“Red Bull”, ялангуяа Феттель хамгийн хурдан нь

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

“Red Bull”, ялангуяа Феттель хамгийн хурдан нь

“Формула-1”-ийн улирлын дөрөв дэх гараа болох Туркийн гран-при уралдаан өчигдөр болж, “Red Bull”-ын хослол эхний хоёр байрыг эзэллээ. Гараанаас бариа хүртэл тэргүүллээ хадгалснаар аваргын тавцанд гарсан дэлхийн аварга Себастьян Феттелийн араас түүний багийн анд Марк Уэббер, дэлхийн хошой аварга Фернандо Алонсо нар хурдалжээ. Стамбулд болсон тус гараанд 2008 оны дэлхийн аварга, “McLaren” багийн Льюис Хэмилтон дөрөвт, түүний багийн анд Женсон Баттон зургаад, харин тавдугаарт “Mercedes” багийн герман нисгэгч Нико Росберг бариалсан. Баттон гурван удаа зогсолт хийх стратегитэй уралдсан нь түүний алдаа байсан гэж болно. Гэтэл бусад гол өрсөлдөгчид бүгд дөрвөн удаа пит-стоп хийсэн юм. Харин Баттоны араас “Renault”-гийн герман нисгэгч Ник Хайдфилд, түүний орос хамтрагч Виталий Петров нар хурдалсан байна. Түүнчлэн оноо бүхий эхний 10 байрт “Toro Rosso” багийн Себастьен Буэми, “Sauber”-ын япон залуу Камуи Кобаяаши нар багтжээ.

Харин дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер тэргүүлэгчээс 85 секундээр хоцорч, 12 дугаарт барианд орсон байна. Түүний өмнө “Ferrari”-гийн Фелипе Масса бариалжээ.

Феттель ийнхүү улирлын дөрвөн гарааны гуравт нь түрүүлсэн амжилтаар нийлбэр 93 оноогоор тэргүүлж байгаа бол “Red Bull” 148 оноогоор зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнийг манлайлж байна.

“Формула-1”-ийн ДАШТ-ийг тэргүүлэгчид /Туркийн гран-пригийн дараах байдлаар/:

1. Себастьян Феттель /Герман/ – Red Bull – 93 оноо
2. Льюис Хэмилтон /Их Британи/ – McLaren – 59
3. Марк Уэббер /Австрали/ – Red Bull – 55
4. Женсон Баттон /Их Британи/ – McLaren – 46
5. Фернандо Алонсо /Испани/ – Ferrari – 41
6. Фелипе Масса /Итали/ – Ferrari – 24
7. Ник Хайдфилд /Герман/ – Renault – 21
8. Виталий Петров /ОХУ/ – Renault – 21
9. Нико Росберг /Герман/ – Mercedes – 20
10. Камуй Кобаяаши /Япон/ – Sauber – 8
Зохион бүтээгчдийн цом:
1. Red Bull – 148 оноо
2. McLaren – 105
3. Ferrari – 65
4. Renault – 42
5. Mercedes – 26
6. Sauber – 8

С.Цэлмэг

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж