох уу?

-Ямар ч хамаагүй аргаар гэж хэлж болохгүй л дээ. Дэлхийн санхүүгийн зах зээлд мөнгө босгох олон арга байдаг юм билээ. Хуулийн хүрээнд тэр бүхнийг ашиглах эрх нь тэдэнд бий. Манайхан ер нь мөнгөнд ханддаг хандлагаа өөрчилмөөр байна. Төсөвт байгаа мөнгөндөө хавчигдах бус Концесийн тухай хуулийн хүрээнд санхүүжилт олж хэвших хэрэгтэй байна. Урьдчилгаа төлбөр, зээл авах замаар өнөөдрийн ажлаа амжуулдаг, үйлдвэрээ босгодог байх хэрэгтэй.

-Хамтарсан Засгийн газрын уур амьсгал дандаа сайхан байна гэж байхгүй. Танд гэхэд өөрийнхөө байр сууриас татгалзаад, үгээ залгиж, чимээгүй өнгөрүүлэх үе бишгүй олон гардаг байх. Тийм үү?

-Би их олон зүйлийг дотогшоогоо шингээдэг хүн. Номхон хүлцэнгүйдээ тэгж шингээгээд байгаа юм биш. Том эрх ашгийн үүднээс л тэгж шингээж байгаа. Намайг доромжилж байгааг ч шингээдэг.

-Нөгөө намын доромжлолыг уу?

-Нам дотроос маань доромжилж байгааг  ч би шингээдэг. Нөгөө на­мын­­хыг ч адилхан. Мэдээж хам­тарсан Засгийн газар дээр гэхэд л на­дад таалагдахгүй, миний бодлоос өөр шийдвэр гарна. Би чимээгүй шингээгээд л өнгөрөөдөг. Тэр бүх­нийг сөхөөд яривал ярьж чадна. Гэхдээ тэгдэггүй. Мэдээж байр суурин дээрээ байх үе ч байдаг. Гэхдээ ерөнхий дүн нуруу болоод байгаа учраас би энд сууж байгаа. Бүр болохоо байвал энд ингээд суугаад байна гэж байхгүй л дээ.

-Хувь улстөрчийнхөө амбиц, эрх ашгийг ямар үед илэрхийлдэг вэ. Хэдийгээр хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдын хувьд хэлээ хазах үе байх ч гэсэн улстөрч хүн хэзээ ч өөрийнхөө амбицыг хаалганы цаана хаяна гэж байхгүй шүү дээ?

-Тийм ээ. Би маш их амбицтай хүн. Түүнийгээ маш их шингээдэг хүн. Гэхдээ миний амбиц өнөөдөр харагдахгүй. Миний амбиц Мон­голын төлөө л юм хийх юмсан гэдэг үед хөдөлдөг. Тэгээд “Хамтарсан Засгийн газар бас ч гэж тэр үед юм хийжээ” гээд 5-10 жилийн дараа, магадгүй 20 жилийн дараа дурсагдана гэдэг бол миний амбиц. Түүнээс бус өнөөдөр намайг юу гэж магтаж, юу гэж муулах нь чухал биш. Үүгээрээ би бусад улстөрчөөс ялгаатай.

-Ирээдүйн амбицийнхаа төлөө энд ажиллаж байгаа гэж үү?

-Тийм ээ. Би тийм амбицтай учраас хамтарсан Засгийн газарт орсон. Тэр үед одоогийн Засгийн газрын олон гавъяаг бидэнд нааж ярина гэдэгт итгэдэг. Тийм ч учраас би “Буруу” гэж хүмүүсийг хэлэхэд “Зөв” гэж хэлээд энд орсон. Надад энэ талаар огтхон ч эргэлзээ төрж байгаагүй шүү.

-Та хоёр Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байна. С.Баяр, С.Батболд гэсэн хоёр Ерөнхий сайдын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь их гайгүй шүү. Мэдээж хувь хүний зан чанарт нь ялгаа байгаа. С.Баяр дарга Ерөнхий сайдаар жил гаруйн хугацаанд ажил­лахад хамтарсан Засгийн газ­рын ерөнхий чиг шугам дээр бид тохиролцож чадсан. С.Батболд сайдын үед жижиг, сажиг зүйл дээр санал зөрөлдөх үе байдаг. Харин яг улсын төлөөх том эрх ашиг дээр их сайн ойлголцож ажиллаж байгаа.

-Ардчилсан намын зарим гишүүн “Ардын намын удирдлага хийгээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зөрчил цааш сунжрах нь манай намд ашигтай. Энэ дунд нь бид УИХ-ын 2012 оны сонгуульт ялалт байгуулах боломжтой болох нь” гэж баярлаад байх шиг байсан. Таны хувьд үүнийг яаж харж байна?

-Ардын  намд болж байгаа энэ зөрчил маргаан манай намд маш олон жилийн турш болж ирсэн. Би 20 жил тэр дотор байсан учраас энэ зовлон бэрхшээлээ хурдан туулаасай гэж хүсч байгаа. Түүнээс бус манай өрсөлдөгч нам учраас “Сайхан зодолдоод өгөөсэй” гэж алга ташаад суудаг хүн би биш.

-Таныг Ард түмний их хурал­дайгаас Монголын тэргүүн 15 олигархийн нэгээр нь “өргөмжилсөн” байсан?

-Тэгсэн л байсан. Тэр нь тэгээд онигоо болоод дуусч байгаа юм биш үү.
 
-Яагаад вэ. Харин ч их олон ний­тийн дэмжлэг аваад байх шиг байсан. “Энэ 15 хүнийг л  Монголын төрөөс зайлуулчихвал Монгол Улс хөгжинө” гээд л их сүртэй тунхагтай юм билээ?

-Би тэрийг ёстой анзаараагүй. Харин надад нэг хүн “Хулгайчийг бариарай гэж хулгайч хашгирдаг байсан юм” одоо харин “Олигархи гэж олигархиуд нь өөрсдөө зохион байгуулж, бусдыг хашгируулдаг болжээ” гэж хэлж байсан. Би тэр хүний үгийг их ортой юм байна гэж бодсон шүү.

-Та Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг хэлэх шиг боллоо?

-Тэгж ойлгож болох л байх.

-Зарим нь “Би олигархи биш шүү дээ. Андуурсан байна” гээд л гом­доллоод байгаа дуулдсан?

-Би сонгууль шиг ард түмний санал асуулга явуулж, тодруулсан бол тодорхой хэдэн үг хэлчихмээр байна. Түүнээс бус хэдэн хүн нийлж байгаад цаасан дээр 15 хүний нэр бичээд, түүнийгээ олигархиар “шалгаруулна” гэдэг бол байж боломгүй зүйл. Надад үнэхээр инээдтэй санагдаж байгаа.

-Гэхдээ нэг хүн ч бас биш юм шиг байна лээ. Бүхэл бүтэн 900 гаруй хүний санал асуулгын дүн гэсэн шүү дээ?

-Наад 900 хүний чинь дэргэд дахиад 900 хүн суулгаад, эсрэг санал гаргуулахад ядах зүйл байхгүй. Хамгийн гол нь тэглээ гээд Монголын ард түмэнд хохиролтой байхгүй юу. Үнэндээ зарим нэг хүн нь хаврын хаварт гарч ирж, Сүхбаатарын талбай дээр жүжиглээд байхаар бусад хүмүүс нь нэг их ойшоохоо больж байх шиг байна. Гэхдээ би өөрөө 1990-ээд онд адилхан жагсаал цуглаанд оролцоод, зохион байгуулаад явдаг болохоор тэдний дуу хоолойг сонсдоггүй биш сонсдог. Энэ жилийн тухайд Н.Энхбаяр дарга оролцоод, хажуунаас нь Үндэсний шинэ нам гэнэ үү нэг нам нэмэгдээд ирэхээр энэ чинь ард түмний дуу хоолой гэхээс илүү улс төрийн тэмцэл болж хувирч байгаа байхгүй юу. Үүнийгээ ард түмний тэмцэл өрнөж байна уу, улс төрийн зөрчил явагдаад байна уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байх.

-Н.Энхбаяр хийгээд М.Энх­сайхан гэсэн хоёр хүний хувьд аль, аль нь Ардын нам болон Ардчилсан намаас татгалзсан. Энэ шийдвэрээрээ олон нийт “Улс төрийн бохир заваан хүмүүс дундаас тэсэхээ байгаад салж Монгол Улсыг аврахын төлөө тэмцэж байгаа хүмүүс” гэдэг ойлголт төрүүлж байж болох юм?

-Мэдэхгүй ээ. Надад бол хоёр юм бодогддог юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг захын нэг дурак хийдэггүй л байхгүй юү. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Тэргүүн шадар сайдыг ч тэр. Гэтэл ийм алба хашиж байсан хүмүүс яагаад ингээд байгааг би үнэхээр ойлгохгүй байгаа. Өөрсдөө зовлонг нь мэдэх хүмүүс. Тэгэхээр өөр сонирхол байх шиг байна гэж хараад байна. Хоёрдахь нь өөрсдөө байх үедээ яагаад хийгээгүй юм бол гэж боддог. М.Энхсайханыг Ерөнхий сайд байх үед Ардчилсан хүчин олонхиороо засаг барьж байсан. Н.Энхбаярын Засгийн газрын үед цөөнх гэж бараг байгаагүй. Харин ч их боломжтой үед гүйцэтгэх засаглалыг удирдаж байсан хүмүүс.

-М.Энхсайханы Засгийн газрыг таны тэргүүлдэг “Алтан­гадас” фракц унагаасан гэдэг тэмдэглэлүүд байдаг шүү дээ. М.Энхсайхан дарга ч тухайн үед энэ талаар маш тодорхой мэдэгдэл хийсэн байдаг. Хааяа хуу­чин сонин шүүж үзэхэд энэ тухай баримт захаас аван гарч ирэх нь бий?

-Би нэг зүйлийг их сайн ойлгосон. Хүнийг хөндлөнгийн хүн бус өөрөө өөрийгөө унагаадаг юм байна лээ. Унасан хүн өөнтөгч гэгчээр бусдыгаа буруутгадаг. Тэр 1996-2000 оны УИХ-ын үед манайхан өөрсдийнхөө Засгийн газрыг унагаагаад л, түүнийгээ “Бид ардчилалтай” гээд л сайхан тайлбарлаад явж байсан. Нөгөө сөрөг хүчний оролцоо тэнд их байсан. Гэхдээ эцсийн бүлэгт хөндлөнгийн хүмүүс бус өөрөө л өөрийгөө унагасан даа. Тэр бүхэн манай намын түүхэнд эмгэнэлт драмын жүжиг болж л үлдсэн байх.

-Ардчилсан нам УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших сонирхолтой Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээсээ 50 сая төгрөг цуглуулж байгаа. Эхний ээлжийн хандив болох 12.5 сая төгрөгийг хураахаа түр зогсоосон гэж дуулсан.

-Болиулсан зүйл байхгүй. Сон­гуулийн тухай хуулийн нэмэлт, өөрч­лөлт тодорхой бус байгаатай холбогдуулан зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байгаа. Энэ бол шинэ юм биш. Гишүүд маань өгч эхэлсэн.

-Танай намын эмэгтэйчүүд хан­дивын босгыг бууруулж өгөөч гэдэг хүсэлт гаргасан гэж байсан?

-Хуучин нэр дэвшихгүй бол эмэг­тэйчүүд хандивын мөнгөө эргүүлж авдаг байсан. Тэр зарчмаараа л явна. Өөр өөрчлөлт байхгүй.

-Сонгуулийн тухай хуулийн нэ­мэлт, өөрчлөлт холимог тогтол­цоо гэсэн хэрнээ нэг л тодорхой бус өөрчлөлтийн тухай яриад байх шиг?

-Өнөөдрийн хувьд тодорхой бус бай­гаа нь үнэн. Манай нам жижигрүүлсэн мажоритари тогтолцоо хэрэггүй гэдэг зарчим барьдгаараа барина.

-Холимог тогтолцоогоо барина гэж үү?

-Холи­мог маягийн л гэж яриад байгаа. Дотор нь тойргийн хуваа­рилалт дээр ярилцах хэрэгтэй байх.

-Ярилцлагын төгсгөлд Ард­чилсан намын байрны барилгын ажил хэзээ эхлэх вэ гэдэгт хариулт өгөхгүй юу. Намын шинэ байртай болохын төлөө нэг л яарахгүй байгаа харагдаад байх юм?

-Бид яарч байгаа. Харин мөнгө л яарахгүй байна даа. Асуудал нь энэ л байна.

-Ярилцсанд баярлалаа.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж